Тусгай хамгаалалттай газруудын хог хаягдлын асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Галтай ярилцлаа.
-Дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан аялал жуулчлалын бүс нутгуудад хог хаягдал, байгаль орчин сүйтгэх асуудал их гарч байна. Энэ жил тусгай хамгаалалтын газруудад хог хаягдлаас эхлээд байгаль орчны ямар асуудлууд үүссэн бэ?
-Энэ жил өмнө жилүүдтэй харьцуулбал хөдөө орон нутгийн аялал зугаалга маш их байна. Үүнтэй холбогдуулан байгалийн үзэсгэлэнт газруудад, нуур цөөрмийн дэргэд маш их хүний бөөгнөрөл үүсч, үүнийхээ хэрээр хог хаягдал их хуримтлагдаж, ариун цэврийн 00-ын асуудал их үүссэн. Мөн машин их зорчсоноос үүдэн бэлчээрийн болон газрын хөрсний доройтол, талхагдал их гарсан. Манай улсын байгалийн үзэсгэлэнт газруудын ихэнх нь улсын тусгай хамгаалалтад байдаг гэж хэлж болно. Улсын тусгай хамгаалалтын газрууд болох байгалийн цогцолборт газруудад 00 болон хогийн цэг байрлуулж болдоггүй. Яагаад гэвэл хогийн цэг байхаар л хүмүүс хогоо хаяад байдаг. Тэгэхээр бид нар бүх Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадаас 2020 оны долдугаар сарын 1-31-ний хооронд мэдээг авч нэгтгэн Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлд танилцуулж, цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга хэмжээний саналуудыг боловсруулж ажиллаж байна. Хог хаях асуудал их гараад байгаа учир бид аргаа бараад хогийн цэг болон тусгай хамгаалалттай газрын орох, гарах зам дагуу камер суулгая гэж ярьсан. Саяхан гэхэд л хогоо авч явчхаад гуу жалга руу хаясан хүнийг алсын камераас хараад бидэнд мэдээг нь ирүүлсэн байна. Аялагчдын хандлага өөрчлөгдөж байна гэдэг нь худлаа. Зарим аялагч нарийн арга нарийсаж хогоо тэндээ хаяхгүй авч явж байгаад жоохон явж байгаад гуу жалга руу хаячихдаг юм байна. Ингээд борооны улмаас өнөө хог хаясан жалганд үеэр бууж хаясан хог нь ул бүр байгальд тархах асуудлууд гарсаар байна.
-Тусгай хамгаалалттай газрууд 00 болон хогийн цэг байх ёсгүй гэлээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Хог хаягдлын тухайн хууль гэж байдаг. Энэ хууль нь 2017 онд шинэчлэгдэн батлагдсан байдаг. Тус хуульд хог хаягдлын талаар нэлээн сайн сууж өгсөн боловч манай тусгай хамгаалалттай газрын орчны тухай хууль болон тусгай хамгаалалттай газруудад хэрэгжиж байгаа журмуудад хог хаягдлын асуудал дээр ингэж ажиллана, төсөв мөнгө нь ингэж гарна гэсэн ямар ч зохицуулалт байдаггүй. Дээр хэлсэнчлэн ерөнхийдөө Тусгай хамгаалалтын газруудад хогийн цэг ч байх ёсгүй. Гэхдээ жилийн жилд Тусгай хамгаалалтын байгалийн үзэсгэлэнт газруудад дээр хэлсэн хог хаягдал, газрын элэгдэл, 00-ын асуудлууд гараад байгаа учир бид үүн дээр тусгай бодлого гаргаж ажиллах хэрэгтэй гэж үзэн ажиллаж байна.
Үүнийг шийдвэрлэхийн тулд нэгдүгээрт тухайн байгалийн үзэсгэлэнт газарт нэгдсэн авто зогсоол байх ёстой. Үүний дараа нэгдсэн нэг маршруттай байна. Маршрутаа дагаад тохижилтуудыг хийнэ. Тэгэхдээ ингэсэн ч жуулчид их ирж, хөрсний даацад нөлөөлөөд байх учраас даацыг багасгах тал дээр ажиллана. Өөрөөр хэлбэл жуулчдыг олноор нь зорчуулахгүй хязгаарлана. Мөн аялал жуулчлал нэмэгдэж байгаа шалгаан нь орон нутгийг холбосон замууд юм. Зам шинээр тавьснаар машин бартаа саадгүй Улсын тусгай хамгаалалтын газар хүрч байна. Саяхан гэхэд л Алтай таван Богдод прусс машин очсон байсан. Тиймээс дараа жилээс энэ асуудал дээр яам анхаарч дураараа уул хадаар дээшээ өгсдөгийг болиулна. Замыг хааж нэг, хоёрхон орох, гарах хаалга бий болго. Ингээд тэр хаалганы хажууд авто зогсоол, 00, хогийн цэгүүдийг байршуулна.
-Аялагчдын хаясан хогийг цэвэрлэдэг хүн нь тусдаа байдаг уу. Эсвэл байгаль хамгаалагчид хийдэг үү?
-Дээр хэлсэнчлэн тусгай хамгаалалтын газрын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн журам байдаггүй учраас одоохондоо байгаль хамгаалагчид маань цэвэрлэж байгаа. Байгаль хамгаалагч байгаль, ан амьтнаа хамгаалах ёстой байтал жуулчдын хаясан хогыг цэвэрлэдэг ТҮК-ын ажилчид биш шүү дээ. Гэтэл байгаль хамгаалагчид хог түүж байх хооронд явах ёсгүй газраар машин явж, зөвшөөрөлгүй загас агнаж, рашааныг их хэмжээгээр савлаж авах гэх мэт асуудлууд дээр очиж ажиллаж чадахгүйд хүрээд байна. Хүн ихээр очиж байгаа нь байгаль хамгааллын эсрэг асар их нөлөө үзүүлж байна.
-Тусгай хамгаалалтын байгалийн үзэсгэлэнт газруудад үүссэн тэдгээр хогуудыг хааш нь аваачиж устгадаг вэ?
-Бид Тусгай хамгаалалттай газруудад өмнө жилээс эхлэн түр хогийн цэг байршуулсан. Үүссэн хогийг сардаа нэг удаа ойр хавьд байгаа сумын нэгдсэн хогийн цэг дээр аваачиж асгаж байгаа. Дор хаяж 5-170 км зам туулж хогийг асгаж байна. Тэр хогийг өнөө байгаль хамгаалагчид аваачиж асгана. Хогийг зөөж хаяхад хогны машин хэрэгтэй. Гэтэл хогны машин байхгүй учир өөрсдийн био технологийн арга хэмжээ авдаг өөрсдийн машинаар зөөж байна. Ингээд аялагчдын ухамсаргүй байдлаас болж хийх ажлаа хийж чадахгүй, тооцоолоогүй их хэмжээний зардал гарч байна. Яагаад тэр сайхан байгалийг үзчихээд аваад ирсэн хогоо буцаагаад аваад явж болохгүй байгаа юм бэ. Тусгай хамгаалалтын газар үүссэн түр хогийг нэг удаа зөөж асахад багадаа 100 мянган төгрөгийн зардал гарч байгаа. Аялал зугаалга ихэссэнээс хойш байгаль хамгаалагчид маань хог зөөдөг л ажилтай болсон.
Манай тусгай хамгаалалтын газар хог ач, хогийг ангилж ав гэдэг дээр ямар ч зардал суулгаж өгөөгүй байдаг. Тэгэхээр энэ асуудал цаашдаа анхаарч тусгай хамгаалалттай газрын хогийн асуудал шийдэж өгөх төсөв суулгаж, орон тоог нэмэх зэрэг арга хэмжээг авахгүй бол үнэхээр хэцүү байдалтай байна. Бидэнд тийм төсөв байхгүй, хог түүх бидний ажил биш гээд зүгээр суугаад байхгүй ямар ч байсан боломжоороо ажилласаар байна.
-Хог хаясан нь камерт бичигдсэн нь батлагдвал ямар арга хэмжээ авах вэ?
-Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа учир энэ хуулийн дагуу арга хэмжээ авна. Тэгэхдээ бид аль болох торгохоос илүү байгальд хог битгий хая гэж анхааруулж нөлөөллийн ажлуудыг хийж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүрийн журамт үүрэг нь байгаль орчноо хамгаалах гэж заасан байдаг. Гэтэл бид өнөөдөр үүргээ биелүүлэхгүй байна. Иргэд ухамсартай байж хуульд заасан үүргээ биелүүлэх хэрэгтэй.
-Аялагчдыг хязгаарлахаар иргэдээс их гомдол гарна шүү дээ?
-Хашаа хаалт хийгээд иргэдийг хязгаарлах гэхээр ард иргэд маань байгаль хамгаалагчдыг барьж авч зоддог. Монгол Улсынхаа хаана ч явсан бидний дур гэдэг. Хэдийгээр тийм асуудлууд үүссэн ч бидэнд эх орны маань газар нутгаа сүйдэхээс хамгаалах нь нэгдүгээр зорилго. XXI зуунд амьдарч байж яагаад соёлд суралцаж чадахгүй байна вэ. Иргэд үнэхээр зэрлэг аялал жуулчлалыг хийж байна. Ийм байж яаж гаднаас тэр олон жуулчдыг авах юм бэ. Иргэдийг хандлагад нөлөөлөх зүйлсийг манай яамнаас 2017 оноос хойш ярьж байна. Нэг хэсэг нь юм хийх гээд байдаг нөгөө дийлэнх хэсэг нь ухамсаргүй зан гаргаад байгаль орчноо сүйтгээд байдаг. Аз болж манай улс жилийн дөрвөн улиралтай ихэнх хугацаанд хүйтэн. Жилийн дөрвөн улирал дулаан байдаг бол монгол орон сүйрэх юм байна. Монгол хүн өөрийн гараар нутаг ус, газар шороогоо үгүйхийж болохгүй шүү дээ. Монгол хүнд заяасан хамгийн том баялаг бол байгаль орчин. Тиймээс хүн бүр байгаль орчноо хайрлан хамгаалж, сүйтгэхгүй байгаасай.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин