Алтай Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа: “Ковид-19-ийн үр нөлөөг бид түрээслэгчид, нийлүүлэгчдийн хамтын чармайлтаар даван туулж байгаа”
Ковид-19 цар тахлын эдийн засгийн нөлөөлөл хурцаар мэдрэгдэж эхэлж байна. Бизнесийн олон газар ажлын байраа цомхотгож, үүдээ хаалгаа барьж байна. Танай компанийн хувьд ямар арга хэмжээ авч байна вэ?
Энэ айхтар цар тахал өвчин Дэлхий нийтийг тэр чигээр нь донсолгож байна. Хэдийгээр Монголд орж ирээгүй ч гэсэн манай улсын эдийн засагт муугаар нөлөөлж байгаа. Манай групп компанийн хувьд бизнесүүдийн онцлогоос хамаарч янз бүрийн нөлөөллүүд бий болсон, тус бүрд нь тодорхой бодлого, арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Бид бүгдээрээ энэхүү хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар бүх нөөцөө шавхаж байж давж гарна гэдгийг маш сайн ойлгож байгаа.
Тийм байх, Танай групп компанийн голлон анхаарч ажилласан зүйл, чиглэлүүдээсээ хуваалцаач.
Тэгэлгүй яахав. Тэргүүн ээлжинд ажлын байрыг хэвээр хадгалах, ажилчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах бодлогыг тууштай баримталж ажиллаж байна. Үүнд, ажлын байрыг хэвээр хадгалах, боломжит ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, жирэмсэн болон 0-6 насны хүүхэдтэй эхчүүддээ цалинтай чөлөө олгож, гэр бүлдээ анхаарал тавих боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дархлааг нь дэмжих, витаминжуулах, томуугийн вакцинд хамруулах аян гээд олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Онцлон хэлэхэд Имарт дэлгүүрийнхээ бүх ажилчид болон тэднийхээ 12 хүртлэх насны хүүхдүүдийг “Эрүүл мэнд, гэнэтийн осол”-ын сайн дурын даатгалд хамруулсан. Манай группийн охин компани болох Тэнгис кинотеатр олон сар ажиллаагүй ч гэсэн ихэнх ажлын байраа хадгалж цалингийн 50%-ийг ажилчиддаа өгсөөр сая хэвийн үйл ажиллагаандаа шилжээд байна.
Дараагийн голлон анхаарсан бодлого нь түрээслэгчид болон бэлтгэн нийлүүлэгчдэд чиглэсэн ажлууд байгаа. Өндөржүүлсэн байдал зарласан хугацаанд Имарт дэлгүүрүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг бүх түрээслэгч байгуулагууддаа түрээсийн төлбөрийг 20-100% хөнгөлсөн. Тусгайлан Чингис Имарт дэлгүүрийн 5, 6-р давхарт байгаа түрээслэгч нарт өнгөрсөн зуны туршид нэг ч төгрөг авалгүй хөнгөлөлт үзүүлсэн, одоо ч гэсэн шинээр орж байгаа түрээслэгч нарт 6 сарын хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ мэтээр бидний хувьд ажлын байрыг хадгалах, бий болгох, хамтрагч байгууллагуудаа дэмжин ажилласнаар эдийн засгийн идэвхжилтийг хангаж төр засгийн бодлогод өөрийн тодорхой хувь нэмрүүдийг оруулсаар байна.
Танай компанийн хувьд татварын хөнгөлөлт эдэлсэн үү? Мөн хямралтай байна гэж зардал мөнгөө хэмнэх бодлого барьж байна уу?
Улсын төсөвт эхний энэ онд 20 гаран тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Бидний хувьд төлөх ёстой татварын төлөлтөө төлж байна. Өөрөөр хэлбэл төлөх ёстой татвараасаа ямар нэг байдлаар хөнгөлүүлсэн, хойшлуулсан зүйл байхгүй. Харин засгийн газраас Иргэний орлогыг нэмэгдүүлэхийг дэмжих зорилгоор НДШ-д хөнгөлөлт үзүүлсэн. Энэхүү хөнгөлөлт нь ажилтандаа цалин хэлбэрээр гар дээр нь очиж байгаа бодит дэмжлэг болсон. Манай компанийн хувьд энэ жил нийт 2,5 тэрбум төгрөгний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.
Онцгой байдлын үед кино театр, зочид буудлаас бусад үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ард иргэддээ үйлчилгээгээ үзүүлж байсан компаниудынхаа ажилчдын сэтгэл санааг өргөх, энэ аюулт өвчин, болзошгүй эрсдлээс хамгаалах, тэдний ар гэр, үр хүүхдэд анхаарал тавих гээд зардал хэмнэх биш харин ч нэмэлт зардал түлхүү гаргасан. Түүгээр ч зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд чиглэсэн ажлуудаа зогсоохгүйгээр төлөвлөсний дагуу хийж байгаа.
Танай компани болон хувьцаа эзэмшигч болох С.Батболд оффшор компаниудаас маш их хөрөнгө мөнгөө татлаа гэсэн?
Аан тэр гүтгэлгийн чанартай зүйлийг олж уншсан. Манай компанийн болон хувьцаа эзэмшигчийн нэр төрд халдах гэсэн оролдлого, үндэслэлгүй гүтгэлгийн ажил хийгдээд байх юм. Бид тэр болгонийг анхаараад, хэрүүл зарга хийж байх зав ч олдохгүй юмдаа. Гэхдээ таныг асуусан болохоор хариуцлагатайгаар мэдэгдье: Тэр мэдээнүүдэд дурьдаад байгаа “Монгол толгой майнз” ч гэнэ үү, “Монголиа гоулд холдинг” ч гэнэ үү тэндээс мөнгө татах байтугай тийм компани байдаг эсэхийг ч нь мэдэхгүй. Огт худлаа гүтгэлэг байна лээ. Энэ дашрамд хэлэхэд Алтай холдинг компанийн хэмжээнд тэр дундаа үүсгэн байгуулагч, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдод ямарваа нэгэн оффшор компани, данс байхгүй.
Нэгийгээ гүтгэж, харлуулж, худал мэдээллээр Монголчуудаа талцуулсан, үзэл бодол, итгэл үнэмшлийг нь унагаасан мэдээлэл гаргах нь хэнд ч хэрэггүй. Бас ийм онцгой, цар тахлын үед дархлаанд нь сөрөг нөлөөтэй зүйлийг хийхгүй байх ёстой санагддаг. Аль болох ирээдүйдээ чиглэсэн, хөгжилд уриалсан, шинийг эрэлхийлсэн мэдээлэл, контент гарч байвал бизнесийн бидэнд болон нийт ард иргэдэд илүү сайн нөлөөтэй.
Танай компани сүүлийн үед их хөрөнгө оруулалт хийж сүлжээ дэлгүүрээ өргөтгөж байгаад бас зарим нэг өрсөлдөгчид нь дургуйцдэг юм болов уу?
Улс төр нь байдаг юм уу, бизнес нь байдаг юм уу би мэдэхгүй юмаа. Та бүхэн мэдэж байгаа. Бид 2013 онд Франчайзингийн гэрээгээр 2020 он гэхэд 6-7 ширхэг Имарт Хайпермаркетын том концепцоор Улаанбаатар хотод шинээр барьж нээнэ гэсэн амлалт бүхий гэрээ байгуулж байсан. Гэтэл өнөөдөр 2020 он, олон улсын худалдаа үйлчилгээний стандартад нийцүүлэн 2 салбарыг л барьж ашиглалтанд оруулсан. Энэ нь мөнгө санхүүгийн дутагдалтай л холбоотой шүү дээ. Тухайлбал Имарт Хан-Уул салбарын бүхий л санхүүжилтыг Голомт банкны зээлээр шийдвэрлэсэн. Одоогоор 100 тэрбум гаран төгрөгийн банкны зээлтэй байгаа. Дандаа дотоодын арилжааны банкуудаас авсан зээл. Өөрөөр хэлбэл төрийн болон гадаадын нэг ч банкны зээл байхгүй. Өөр эх үүсвэр байсансан бол яалаа гэж ийм их зээл авч жилийн хэдэн арван тэрбумын хүү төлж суух вэ дээ. Гэхдээ бид их зээлтэй, долларын ханш өссөн, эдийн засгийн хямралын үед бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэмэгдүүлэхгүй, Ковид-19 цар тахлын үед иргэдийг чанартай, шим тэжээлтэй хоол хүнс, бараа бүтээгдэхүүнээр тасалдахгүй хангах үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хичээн ажиллаж байна. Мөн бизнесээ зөв төлөвлөж, үргүй зардлыг бууруулж, хамтрагч бизнесийн байгууллагуудаа дэмжин ажиллаж байж цар тахлаас үүдэлтэй хямрал болон эдийн засгийн хүндрэлийн ард ч гарах болно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин