Б.Бат-Эрдэнэ: Монгол улс Япон, Солонгос автомашины оршуулгын газар биш
Ярилцлага
/
2020-10-28
Монголд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлийн 70 гаруй хувь нь 10 болон түүнээс дээш насжилттай байна. Түүнээс үүдээд приус маркын автомашины батерей муудаж хаягдахад хүрдэг. Тэгвэл аюултай хог хаягдалд тооцогддог приусны батерей хэрхэн устгалд ордог вэ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

- Монголд оруулж ирж буй автомашины ихэнхи хувь нь приус маркын автомашин байдаг. Мөн үүнтэй зэрэгцээд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлийн 70 гаруй хувь нь 10 болон түүнээс жилийн насжилттай байна. Үүнээс үүдээд автомашины батерей муудсан үед хэрхэн хаана устгалд оруулдаг вэ?

- Манай байгууллагын хувьд бол Япон улсын элчин сайдын яамтай холбогдсон. Бидэнд өгсөн мэдээллээр бол тоёота маркын автомашиний батерейг дахин боловсруулах, өөр гадны орон луу экспорт хийх гэх мэтээр ажиллаад явж байгаа хэмээн мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 170 мянган приус маркын автомашин байна. Саяхан бид койкатай уулзсан. Тэдний зүгээс монголд байгаа хуучин, эвдэрсэн тоёота маркын автомашиныг экспортлох, устгалд оруулах үйлдвэр барих ажлыг хөөцөлдөөд явж байгаа юм билээ. Гэхдээ тэр үйлдвэр эхний шатлал буюу эд ангиар нь салгах ажлыг хийж гүйцэтгэнэ. Бидний зүгээс тавьж буй санал бол тухайн автомашиний батерей, хүхрийн шингэнг яах юм гэсэн шаардлага тавьсан. Манай улсын хувьд Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог улс. Тиймээс тээвэрлэлт хийх гэхээр аюултай ачаа тээвэрлэлтэнд орчихдог болохоор тухайн улсын газар нутгаар тээвэрлэлт хийх боломжгүй болчихож байгаа юм. Солонгос улсын хувьд тухайн автомашиныг экспортоор оруулж ирчихээд далайгаар импортолж гаргадаг юм билээ. Тэгэхээр бид нар энэ асуудал дээр үр дүн гарах талаас нь ажиллана.

- Цаашид хийх үйл ажиллагаа тань юу вэ?

- Одоо бид тоёота компанитай харилцаад явж байна. Эхний ээлжинд Монголд байгаа 170 мянган приус маркын автомашины батерейг яах талаар хариу өгөхийг хүлээж байна. Цаашид бид Монголд устгалын үйлдвэр барих нь л хамгийн зөв шийдвэр болж байна. Тэгэхээр бид үйлдвэрлэлийн технологи нь юу байдаг талаар судлаад явж байна. Үүнийг барихын тулд аль нэг компанитай хамтрах уу, аль эсвэл төрийн оролцоотой байх уу гэдгээ шийднэ.

- Дэлхийн бусад орнуудад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?

- Япон улсын хувьд автомашины сан гэж байдаг юм билээ. Тухайн автомашин үйлдвэрээс гараад худалдан авагчид ирэх хүртэл хураамж төлөгдөнө. Түүнээс цаашлаад худалдан авсан иргэн тухайн санд автомашины хог хаягдлын мөнгө гэж тушаадаг. Тэр мөнгөөр үйлдвэр байрьсан. Барьсан үйлдвэрээрээ хуучин автомашиныг устгалд оруулдаг системтэй. Хуулиараа хаанаас худалдаж авна, тэр газараа буцааж өгөх хуультай. Монголд энийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Автомашины татвар төлөхөө болихын тулд тухайн авсан газраа буцааж өгөх юм уу эсвэл устгалын компанид өгч тухайн автомашинаа улсын бүртгэлээс хасуулах системийг бид хэрэгжүүлчихвэл энэ, тэнд автомашин хог болж хаягдахгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.