-Юуны өмнө танай шатрын клуб шилдгийн шилдгээр шалгарсан. Мөн таны хувьд Сүхбаатар хотын хүндэт иргэнээр өргөмжлөгдлөө. Та бүхний хувьд шагналын буухиатай жил боллоо. Танай клуб байгуулагдаад хэр удаж байна. Анх энэ клубийг байгуулах болсон сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Манай клуб 2015 онд Сүхбаатар сумын улсын тэргүүний ЕБ-ын 2-р сургууль дээр байгуулагдсан. Сургуулийн захирал С.Энхтайван дэлхийн банкнаас олгох 3000 еврогийн төслийг шууд шатрын сургалтын хамгийн сүүлийн үеийн материаллаг суурь, тоног төхөөрөмжтэй болоход оруулж, дэмжсэнээр бидний өнөөгийн гараа эхэлсэн. Жишээ нь сүүлийн үеийн ганцхан програм гэхэд л 470 евро, шатрын цаг 90 евро гээд үнэ өртөг ихтэй байдаг юм.
-Өнөөдөр танай клуб хэчнээн гишүүнтэй болж өргөжив. Танай хүүхдүүд нэлээд амжилт өндөр явж байгааг сонсоод ихэд талархдаг шүү. Дэлхийн тавцанд Монголоо, Сэлэнгээ дуудуулж яваа олон шавь нартай болж байх шиг. Өнгөрсөн жилийн амижлтаараа улсын шилдгийн шилдэг клуб боллоо?
-Анхан, дунд, гүнзгийрүүлсэн түвшинд 4 багш, 3 салбарт 200 гаруй хүүхэд шатрын сургалтыг явуулж байна. Энэ жил Монгол Улсын шатрын шилдэг клуб болсондоо маш их баяртай байгаа. 2019 онд Дэлхийн, Ази тивийн, Олон улсын нэрэмжит гээд 50 орчим тэмцээнд оролцож, 200 гаруй медалийг шавь нар маань хүртсэн. Мөн хоёр хүүхэд Олон улсын дэд мастерийн, нэг хүүхэд фиде мастерийн болзол хангасан. Энэ амжилт бол ахмад шатарчид, хүүхдүүд, тэднийг дэмждэг ар гэрийнхэн, шатрын спортыг дэмжиж санхүүгийн туслалцаа үзүүлдэг байгууллага болон хувь хүмүүсийн хамтын үр дүн юм. 2017 онд Дэлхийн болон Ази тивийн аваргын цомыг Сэлэнгэ нутагтаа авч ирээд энэ цомыг нутагшуулах зорилго тавин ажиллаж байна. Амжилтын буухиа маань тасраагүй үргэлжилсээр байна.
-Шавийн эрдэм багшаас гэдэг. Таны өөрийн тань арга барилыг сонирхож болох уу. Ялангуяа оюуны их спортоор хүүхдүүдийг хичээллүүлж, амжилт гаргана гэдэг амаргүй болов уу?
-Багш хүн үргэлж өөрийгөө хөгжүүлж, судалгаа материал дээр ажиллаж байх ёстой юм шиг санагддаг. Мөн өөрийнхөө зааж байгаагаа маш сайн мэддэг, судалгаатай, хуучин болон шинэлэг зүйлийг зөв тайлбарлахад болно доо. Шатрын спорт бол маш хүнд спорт. Олон улсын тэмцээнүүд 10-12 хоног болж, нэг өрөг ойролцоогоор 4-7 цаг үргэлжилдэг. 6 цагийн турш давуу байж байгаад ганц анзааргагүй нүүсэн нүүдэл хожигдол авчирдаг. Ийм л хүнд спорт. Тэгэхээр хүүхдийг 12 өдрийн турш өдөрт 4-7 цаг төвлөрч сургах шаардлагатай болдог. Энэ ч амар даалгавар биш л дээ. Бие бялдар, сэтгэл санаааг нь нэмж бэлдэнэ. Зарим хүүхэд гурван секунд ч суух чадваргүй байдаг.
-Та хүүхдүүдээ насны ангиллаар сургаж байна уу. Эсвэл нийт дунд нь сургалтаа явуулдаг уу?
-Нас, жин, хүйс, шашин шүтлэг, улс үндэстэн хамаарахгүй сургах боломжтой ганц спорт бол шатар юм. 5 настай охин ч 30 настай бахим эрийг хожих боломжтой. Тэгэхээр шатрын мэдлэгээр нь 3-4 ангилж сургалтаа явуулдаг.
-Шатрын спортын онцлогийг товчхон хэлбэл . . . ?
-Шатрын спорт тэвчээр, сонголт, шийдвэр.
-Сүүлийн үед хүмүүс хүүхдүүдээ энэ спорт руу түлхүү хичээллүүлэх болж?
-Дэлхий дахин аль эртнээс маш их судалгаа харьцуулалт хийж шатрын давуу талыг олж хараад “School in Chess” хөтөлбөр батлаад маш олон улс сургуулийнхаа заавал орох хичээл болгосон байдаг. Гэтэл манай Монголд 2016 оноос л шатрыг бага зэрэг дэмжиж эхэлсэн. Шатар нь баруун, зүүн хоёр тархийг зэрэг хөгжүүлдэг маш их давуу талтай. Мөн харьцуулах чадвар, дүн шинжилгээ хийж үр дагаврыг таних, ялж ялагдаж сурах, төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлдэг, төвлөрч сурдаг. Цаашлаад өөртөө итгэлтэй, үр бүтээлтэй болдог. Мөн нийгэмтэй харьцах чадвартай болно. Аливааг хурдан сурдаг, гар утас, зурагтын хэрэглээ багасна. Энэ бүхэн тухайн хүүхдийг бие дааж сурах, бие даасан шийдвэр гаргаж сурахад нөлөөлдөг тархины хамгийн сайн дасгал болж өгдөг. Энэ мэт маш олон сайн тал, давуу чанарыг дурдаж болно. Хүүхэд тоглонгоо оюун ухаанаа хөгжүүлдэг.
-Ер нь шатраар хүссэн хүүхэд бүхэн хичээллэх боломжтой юу?
-Шатраар хүүхэд бүхэн хичээллэх боломжтой ч гар утасны хамааралтай болсон хүүхэд сурдаггүй.
-Дасгалжуулагч багшийн зүгээс шатраар хичээллэж байгаа хүүхдүүддээ юуг эрхэмлэн захиж сургадаг вэ?
-Хичээллэж байгаа хүүхдүүдэд сурсан хугацаа, мэдлэг чадвар, түвшин, хүүхдүүдийн зан чанараас хамаараад бүгдэд нь өөр өөр хандаж үг хэлнэ дээ.
-Та өөрөө энэ спортоор хэдэн настайгаасаа эхлэн хичээллэж эхэлсэн бэ?
-Сургуульд орохоосоо өмнө сурсан байсан. Яг хэдэн настай сурснаа мэддэггүй юм. Өвөөгөө тоглож байхыг л хараад “ингээд нүүчих” гээд өвөөдөө заагаад зогсож байсан. Клуб үүсгэн байгуулах олон шалтгаан байсан. Өвөө маань Чүлтэмсүрэн гээд Сэлэнгэ нутагтаа их сайн шатарчин, аймагтаа бас чамгүй олон түрүүлсэн хүн байлаа. Өөрийн тоглодог шатрыг надад өвлүүлэн үлдээсэн юм. Намайг шатар заагаарай гэж хүссэн байх. Өвөөгийнхөө хүслийг гүйцээх гэж л энэ зам руу өөрийн эрхгүй хөтлөгдсөн. Мөн 2014 онд ганц шавьтай, тэр маань тэр жилээ улсын аварга болоод, Ази болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Олон улсын цол авсан. Энэ амжилтад урамшаад “би ер нь шатар заадаг ч юм уу” гэсэн жижигхэн бодол орж ирээд эргэлзээд байж байтал дахиад 5-6 хүүхдийн ээж, аав нар хүүхдээ шавь оруулья гэж хүссэн. Ингээд гэртээ хичээлээ заагаад эхнэр маань тэр хэдийг их эрхлүүлнэ ээ. Хоол унд хийж өгнө. Одоо хүртэл нөгөө хэд чинь эгчийн хоолыг саначихлаа гээд гүйж ирж хоол хийлгэж байгаа харагддаг юм. Мөн Улсын тэргүүний 2-р сургуулийн С.Энхтайван захирал боломж олгож, анги гаргаж өгөөд тохижуулж өгсөн. Мэдээж, миний ажилд гэр бүлийнхэн маань хамгийн их нөлөө үзүүлнэ шүү дээ
-Танай клуб дээр бас насанд хүрэгчдэд зориулсан сургалт хичэллэдэг байх аа?
-Шатрыг бүх нийтийн спорт болгохын тулд бас насанд хүрэгчдэд 7 хоногт нэг удаа оройн цагаар сургалт явуулж эхэлсэн. Шатар тоглодог хүүхдүүдийн ээж, аав нар их дуртай хамрагдаж байгаа.
-Шатрын спортоор хүүхэд хэдэн настайгаасаа эхлэн суралцвал илүү үр дүнтэй гэж багш, дасгалжуулагчийн хувьд үздэг вэ?
-Хүүхэд өөрийнхөө сонирхдог зүйлийг 4-6 насандаа олж авдаг. Энэ насанд нь шатар сургачих юмсан гэж боддог. 7–с дээш насандаа арай л удаан хойрогдуу сураад байх шиг санагддаг. Мэдээж орчин цагт хүүхдийн сонирхлыг татах их олон зүйл байна шүү дээ.
-Спорт бүхэн л өөр өөрийн онцлог чанар, үр дүн агуулсан байдаг. Оюуны спортын онцлог талаар хэцүү болоод адармаатай зүйл нь юу вэ?
-Өнөөг хүртэл тоглож байгаа хүн төрөлхтний хамгийн эртний тоглоом бол шатар юм. Хамгийн гайхалтай нь энэ тоглоом манай монголчуудаас үүсэлтэй байдаг. Би өөрөө нээх олон спортын төрлөөр хичээллэдэггүй болохоор бусад спорттой харьцуулмааргүй байна. Спорт болгон л хүнийг төлөвшүүлдэг. Шатрын нэг адармаатай зүйл нь цорын ганц гэсэн хувилбар байдаггүй, хэдэн зуун сая боломжит нүүдэл дотроос ганцхан нүүдэл хийх шийдвэр юм. Жишээ нь 2 нүүхэд 72084 өөр байрлал үүсдэг бол, дундаж тоглолтын өрөг 40 нүүдэг гэвэл ойролцоогоор арвын 115-120 зэрэгтэй байрлал үүсэх боломжтой. Энэ дундаас ганц нүүдэл олж нүүнэ гэдэг хамгийн адармаатай санагддаг. Нэг нүүдлийн хариу нүүдэлд 100 хувилбар нүүдэл зөв байсан ч 101 дэх буруу хувилбарыг сонгох ч удаа бий.
-Өнгөрсөн жилийн амжилтаараа танай клуб том шагналын эзэд болсон. Хамгийн гол амжилтаа дурдаач?
-Улаанбаатар хотноо болсон Өсвөрийн улсын аварга шалгаруулах "Цагаан Бэрс-2019” тэмцээнд багийн дүнгээр 1-р байр, Өмнөговь аймагт болсон "Таван толгой цом-2019” тэмцээнд багийн дүнгээр 2-р байрт шалгарсан. Мөн спортын мастер Т.Номиндалай, Т.Түвшинтулга, Н.Түвшинбаяр, Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Чингүн, WCM Д.Цэлмүүн зэрэг шавь нар маань Залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн дэлхийн аварга, "Дэлхийн оюуны их наадам-2019" тэмцээнд тэргүүн болон эхний байруудад шалгарсан. Мөн 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний оролцоо болон амжилт, Монголын Хүүхдийн спортын 6-р их наадамд үзүүлсэн амжилт, Олон улсын тэмцээн, Дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний оролцоо болон амжилтаараа шилдэг клуб боллоо.
-Эцэст нь таны өөрийн тань бодлыг бас сонсож хуваалцмаар байна?
-Шатрын спортын давуу талыг олж харж хөгжүүлж, дэмжиж байгаа бүх зүтгэлтэнд баярлаж талархаж явдаг. Мөн Сэлэнгэ аймагтаа шатрыг хөгжүүлэхэд олон багш, дасгалжуулагч нарыг сургаж бэлтгэх. Мөн шатар тоглох орчныг бүрдүүлж, байр болгоны гадна шатар тоглох сүүдрэвч, шатрын ширээтэй болох юмсан. Ингэвэл ядаж хүүхдүүд гэртээ суугаад зурагт үзээд байхгүй гадаа гарч тоглоно, хүмүүстэй харьцана. Өнөө үед тоглоомын талбай гэж баахан хятадын хуванцар барьдаг болж. Үүний оронд сүүдрэвч ширээ 2 байхад л олон хүүхэд тэнд шатар тоглоно доо. Миний мөрөөдөл бол Сэлэнгээрээ овоглосон “Дэлхийн” олон ухаантнууд төрөөсэй гэж хүсдэг дээ.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин