“Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн асан Мөнхчулууны Зоригттой цахимаар холбогдож ЗГ, УОК-ийн гаргаж буй шийдвэрүүд болон ЭМЯ-наас гаргаж буй зөвлөмжүүдийн талаар ярилцлаа.
Сайн байна уу... Өвөлжөө тавлаг уу. Суурин байна уу, Алтайд ажилтай явна уу?
Сайхан байна. “Бидний цөөхөн монголчууд” төслийн ажлаар Говь-Алтайд ажлаар явж байгаад Коронагийн дотоодын анхны тохиолдол бүртгэгдэхээс өмнөхөн хотод ирсэн. Одоо гэрийн тусгаарлалтад байна.
Гэрийн тусгаарлалтад байна гэлээ. Та бол завгүй байдаг хүн. Эвгүй байна уу? Ямар зүйл амжуулж байна вэ?
Сая явж ирсэн бичлэгүүд, гэрэл зургуудаа цэгцэлж байна. Манай багийн хотод байдаг гишүүд маань гэр гэртээ бас тусгаарлагдсан. Тэдэнтэйгээ холбогдоод ажлаа амжуулаад л байж байна.
УОК, ЭМЯ-наас гэрээсээ битгий гараарай, хүн бүр дэглэмээ сайн сахиарай гэж байна. Та өмнө нь бас тусгаарлалтад орж байсан шүү дээ. 21 хоног, 14 хоног нийлээд нэг сар орчим тусгаарлалтад байх нь. Энэ хэр урт хугацаа вэ?
Би чинь карантений партизан хүн. Дээр үеийн Сарсийн карантед 14 хоног, Москвад гурван сарын чанга карантин, наашаа Дарханы халдвартын тасаг 21 хоног, яармагт гэртээ ирээд 14 хоног гээд нийлээд бараг дөрвөн сарын туршлагатай хүн. Одоо гэр бүлийнхэнтэйгээ хамт ингээд сайхан байж байна. Тийм учраас өөрийнхөө туршлагаас хуваалцаж байна. Түүнээс гадна би сошиалд олон дагагчтай учраас иргэд олон нийтээс надад хандаж тулгамдаж буй асуудлаа хэлж дамжуулж байна. УОК, ХӨСҮТ-ээс ч бас холбогдож тийм шийдвэр, ийм зүйл гаргаж байна гэж хэлдэг.
Хөл хориог ахиад үргэлжлүүлэхээр болж байх шиг байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
Өөр арга байхгүй. Ингэж л коронагийн гинжин холбоог таслахгүй бол болохгүй. Хүн бүр гэр гэртээ байж, амны хаалт зүүж, гараа ариутган угааж, зай барьж, төр засгийн энэ шийдвэрийг дагахаас өөр арга байхгүй. Өмнөх шигээ сайхан, аз жаргалтай байхын тулд хэдхэн хоног тэвчих л асуудал байна.
Таны хувьд ЭМЯ-наас гаргаж байгаа зарим шийдвэртэй санал нийлэхгүй байх шиг байна. Ямар учраас вэ?
Бодлогын түвшинд гарч байгаа шийдвэрүүд зөрүүтэй гардаг. Энэ вирусийн хор хөнөөлийг засаг төр хүн арддаа сайн ойлгуулж чадахгүй байна. Шийдвэр гаргагчид өдөр бүр радио, зурагтаар гарч, өдөр бүр Амбэсалмаа докторын үгийг сонсоод хүнд ойлгуулахгүй л дээ. Шинжлэх ухаанч биш хандаж байгаад л гайхаад байна. Хүчээр ойлгуулах гэж оролдоод байх юм. Хийж байгаа ажил үүргээ зөв хувиарлаж чадахгүй байна. Мэргэжлийн бус хандлага. Ядаж л хүний тархи толгойд гэрээсээ гарч болохгүй гэдгийг мэргэжлийн пи-ар баг хийдэг юм. Эрүүл мэндийн яам бол зөвхөн эмчилнэ, шинжилгээ хийнэ. Тэрнээс биш анхааруулдаг, ухуулдаг байгууллага биш. Олон хүнийг зохион байгуулдаг газар биш. Дээрээс нь манай эрдэмтэд гэхээр надаас ч ах эгч хүмүүс байна. Дандаа орос школьтой. Сурсан мэдлэгээ сэргээж, шинэчилдэг эсэх нь эргэлзээтэй. Хуучны номоор л шинэ зуунд үзээд байх юм. Хэтэрхий хашир байна. 14 хоног тусгаарласан бол хаширлаад ахиад 7 хоног тусгаарласан нь зөв шүү гээд хаширлаад л байх юм.
Зарим иргэд “Корона” бол цар тахал биш. Зүгээр ханиад. Жилд хэд хэдэн удаа ханиад хүрдэг манай улсын иргэд ийм зүйлд амархан мажийхгүй гэх зэргээр дэл сул ярьж байна. Бид илүү дархлаатай гэж ярих... Үүнтэй санал нийлэх үү?
Монголчуудын дархлаа сайн уу гэвэл сайн. Талын нэг давхиж байдаг ард түмэн бол ондоо шүү дээ. Япончууд бол Засаг төр нь ямар шийд гаргана үг дуугүй дагана. Манайд тийм биш байгаа биз дээ. “Бидний цөөхөн Монголчууд” Японд ажиллаж байхдаа монгол хүн ямар гайхалтай юм бэ гэдгийг гайхаж байсан. Үнэхээр өөр шүү. Халдварыг дааж гарах дархлаа бол өндөр шүү. Тэрнээс биш Монголчуудыг тоохгүй халдвар гэж байхгүй.
Сүүлийн үед төр засгийн удирдлагууд КОРОНАВИУРСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ эрэлд гарч байна. Олон нийтийн дунд ч Хятадын вакцин хийлгэхгүй, Орос вакцин хийлгэнэ гэдэг хандлага ч өрнөөд эхэллээ. Тэгэхээр манай улсад аль улсын үйлдвэрлэсэн вакцин хэрэгтэй юм бол...?
Дэлхийн олон улс Вакцин хийж байна. Арилжааны шинжтэй ч байна, улстөрийн хандлагатай, өрсөлдсөн маягийн вакцины өрсөлдөөн өрнөж байгаа. Монголчууд олон жил, олон улсаас вакцин авсан туршлагатай. Тэрчбүүхэл малдаа хүртэл ВАКЦИН худалдан авч өгдөг. Коронагйин эсрэг вакциныг яг тэр улсын вакцин гэхээс илүүтэй олон сонголттой хэлбэрээр л оруулж ирэх нь зөв. Иргэдэд сонголт үлдээх ёстой. Хүн болгонд үнэгүй хийх албагүй. 60 хувьдаа тарина биз. Цаана үлдсэн 40 хувь нь үнийг нь төлөөд тариулах сонголт байх хэрэгтэй гэж үзэж байна.
Яг коронагийн дэгдэлтийн үед УИХ-аар 2021 оны төсвийг баталсан. Үүнд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэвч амжилт олсонгүй. Монголчууд одоо бүгд нэг завинд суучихсан байгаа энэ цаг үед төсвийн хуваарилалт тал дээр танд ямар бодол байна вэ?
Бид одоо ОНЦГОЙ НӨХЦӨЛД орсон учраас онцгой нөхцөлийн төсөв батлах ёстой. Хэн нь ч хэлээд байлаа даа. Цэрэг дайны үеийн байдалд шилжлээ гэж. Тэгвэл яг л тийм нөхцөлийн төсөв боох ёстой. Жирийн амьдралд шилжсэн тэр цагтаа төсвөө ахиад баталж болно. Тийм эрх нь УИХ-д байгаа шүү дээ. Одоо бол тэр хүмүүсийн шүүмжлээд байгаа ХАЛАМЖИЙН ҮЕИЙН БОДЛОГОО хэрэгжүүлэх ёстой. Дөрөв тав дахин нэмж ХАЛАМЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. Ингэж л ямар орлогогүй, мөнгөгүй иргэдээ аврах ёстой. Өөр арга байхгүй.
Халамжаа нэмж өг гэснээс Төрийн тэргүүний зүгээс өрх бүрд НЭГ САЯ төгрөг өгөхийг хүсэж Засгийн газартаа шахалт үзүүлээд байгаа. Гэвч Засаг нь мөнгөгүй гэсэн шүү дээ. Ийм үед яаж ХАЛАМЖИЙГ ХЭД ДАХИН нэмэх вэ дээ. Эдийн засгийн тамиргүй болчихсон шүү дээ?
Монголын эдийн засаг чинь хялбархан шүү дээ. Нүүрс зэсээ зараад л гаднаа доллар олоод ирдэг. Ийм нөхцөлд бол Өмнөговь аймагт онцгой бүс тогтоож хамгаалаад нүүрсээ зараад орж ирсэн мөнгөө ард иргэддээ хувааж өгөөд хэдэн жил ч амьдарсан чадна. Бүтэц зохион байгуулалтаа хийж л байх шиг байна. Гэрийн хорионд байгаа хүмүүст мөнгө л өгнө шүү дээ. Ерөнхийлөгчийн тэр санаачилгын хэмжээ нь ихэдсэн болохоос биш санаа нь зөв. Тэгж л үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжинэ ш дээ. Талхаа худалдаа авчих мөнгийг нь төр өгчихвөл талхны үйлдвэр хэвийн ажиллана. Талхны үйлдвэр хэвийн болно гэдэг бол улсын эдийн засаг эргэлтэд орно л гэсэн үг. Тухайлбал иргэн М.Зоригтод кофе худалдаж авах мөнгийг нь өгчих. Тэгвэл кофены үйлдвэр хэвийн болно. Энэ мэт л дэмжлэгүүд хэрэгтэй байгаа юм. Төрд мөнгө байхгүй нь үнэн. Гадаадад ямар хэмжээний өр төлж байгаа билээ. Улсад татвар төлдөг томоохон аж ахуй нэгжүүд хаалгаа барьж байна.
Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Удахгүй бүх зүйл сайхан болж хөл хорио тавигдаж, хэвийн амьдралдаа шилжинэ. Тэгэхээр “Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөн хаа хүрэх вэ. Дараагийн зорилго юу байна гэдэг асуултаар ярилцлагаа төгсгөе
Баярлалаа. Хүн бүр хичээгээрэй. Монголчууд даван туулж чадна. Дэлхий нийт ч даван туулж чадна. Гэр гэртээ бай. Гараа сайн угаа. Амны хаалт байнга зүү. Хөл хорионы дараа Говь-Алтай руу явах ажил бас бий. Түүнийгээ дуусгана. Дараа нь Америк явах төлөвлөгөөтэй байгаа. Ямар Монголдоо явж байгаа биш. Байн байн ирж чадахгүй учраас нэлээд хэдэн сараар явах байх. За нэг иймэрхүү л төлөвлөгөөтэй байна. Баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин