Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс ДЭМЖИНЭ
Ярилцлага
/
2021-02-26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг болон аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Энэ сарын 23-наас Улаанбаатар хотод хөл хорио суларч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж эхлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас арга зүйн зөвлөгөө үзүүлэн ажиллаж байгаа юм.

-Хөл хорионы хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүдээ хотын зүгээс хэрхэн дэмжих вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнесээ хурдан хугацаанд сэргээн, босгож ирэх ёстой. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ. Энэ чиглэлээр Засгийн газраас хоёр их наяд төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гарсан. Нийт жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн 72 хувь нь Улаанбаатар хотод байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн шиг дэмжье. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүмүүс урдуур нь ороод авдаг бусармаг зүйлийг таслан зогсооно. Иргэд, аж ахуйн нэгжийнхээ ажлын байрыг нь хамгаалж өгнө. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын багт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн урдуур орж, хийж байгаа зүйлийг нь авдаг бусармаг зүйл огтоос гарахгүй. Хэрвээ тийм зүйл гарвал, нийслэлийн 1800-1200 дугаарын утсанд хандаарай. Тал, талдаа хяналттай явах ёстой. Хотын ажилд иргэдийн хяналт хамгийн чухал.

-Хууль, эдийн засгийн чиглэлээр өөрчлөлт хийнэ гэж хэлж байсан. Ямар өөрчлөлтүүд хийх гэж байгаа вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд хөгжлийн дэвшил авчрах гол зүйл бол УИХ-аар батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль байгаа. Тус хуульд хотын эдийн засгийг дэмжих чиглэлээр концесс, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь орон нутагтаа үлдэх зохицуулалт, үнэт цаас буюу бонд гаргах эрхтэй гэсэн заалтууд орсон. Хотын эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ажлыг том бодлогоор хийнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барина.

Энэ хуулиар нарийвчилсан зохицуулалтууд орж ирнэ. Хууль, эрх зүйн шинэчлэлт хийж байж хотын эдийн засаг тулгамдаж байгаа асуудлаа шийднэ гэж бодож байгаа. Энэ зохицуулалтууд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргана гэж харж байна. Үүний төлөө амбицтай, зоригтой ажиллана гэж бодож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.