Д.Сумъяабазар: Би худалч, хулгайч биш бүтээлч, хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн дарга байх болно
Б.Ганчимэг
Ярилцлага
/
2021-03-03
Энэ удаагийн миний зочноор Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар уригдлаа. Энэ бол бидний хувьд анхны ярилцлага, мөн хотын дарга болоод өгч буй эхний ярилцлага нь юм.

Өвөрмөц шийдэл гаргачихаад, тэр бүр тохиолдохгүй онцгой нөхцөл байдлын үед хот хэмээх их айлыг удирдан ажиллаж буй түүнийг ямар нэртэй явж ирснийг бүгд мэднэ. Харин энэ удаагийн стандарт бус шийдвэрийнхээ араас ямар алдартай ирэх бол...


- Олон аавын хүү энэ хотыг удирдаж ажилласан. Тэднээс хотын тууринд нэрээ сийлсэн нь цөөн. Та тэгж чадах болов уу, яах бол.УИХ-ын сонгуульдгурав дахь удаагаа ялалт байгуулаад парламентад орж ирлээ. Хуучин яамандаа томилогдох болов уу гэж харж байсан.

- Тийм үү. 

- Гэвч та стандарт бус шийдвэр гаргасан. Манай улс төрийн түүхэнд байгаагүй үйл явдал. Энэ шийдвэрээрээ та төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийгөө төлөөлүүлж илгээсэн ард түмний сонголтыг орхисон. Хачирхалтай тэр шийдвэрийг тань стандарт бус гэж нэрлэхээс өөр арга алга. Ер нь яагаад ийм шийдвэр гаргасан юм бол. Хоёулаа эндээс яриагаа эхлэх нь зөв байх ?

Уулзаагүй удсан байна. Сэтгүүлч мэргэжил бол амаргүй ачаа үүрдэг, халуун гал атгаж явдаг. Маш хэцүү ажил гэж харж явдаг юм. Мэдээж танд олон асуулт байгаа. Ард иргэдийн дунд гайхсан, тайлбар хүлээсэн нөхцөл байдал байгааг би сайн мэдэж байна. Хууль тогтоох байгууллагад ажиллах ёстой байтал таны хэлснээр стандарт бус шийдвэр гаргасан. Хот гэдэг бол өөрөө их айл. Амьдрал буцалж,зовлон жаргал сүлэлдсэн, их ачаалал эргэлдэж байдаг газар. Би Улаанбаатар хотын унаган оршин суугч иргэн. Энэ л хотод өсөж хүмүүжсэн хүний хувьд хотоо сайхан болгох юмсан, орчин үеийн шийдэл бүхий дэлхийн жишгийн хот болоосой, яаж энэ бүхнийг өөрчлөх вэ гэсэн бодлыг үргэлж тээж ирсэн. Бүгд л бид ийм мөрөөдөлтэй. Дэлхийн олон хот үзлээ. Дэлхийн хотуудын хөгжлийн хандлага, зохицуулалт, төлөвлөлт, үйлчилгээ, соёл гээд олон зүйлийг нь харж, дотроо шатаж, мөрөөдөж, тэмүүлж явдаг мянга мянган хүүхдүүдийнх нь л нэг. Үүнийхээ төлөө ажиллах ёстой гэдэг хүсэл эрмэлзэл тээж явсан. Улаанбаатар хот бол Монгол Улсын онцгой чиг үүрэг бүхий нэгж юм. Төрийн ордон нь байдаг. Бүх шатны яам, тамгын газар нь байдаг. Бүх их сургуулиуд, соёл урлагийн байгууллагууд нь байдаг. Хүн амынх нь 50 хувь нь амьдардаг, нийгэм эдийн засаг, соёл урлагийн гол цөм нь байдаг ийм л их айл. Тэгэхээр энэ хот өөрөө зөв явах ёстой. Ард түмэнд хийж байгаа ажил нь шууд хүрдэг, буруу шийдвэр гаргавал тэр нь ард түмний амьдралд хөрсөн дээр нь буруугаар тусдаг. Шууд утгаараа олон нийтийн хараан дор, тэдний хүрээлэл дотор явдаг ийм онцлогтой. УИХ-ын түвшинд ажиллах нэг өөр. Их хурал дээр хэлэлцэж байгаа асуудал, гаргасан шийдвэр нь эндээс бас нэлээн өөр түвшний зайтай байдаг. Засгийн газрын түвшнээс харахаар бас шатлалтай зай байдаг. Бодлогын асуудлыг нь гаргаад, УИХ-аар өргөн барьж хэлэлцүүлээд, Засаг дээрээ шийдвэрээ гаргаад, хэрэгжилтийн шат руу, аймаг, орон нутаг руу үүрэг өгөхөд тодорхой зай бүхий шатлал байдаг. Процесс тэгж л явдаг. Хотын шийдвэр бол шууд гардаг. Ялангуяа Хотын даргын шийдвэр.Газартай холбоотой, барилгатай холбоотой, нийгэм, соёл урлаг, халамж үйлчилгээ хот тохижилт, дулаан цахилгаан, эрчим хүчний асуудлууд гээд. Тэгэхээр энэ шийдвэр болгоныг зөв гаргах ёстой.

Иргэндээ зохистой хүрч байж энэ хотын ажил үнэлэгдэж дүгнэгдэж явдаг. Ийм л халуун юм руу орчихсон л доо. Үе үеийн хотын удирдлагууд, олон аавын хүүхдүүд энэ их хотын ажил амьдралыг зохицуулах гэж амьдралынхаа тодорхой хэсгийг зориулж ирсэн. Бүгд л хотоо сайн сайхан болгохын төлөө байсан гэж дотроо боддог. Хүсэл мөрөөдлөөс нь зөрдөг, маш их гуйвуулдаг, дайвуулдаг. Нөгөө талаас авилга албан тушаалтай холбоотой гажуудлууд ч их гарч байсан. Хотын даргын дор мэргэжлийн баг ажилладаг. Энэ баг хүчтэй байх ёстой. Ерөөсөө боловсон хүчний буюу хүний нөөцийн асуудал өөрөө олон алдаа завхралын гогцоо болдог гэж би хардаг. Өмнө нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байлаа. УИХ-д, Засгийн газарт ажиллалаа. УИХ-ын гишүүнээс “бууна” гэдэг бол үнэндээ тийм амар шийдвэр биш шүү дээ. Товчхон хэлэхэд, УИХ-д МАН У.Хүрэлсүх даргын бодлого, удирдлага дор дийлэнх суудалтай болж, ганц, хоёр гишүүний суудлаар хүч дутах асуудал үүсэхгүй байх боломж өгөөд сонгогчид дэмжчихсэн. Ийм улс төрийн тогтвортой орчин үүсчихсэн. Дээр нь миний хувьд Нийслэлийн намаа өнгөрсөн орон нутгийн сонгуульд удирдаад НИТХ-ын дийлэнх суудлын дэмжлэгийг нийслэлчүүдээс авчихсан, хамтран зүтгэгчид маань улсын тал хагас болсон нийслэл хотыг удирдах улс төрийн гарцаагүй шийдэл дагасан өндөр үүрэг хариуцлага надад ногдуулчихсан. Ингээд үндэсний хэмжээнд төрийн бодлого тодорхойлогчоос нийслэл хотыг шууд удирдах захиргаа, аж ахуйн өдөр тутмын тулгамдсан ажлуудыг зохион байгуулж зохицуулах ажилд шилжин ажиллах болсон. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн маань сонгогчдын итгэл, төлөөлөл хөсөр хаягдахгүй байж болох боломжуудыг бодож болгоосны эцэст түр зуурын эргэлзээгээ орхиж энэ шийдвэрийг гаргасан. Ийм шийдвэрийг гаргах, хүлээн авахад үнэхээр надад амар байгаагүй. Миний амьдралдаа богино хугацаанд яах аргагүй тал талаас нь бодож гаргасан хамгийн хүнд шийдвэрийн нэг мөн байх.

- Тийм учраас стандарт бус шийдвэр гээд байгаа юм.

Үнэхээр хүнд. Шууд л хүнд хэцүүтэй нүүр тулж ковидын үеийн хямралд ажиллана, байнга шүүмжлэл бухимдал дунд явна гэдгээ мэдэж байсан ч “үүрэг хүлээсэн цаг”-т би хэзээ ч ухарч зайлахгүй шийднэ, зүтгэнэ гэсэн зарчмаа барьсан юм аа.

Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд улс төрд юу юу болж байв. Бужигнаад унахад дагаад нийгмийн тогтворгүй байдал үүсдэг. Үүнээс үүдээд хот дээр төрийн ажил үйлчилгээ доголдох, дутагдах, бодлогын үйл ажиллагаа царцах гээд олон асуудал үүсдэг. Энэ нь Улаанбаатар хотын нэг сая 532 мянган иргэний ажил амьдралд шууд нөлөөлдөг. Хоёр гурван хүний хоорондын толхилцооны буруу үр дүнг иргэд амсах ёсгүй. Тогтвортой засаглал хэрэгтэй. 2020 оны УИХ-ын сонгуульд ард иргэд эрх баригч намд итгэж, 62 суудлыг дахин өгсөн. Намын дарга У.Хүрэлсүх, түүний багт итгэл өгсөн. Энэ Засгийн газар цаашид шударга ёсны үйл хэргийг үргэлжлүүлэх юм байна, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн энэ амаргүй үед тодорхой арга хэмжээнүүдийг авах юм байна, ард иргэдийнхээ амьдрал ахуйг босгож ирэхийн төлөө зүтгэх юм байна, үндэсний хэмжээний үйлдвэрүүд босгох юм байна гэсэн ийм л хүлээлтүүд иргэдэд байгаа. Энэ нь ч орон нутгийн сонгууль дээр ч бас харагдсан. МАН 2016 онд орон нутгийн сонгуульд 34 суудал авсан. 2020 онд 34 суудлыг ард иргэд ахиад өөрсдийн итгэл үнэмшлээрээ өгсөн. Маргахын аргагүй үнэн бол энэ. Миний хувьд залуучуудынхаа дунд ажиллаж, ялангуяа нийслэлийн МАН гэдэг том айлыг удирдаж байна. Нийслэлийн намын байгууллага бол өөрөө их чухал төв. МАН-ын бодлого, үйл ажиллагааг соёл, эдийн засаг, санхүү, захиргааны төв болсон Улаанбаатар хотод зөв явуулах чухал. Тийм ч учраас нарийн зохион байгуулалттай, нягт бодлоготой сонгуульд орохгүй бол ахиад өмнөх жилүүдийн алдаанууд гарахыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдалд байсан. Олон сайхан залуус сонгуульд нэр дэвшиж байдаг, бие биедээ хүлээн зөвшөөрөгдөх, зөвшөөрөгдөхгүй байх асуудал гарах вий. Үүнээс үүдээд элдэв тооцоолшгүй зүйл гарах вий. Улс төрийн тогтворгүй байдал үүсээд “COVID-19”-ийн хүнд үед ахиад хөл толгой нь олдохгүй зүйлс гарах вий гэдгээс нэгдүгээрт маш их болгоомжилсон. Хоёрдугаарт, ер нь намын дүрэм журмаар бол ялсан намын дарга нь тухайн орон нутгийнхаа Засаг дарга болно гэсэн зарчим бий. Бүх дүүрэг нэгж дээр энэ зарчим үйлчилнэ. Дүүрэггүйгээр хот оршихгүй. Хотгүйгээр дүүрэг оршихгүй. Энэ бол амьд холбоо, хэлхээс. Нэг сая 500 мянган иргэний амьдралтай холбоотой асуудал. Ерөөсөө л ийм ачаа үүрч сонгууль удирдаж орсон. Сая нэгжийн хууль батлагдлаа. Ахиад Улаанбаатар хотод дагалдах 27-28 хууль орох юм. Намайг тойргоосоо ард түмний итгэл хүлээж гарч ирчихээд, хотын дарга болоод явчихлаа. Албан тушаалд шунаж байна гэж зарим хүмүүс яриад байх шиг байна. Би бол үүний эсрэг байгаа. Албан тушаал бол дээр байдаг юм. Хотын ажил бол аж ахуйн ажил. Зөв менежмент хийж чадах менежерийн ажил. Дарга гэхээсээ илүүтэйгээр менежер гэж хараад байгаа юм. Шийдвэр гаргахад амаргүй байсан. Намын нөхөдтэйгөө ярилцсан, зөвлөсөн. Өөрийн итгэл үнэмшил, сэтгэлийн дуудлагаа ч чагнасан. Энэ хот гэдэг том айлын суурь нь байнгын ганхаастай явж ирлээ. Сангийн яамнаас мөнхийн хараат. Төсвөөс мөнхийн хараат. Өнгөрсөн 30 жил явж ирсэн ажил, амьдралыг нь бодохоор тэр чигээрээ хүнд хэцүү нөхцөл байдлын түүх. Засаг, хот хоёр хоорондоо байнгын зөрчилтэй явж ирсэн. Дээрээс нь Улаанбаатар хотын харьяа агентлагууд, НЗДТГ-уудын хоорондын уялдаа холбоо ерөөсөө байхгүйтэй адилхан. Баг болж ажиллаж чаддаггүй. Дотроо учраа олж чадахгүй, агентлагуудтайгаа уялдаа холбоо байхгүй. Энэ бүхнээс болоод хотын амьдрал гацчихаад байдаг. Дулаан хангамж, эрчим хүчний хангамж, хот тохижилт, хог, нийтийн тээврийн асуудал. Дээрээс нь хууль эрх зүйн зөв зохицуулалт, эрхийг нь нээж өгөх, нээхгүй байх асуудал, төсөв санхүүгийн дутагдал, нэмэлт хөрөнгө оруулалт, орон сууцны бодлогын асуудал гээд үй түмэн асуудал байж байдаг. Энэ болгоныг зохицуулж байж олон түмний хүлээсэн хүлээлтэд хүрнэ. Тал талаас нь ярилцаж байж, бодож байж шийдвэр гарсан шүү дээ. Мэдээж нийслэлийн намын байгууллагаас шийдвэр гарсан. Удирдах зөвлөлөөр орохоос өмнө удирдлагуудын түвшинд сайтар хэлэлцсэн. Төсөв санхүү хүнд байна. “COVID-19”-ын халдвар эрчимжих нь гарцаагүй байсан. Улстөрчийн хувьд гаргах шийдвэр бол хүнд. Карьер талаасаа яах аргагүй эрсдэл дүүрэн алхам шүү дээ. МАН 100 жилийн түүхтэй нам.Энэ намын хамгийн том цөм нь хотын нам. Хотын намын дарга намаа аваад сонгуульд орчихсон. Ахин сануулахад өнгөрсөн дөрвөн жил бас л бужигнах үедээ бужигнасан жилүүд болж өнгөрсөн. Тэр бүх зангилаан дунд л хотын нам ажилласан. Хамгийн их хардлагыг өөр дээрээ авсан. Тэр хураагдсан зовлон, хотын намын хороог удирдсан хүнд үеүд энэ шийдвэрийн суурь нь байсан. 

  • - Та бол манай үеийн шүтээн байсан залуусын нэг байсан. Оюутан байхдаа та хэдийн барилдааныг үзэх гэж спортын ордонд очдог байлаа. “Энэ Д.Сумъяабазар Улаанбаатараараа нэг дуудуулаасай, сонсож үзэх юмсан. Хотын унаган хүүхэд байна даа” гэж хүмүүсийн ярихыг нэг биш сонсдог байв.Та наадмын зүлэг ногоон дэвжээнээс Улаанбаатараараа дуудуулдаггүй л байсан шүү дээ. Тэгээд одоо тэр “өр”өө төлж байгаа юм уу ?

- Ер нь төлнө шүү дээ. Төлөх ёстой юм чинь. Бүгд төлнө. Энэ хотод төрсөн хүүхэд болгон төлнө. Бүгд л зүтгэж байгаа. 

- Та бас дүүргийн намын хороог удирдаж байсан билүү ?

-Тийм, дүүргийн намын байгууллагыг зургаан жил удирдаж ажилласан. 2012-2018 он хүртэл. СХД-ийн намын хороо тэр үед бас л амаргүй байлаа. Мэдээж эхний үүрэг тэр бүхнийг зохицуулах байсан. Нам гэдэг бол хүмүүсийн олонлог. Уян хатан харилцааг эрхэмлэх ёстой. Хувь хүмүүсийн харилцаан дээр бүх юм суурилдаг.Энэ сууринаас намын харилцаа явна. Мэдээж зарчим, үзэл баримтлал, байр суурь гэх ойлголтууд бий. Энэ бүхний ард аль болох л эв нэгдлийг сахиж ажиллах ёстой. Ер нь бол би нэг хувилбар дээр зогсчихоод хатуурхаад байдаггүй, бүр болохгүй байгаатай нь ганцаарчлан уулздаг, аль болох захицуулах, ойлголцохыг чухалчилдаг арга барилтай л явж зургаан жил ажилласан. Хотын намын амьдрал руу орох суурь бол 2013 оны 27 дугаар их хурлаар тавигдсан. М.Энхболд дарга Хот хариуцсан нарийн бичгийн даргаар хотоос сонгогдсон нэг гишүүнийг намын Удирдах зөвлөл рүү оруулна гэсэн. Эхлээд би жаахан цааргалсан. “Би дүүргийн намын байгууллага удирдаж байгаа хүний хувьд ачаалал дийлэхгүй ээ. Намын ажлууд ер нь яаж явах ёстой юм. Шат шатанд нь тэр тодорхой стандартыг нь тогтоож өгөөд, хоорондоо хагаралгүй, нэг цул болж, эв нэгдлийг эрхэмлэн 2016 он руу зугуухан авч очъё” гэж хэлсэн юм. 

- М.Энхболд дарга “Хэрэв тийм бол цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэж шахсан тухай сонсож байсан. Таны үгний хариуд яг юу гэж хэлсэн юм бэ?

- “Чи хот хариуцсан намын нарийн бичгийн дарга болохгүй гэж байгаа бол дараагийн удаа ямар ч асуудал дээр намаас дэмжлэг байхгүй шүү” гэсэн. Тийм үг сонсоод хүн чинь бас юм боддог юм билээ. Тэгээд л Хот хариуцсан намын нарийн бичгийн дарга болж, Улаанбаатар хотын 152 намын анхан шатны байгууллага, хороодоор ёстой зогсоо зайгүй явсан даа. Өдөр болгон уулзалт. Өглөө 09-өөс орой 21 цаг хүртэл битүү уулзалт. Ингэж нэг сар 20 хоног явж байж дүүргээс хотын нам руу ирэх суурь маань бүрэлдсэн юм. Хороо нэгжүүдээр нь нэг бүрчлэн явж, намын анхан шатны байгууллага, дугаар хорооны иргэний амьдрал ямар байгааг өөрийн биеэр мэдэрсэн. Хотын намын байгууллага эрүүл саруул суурьтай, зөв байх ёстой. Хаана нь гажуудал байгаа юм. Яаж засаж залруулах ёстой юм. Зүгээр л дээрээс удирдана гэж байхгүй шүү дээ. Тийм цаг үе өнгөрсөн гэдгийг манай зарим нөхөд ойлгоогүй л байсан. Ц.Сандуйтай муудалцсан шалтгаан ерөөсөө тэр. “Аз жаргалтай Улаанбаатар” гэж хөтөлбөр байсан даа. Энэ нэршлээс болоод л зөрөлдөөд эхэлсэн. Юуг нь аз жаргалтай гэх гээд байгаа юм бэ. Наад хот чинь өнөөдөр ямар болчихоод байж байгаа юм бэ. Ажил амьдрал нь бодит амьдрал дээр ямар байгаа юм бэ гэж хэлнэ биз дээ. Ингээд л зөрчил. Юун “Аз жаргалтай Улаанбаатар” вэ. Бас нэг жаахан учиртай байж болохгүй гэж үү гээд л. Ингээд ажлын арга барил, үзэл бодлын зөрүү гарч ирж байгаа юм. Мэдрэмж гэж юм байна шүү дээ. Бүх нэгжээр явж, иргэдийн хөрсөн дээрх аж амьдралыг биеэрээ мэдэрсэн, нүдээрээ харсан, шаналсан учраас аз жаргал байна уу, үгүй юу гэдэг асуултыг тавина биз дээ. Би юу юугүй зөрөлдөөд байдаг хүн биш. Ерөөсөө тэвчихийн аргагүй байсан. 

- Та хотын фракцтай яаж учраа олж байсан бэ?

- Би өөрийнхөө үзэл бодлоор л явсан. Яагаад гэвэл юм зарчимтай, зөв байх ёстой гэдэг байр суурь баримталж байхад ямар ч юмыг давдаг. 2012-2016 онд намын нарийн бичгийн даргаар ажиллалаа.Ер нь бол болж бүтэхгүй зүйлээс нь болоод л муудалцсан. Буруу зөрүү зөндөө байна. Асуудлууд нь ар араасаа гараад ирсэн. Надтай надгүй тэсэрсэн. Болж бүтэхгүй юм нь цугларч байгаад л дэлбэрсэн. Бүр улс төрийн капитал болоод дагширчихсан байсан. Орхигдсон мянга мянган гишүүд дунд орж, нүцгэн үнэнтэй нүүр тулсан. Нам бол өлчир, хүчир гишүүдтэйгээ хамт явдаг. Тэднийгээ хаячихсан байсан. Тэгээд тохуурхал шиг “Аз жаргалтай Улаанбаатар” гээд байж болохгүй биз дээ. Ингээд л тэд нартайгаа муудалцсан. Намын анхан шатанд ажиллаж байгаа намын гишүүд тэр үед ууртай, эмоцитой, гомдчихсон байсан. Тэд нарт хүрч ажиллах, тэд нарын дуу хоолойг нь сонсож, тэр дундуур яваагүй бол би өөрөө ч хэн болж хувирах байснаа хэлж мэдэхгүй.Тэдний дуу хоолой гэдэг бол бодит амьдрал байхгүй юу.Хөрсний маань амьдрал. Ямар нэгэн хуурмаг давхарга дээрх амьдрал биш. Тэр дундуур 152 үүрээр нэг бүрчлэн орсон. Тэнд маш их шүүмжлэл, маш их гомдол, маш их харуусал байсан. 

- Тэгж анхан шатны намын үүрүүдтэйгээ нүүр тулсан нь танд бас цохилт өгсөн бололтой.

Эргээд зугтмаар үе зөндөө байсан. Тэд нартайгаа ойлголцож явж байж тэд чинь энэ намаа дэмждэг. Тэд чинь л эцсийн мөчид ажилладаг. Ерөөсөө мотор тэнд байдаг. Дарга нарын түвшинд мотор бий. Гэхдээ өөр мотор. Харин тэнд чинь жинхэнэ энэ намын мотор байдаг. Тийм учраас намын байгууллага гишүүн болгондоо хүрч ажилладаг байх ёстой. Сонгинохайрхан дүүрэг дээр би олон жил ажилласан. Анх очиход нам ялагдчихсан байсан. Намын байгууллагаар хэн ч орж ирдэггүй. Хүнд нөхцөл байдал нүүрлэчихсэн. Тэр хүнд нөхцөл дунд дүүргийн намыг удирдаж ажилласан. Ялалт байгуулсан. Ялалт байгуулсан ч Засаг даргаа томилуулж чадаагүй. Иргэдийн хурлаа бол авсан. Гэхдээ бид нөхцөл байдлыг дэвэргэж АН-тай муудалцаагүй, ойлголцоод эвийг хичээгээд гарсан. Тэрний буруу гэж одоо байхгүй байгаа биз дээ. Алсыг харж явах хэрэгтэй. Хүчээ бодитой мэдэрч, боломжоо мэдэрч ажиллах чухал. Сайн муугаа маш бодитоор харж, цэгнэж явах ёстой.

- Э.Бат-Үүл дарга ч хүчтэй байсан. Р.Дагвыг бол тоглоом болгосон шүү.

- Алсан шүү дээ. Ялаад гараад ирчихсэн байхад нь л томилж өгдөггүй. Тийм юмнуудын дундуур явсан учраас намын амьдрал, ялангуяа тэр орхигдсон байсан, мартагдсан байсан намын мянга мянган гишүүнийхээ хүсэл эрмэлзлийг сэргээх, тэдэнтэйгээ ойр ажиллах ёстойг ойлгосон. Тэр үед нийслэлийн нам дээр дарга нар бол намайг дэмжээгүй. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлаар ороход 15:0-ээр хусуулаад л. Удирдах зөвлөл дээр 10:5-аар хусуулаад л. Нэрээ тат гэдэг асар их тулгалт хийж байсан. Нэгэнт тэгээд гал руу орчихсон хүн чинь “үгүй ээ” л гэсэн. Энэ чинь улс төрийн эрсдэл мөн биз дээ. Эрсдэл гэдэг бол нөгөө талдаа дандаа амжилтыг дагуулж байдаг. Эрсдлээ л зөв тооцох ёстой. Би намын гишүүддээ л итгэж байсан. Дарга нар угаасаа намайг дэмжихгүй нь ойлгомжтой байсан. Тэгэхээр өөрийн итгэл үнэмшил гэдэг бол маш чухал зүйл болохыг би тултал ойлгож байсан. Тэрэн дээрээ суурилсан зөв төлөвлөгөөтэй бодлого гаргаад ажилласан. Тэгээд хотын намыг 2018 оны есдүгээр сарын 21-ний өдөр авсан. Тэрнээс хойш улам илүү бэхжүүлэхийн тулд бүх дүүрэгт хүрч, гишүүд болгоныг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулсан. Магадгүй хэн нэгэн хүн миний оронд ирсэн бол энэ “COVID-19”-ийн үед яаж ажиллахыг таашгүй. Маш хүнд нөхцөл байдал дунд бид ажиллаж байна. Магадгүй олон талаасаа шахуулах байх. Эго ихтэй улсууд их байна, сонирхолтой улсууд ч их байна. Гэхдээ ажиллах, зөвхөн ажиллахаас өөр гарц байхгүй. Та өөрөө сайн мэдэж байгаа. 

- Та онцгой нөхцөл байдлын үед ажиллаж байгаа хотын дарга. Цар тахалд дэлхий нийтээрээ нэрвэгдчихээд байна. Хотын дарга бэлэн биш орж ирчихээд уурлаад, ялархаад байна гэж таныг шүүмжилж байгаа. Эндээс зугтах эрх танд байхгүй. Нэгдүгээр фронт чинь “COVID-19”.

- “Цар тахал ба эдийн засаг” гэдэг сэдэв өнөөдөр дэлхий дахины сэдэв болоод байна. 2020 оны нэгдүгээр сарын 24-нд хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газар анх гаргасан. Тэр үед дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг нэлээн сайн судалсан юм. Дэлхийн улс орнууд бизнес, ажлын байр, эдийн засгаа хамгаалах ажлыг эн тэргүүнд тавьж байгаа юм байна. Мэдээж баян, мөнгөтэй улс орнууд хувь хүнээ дэмжих үүднээс 1000- 2000 ам.доллар өгч нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр хүртэл гаргаад явж байгаа. Манай Засгийн газар ч үе шаттай арга хэмжээ авсан. Тэрийг бол үгүйсгэж болохгүй. Ялангуяа нийгмийн даатгал, түрүүн хэлсэн ХАОАТ, цахилгаан дулаан, хог, усны төлбөр хураамжийг долдугаар сарын 1 хүртэл тэглээд засаг өөрөө ачаагаа аваад явах зохицуулалтыг арванхоёрдугаар сард хийсэн. Тэрний өмнө бол гадаадаас иргэдээ авах, зээлийн хүүг зохицуулах гээд олон асуудлыг Сангийн яам оруулж ирээд явж байсан. “COVID-19” ороод ирчихсэн, хүнд нөхцөл байдал дунд ажил авсан. Бүгд л харж байна. Хэлэх ёстой. Хэцүү, мэдэхгүй зүйлүүд гарсан. Юуг нь нуух юм. 

- Үзээгүй зүйлүүдтэйгээ нүүр туллаа шүү дээ. Бидний хэн ч бэлэн байгаагүй.

- Зугтах газар байхгүй. Монголчууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт анх удаагаа шилжсэн. Гэхдээ л ямар зорилтот бүлэг дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхойгүй байдлаар энэ ажлууд явсан. Мэдээлэл хангалтгүй байсан. Мэдээлэл технологи, инновацийн салбарыг тэргүүн эгнээнд гаргаж ирээд энэ дээрээ байгууллагуудын мэдээллийн баазуудыг нэгтгээд цаашаа бүх юм явах ёстой. Одоо ажлууд нь үе шаттай хийгдээд явж байгаа. Ялангуяа e-mongolia гэж хөтөлбөр зарласан. Үүнтэй уялдуулаад QR кодоос эхлээд нэмэгдэх өчнөөн олон цахим салбарын судалгаа хийгдсэн байдаг юм билээ. Ингэж цаашдаа цахим бодлогын хүрээнд ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглал руу шилжиж байж нөгөө авилгын асуудал, өнөө хүнд суртлын асуудал цэгцрэнэ. Иргэдийг хүндрүүлдэг, бүх юмыг хойшлуулдаг асуудал, залхаадаг асуудал цэгцэрнэ. Улсаараа бид цахим болох ёстой. Хотоо Цахим Улаанбаатар, Ухаалаг Улаанбаатар, Ил тод, нээлттэй Улаанбаатар болгох ёстой. Тэгж байж бид энэ хүнд суртал, авилга, хээл хахуульд хэрэгдээд хөдөлж өгөхгүй хөшчихсөн асуудлуудыг бүгдийг нь явуулна. Эргэх холбоотой ч явна. 

- Гурван сар гаруй ажиллалаа. “COVID-19”-ийн хэцүү бэрх үе ч гэлээ юу хийж амжуулав гэх асуулт зүй ёсоор тавигдана ?

- Мэдээж шүү дээ. Суурь судалгаанууд дээр төвлөрч ажиллалаа. Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудыг эрэмбэллээ, нарийвчилсан судалгаануудыг нэг бүрчлэн хийлээ. Нийт аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудтайгаа хамтын ажиллагааг эрчимжүүлж байна. Энэ хугацаанд 74 мянган өрхөд туслалцаа, дэмжлэг үзүүлээд явж байгаа. 10 мянган бага орлоготой өрхөд түлш үнэ төлбөргүйгээр нөхцөл зааж хүргүүлэн гал алдуулахгүй, дулаан байлгах ажлыг хүртэл зохион байгууллаа. 

- Уучлаарай, хотын дарга аа. Ингээд л халамжийн бодлого явуулаад байх юм уу. Угжны сэтгэлзүйгээ одоо халаач дээ.

- Би сая зөндөө ярилаа. Хаягдсан хэсэг маань хүнд байна. Дээгүүрээ л улстөржөөд давхилдаад байсан байна. Тэгээд яах юм. Хаях юм уу. Бололцоог нээж, тэр олсон боломжоо иргэддээ бага ч гэсэн энэ хүнд үед хүргэх гээд ажиллаж байна. Дүүргүүд маань үүрэг чиглэлээ аваад идэвхтэй ажиллаж байгаа. Бид орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүдийг гаргаж ирсэн. Үүнтэй уялдуулаад 87 тэрбум төгрөгийг гацчихсан байгаа орон сууцны компаниудад зохицуулж, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих орон сууцны бодлогоо хэрэгжүүлээд явж байгаа. Нэг ч ажлыг хойш нь тавихгүй гэж хичээж байна. Бидэнд гаргасан алдаа байгааг ерөөсөө үгүйсгэхгүй. Тэрийг засч залруулахын төлөө ажиллаж байна. Намайг ууртай байна, загнаж байна, ядраад байна гэсэн гээд шүүмжилж л байсан. Нийслэлийн төр захиргааны 30 гаруй мянган албан хаагч нэг ч хором зогсолтгүй ажиллаж байна. Цагдаа болон эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналтынхан гээд. Энэ улсууд маань нойр хоолоо хасан байж зүтгэж байгаа. Яагаад гэхээр хөл хорио тогтоохгүй бол өвчнөө алдчих гээд байсан хүнд үе. Тэр үед бид хумиж чадаагүй бол халдварын тоо одоогийнхоос хэд дахин нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Өндөр ачаалалтай үед ажиллаж байгаагаа ойлгуулах гэж л хэлсэн санааг буруу даялуулаад давхина лээ. Мэдээж төрийн алба бол босоо тогтолцоотой, шууд хийх үүрэгтэй. Дуудсан цагт ирэх ёстой. Үүрэг чиглэлээ аваад ажиллах ёстой. Энэ нэг сая 500 мянган иргэнийнхээ эрүүл ахуй, аюулгүй байдлыг нь хангах ёстой гэдэг үүргээ ухамсарлаж байгаа. Энийг л ойлгоод өгөөч гэж хэлсэн чинь л мушгиулчихсан. Цар тахалтай холбоотой зүйл дээр би бас нэг зүйл хэлмээр байгаа юм. Энэ бол боловсролын салбарын асуудал. Эрдэмтэн судлаач нар, мэргэжлийн улсууд, санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй цахимаар уулзалтууд бас хийж байна. Тэдэнтэй уулзахад, ялангуяа өнгөрсөн жил нэгдүгээр ангид ороод, одоо хоёрдугаар анги руу шилжиж орсон, энэ жил нэгдүгээр ангид орсон хүүхдүүдэд юу дутагдаж байна вэ гэхээр танхимын сургалт. Төгсөх ангийн хүүхдүүд бол ойлгомжтой. Ер нь онлайн сургалт гэж юу байдаг вэ, цахим ертөнц гэж юу байдаг, түүгээрээ сургалтаа авах боломжуудаа мэддэг учраас харьцангуй гайгүй. 

- Бага ангийн хүүхдүүд үнэхээр хэцүүдчихлээ.

- Ерөөсөө хоёр жилийн сургалтын хөтөлбөр бүтнээрээ тасалдахад хүрсэн. Танхимын сургалтаас хүн хоорондын харилцаа, нөхөрлөл гээд зөвхөн сургалтаас гадна илүү үнэ цэнэтэй зүйлсийг хүүхдүүд өөртөө бага насан дээрээ хуримтлуулж авдаг.Тэр юмыг үгүй хийчихлээ.Энэ бол үнэхээр нөхөж баршгүй зүйл.

- Хориотой хүүхэд нас байж болохгүй биз дээ?

- Эцэг эхчүүддээ өвчин тээж очих магадлалтай учир эрсдэлтэй гэдгийг дэлхийн улсууд хэлээд байгаа юм л даа. Тэгэхээр энэ хүүхдүүдийн сургалтын асуудлыг цахимаар оруулахдаа яаж оруулах вэ гэдэг толгойны өвчин байна. За, нийтийн тээврийн асуудал ямар байгаа билээ. Сургуулийн автобус ямар байгаа билээ. Үнэхээр манайх бол стандартад хүрэх болоогүй байгаа шүү дээ. Шаардлага, стандарт нь, тоо нь, хүрэлцээ нь хаа ч үгүй байна. Тэгэхээр энэ болгоныг бид нар хийх ёстой. 

- Хотынхоо хүрсэн төвшинд, байгаа нөөцөнд итгэхгүй байна уу?

- Яаж итгэх юм бэ. 

- Хэдхэн сарын өмнө хүүхдийн автобуснууд талбай дээр хүлээж аваад л байсан ?

- Тэр нь хангалтгүй. Нийтийн тээвэр бас хангалтгүй. Ер нь бол бид хүссэн ч, эс хүссэн ч “COVID-19” тэй зэрэгцэн оршиж, амьдралынхаа хэмнэлийг зохицуулах ийм шинэ юм руу л орж байна шүү дээ. Вакцин орж ирж байна. Богино хугацаанд вакцинжуулалтаа хийчих байх. Вакцинжуулаад авчихвал бид буцаад хэвийн амьдрал руу шилжиж орно л гэсэн үг. Эрсдлийн менежментээ сайн тооцоолж, ажил, амьдралаа зохицуулж явахаас өөр шийдэл, гарц алга байна.

- Хөл хориотой холбоотой асуудлаас нийгмийн бухимдал асар их нэмэгдсэн. Үүнээс үүдэж ирсэн реакци таны хувьд анхны цохилт байсан байх.

-Тэгсэн.

- Нэг хэсэг нь хатуу хөл хорио шаарддаг. Нөгөө хэсэг нь бүх эрхээ хураалгачихлаа гээд уурладаг. Энэ хайчин дунд л.

- НОК, УОК бол мэдээллээ маш сайн солилцож, хоорондоо шийдвэр гаргалтуудаа хийж ирсэн. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс бол ерөөсөө л бүгдийг зогсоох, хорих, хатуу хөл хорио, хязгаарлалт хийх ёстой гэдэг байр суурийг байнга шаардсан. 

- УОК, НОК хоёр бол адилхан л ачаалалтай ажилласан шүү дээ. Гэтэл “COVID-19”-өөр хамгийн анхны хариуцлагыг хүлээж Засгийн газар огцорлоо. НОК-ийн нэг тулах хүч нь болж байсан НЭМГ-ын дарга маш сайн ажилласан боловч огцорлоо. ХӨСҮТ-ийн дарга огцорлоо. Мөрөн дээрээ тоосгүй үлдсэн нь та. Хотын дарга Д.Сумъяабазар огцрох ёстой гэж бас тодорхой хэсэг нь шаардсан.

- Бүгд л маш хүнд үед ажилласан. Нийслэл бол өөрөө том айл. Тийм болохоор хэрэгжилт дээр нийслэлийн оролцоогүйгээр УОК-ын ажил явахгүй. Нийслэлийн Засаг даргын орой 23 цагт гаргасан шийдвэр өглөө 7 цагт Бат гуайн хаалган дээр очдог. Ийм хурдтай ажилладаг бүтэц бол нийслэл өөрөө байхгүй юу. Ямар ч яамтай, ямар ч албан газартай харьцуулахгүй онцгой бүтэц нийслэл дээр байдаг. Тэр хэмжээгээрээ ажлыг маш богино хугацаанд зохион байгуулахад нийслэлийн оролцоо туйлын чухал. Жишээ нь, хөдөө орон нутаг руу явсан иргэд, хөдөөнөөс орж ирсэн иргэдтэй холбоотой асуудал их гардаг шүү дээ. Шүүмжлэлээр нүдүүлээд л. Тэгээд яамдууд нь өөрсдөө ажлаа авсан. Таван төрийн нарийн бичгийн дарга ахлаад энэ ажлыг зохион байгуулах ажлыг авсан. Ингэж бөөн бужигнаан үүсгэчихээд сүүлд нь нийслэл рүү хаячихаж байгаа юм.Дараа нь хөдөөнөөс ирж байгаа иргэнтэй холбоотой асуудал ярихаар хариуцаж байгаа мэргэжлийн улс, яамд нь шийдвэр гаргана гэчихээд хүлээлгээд л байна. Ямар ч мэдээлэл өгөхгүй. Тэр нөгөө Баянгол дүүргийн эрүүл мэндийн ажилтан сандраад 20 хэдэн удаа, 60-аад удаа утасдсан гэж асуудал гарсан даа. Нэг ч утасдаагүй, НОК руу. Сандарсандаа тэгээд хэлчихсэн гэж байгаа юм. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын энэ тогтолцоонд асар их урхаг байна. 

- 22-ын товчоон дээрээс утасдсан асуудал уу. НОК руу утасдаагүй юм уу?

- Үгүй. Хэрэв тийм байсан бол хүмүүс очоод зохицуулаад гүйнэ шүү дээ.

- Мэдээллийн савлагаан дунд хэлмэгдэл бас их явагдаж байна.

-Тийм. НОК бол ажиллах нөхцлөөр нь маш сайн хангаж өгч байгаа, зөв явуулахгүй бол дээрээс ч зарим нэг шийдвэр гардаг. Тэр нь хөрсөн дээрээ болж өгөхгүй, заавал дээрээс шийдвэр ирж байж хөдлөх ёстой гээд л гацна. Ийм зөрчил манай хүмүүсийг хэлмэгдүүлэх тохиолдол их байна. Өргөө амаржих газрын нэг асрагчийн гаргасан алдаа яав. Бүр дөжирчихсөн. Хүн ёсны ч хандлагаа гээчихсэн. ХӨСҮТ-ийн тэр авч явсан байдлыг нь хар. Ийм хариуцлагагүй ганц хоёрхон хүний алдаа хичнээн олон хүний хөдөлмөрийг баллаж байна вэ. Нийгэм асар их бухимдалтай байсан. Хоёр сар гаруй хөл хориотой. Бүх газруудын үйл ажиллагаа зогсчихсон, орлого нь тасарчихсан. Хүнд шүү дээ. Нийслэлийн дүүрэг, орон нутгууд, нийслэлийн албан хаагч нар өдөр шөнөгүй зүтгэж байгаа. Эдэнд ерөөсөө буруу өгөх юм байхгүй. Манай байгаа хүчин чадал, потенциаль ийм байна. Бидний байгаа байдал л ийм байна шүү дээ. Гэхдээ үнэхээр үүнийг алдчихгүйн төлөө хөлийг нь хорихыг нь хориод. Зарим үед нээхийг нь нээгээд, ахиад хорио тогтоох шаардлагатай бол тогтоогооод явахаас өөр аргагүй байлаа. Ингэж л зохицуулж явахгүй бол бид тийм баян улс биш. Сард бид нар Улаанбаатар хотын иргэддээ 1000 ам.доллар өгөөд байж чадахгүйгээс хойш зохицуулалтуудаа мэдрэмжтэй хийгээд явахаас өөр аргагүй.Ингэж байж вакцинтай золгохоос өөр шуурхай арга хэмжээ алга байлаа шүү дээ. Дунд нь цахим, дижитал хэлбэрээр зохицуулах ажлуудыг орхигдуулахгүй хийгээд л байгаа. Байгаа хүч, бодит боломж, нөхцөлтэйгөө уялдуулахгүй явах боломжгүй. Мэдээж хувь хүний хариуцлагын асуудал. Хувь хүний зохион байгуулалтын асуудал нэн чухал гэдгийг иргэд маань бас бодмоор байна. Тэртээ тэргүй ужигарчихсан, олон жил явж ирсэн энэ ялзарсан системийн зовлонг бол бид үүрээд л гарах ёстой. Энийг өөрчлөхийн төлөө зүтгэх ёстой. Тиймдээ ч миний хувьд хөл хориог дахин сунгахгүй байх зарчмын байр суурь баримталж байгаа. Энэ бүх хоригийн цаана иргэдийн амжиргааны чадавх, эдийн засгийн чадавх үндсээрээ унаж байхад гэртээ “өлсөөд хэвт” гэж захиргаадаад байж болохгүй биз дээ, хотынхоо иргэдийг.

- Өнөөдөр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал асар их. Алдагдсан архитектурын бодлого, хот төлөвлөлтийн бодлого. Дээрээс нь утаа, түгжрэл нүүрлэчихсэн. Дэд бүтэц нь, хотын доорх шугам сүлжээ бүгд ачааллаа даахаа больсон. Энэ бүхнийг нэг дор шийдэж чадахгүй шүү дээ.

Бүгд хоолой дээр тулсан зүйлс. Энэ болгоныг шийдэхийн тулд системтэй явах ёстой. Бүр сууриар нь өөрчлөх ёстой юм байна. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөд бүгдийг оруулж өгөхөөс өөр арга байгаагүй. Үүнийг дагасан хамгийн гол зохицуулалтын хууль бол тэр нэгжийн хууль байсан. Нэгжийн хуулин дээр Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулаад бид ажилласан.

Ажлын хэсэг байгуулангуутаа хаягдсан байсан зүйл заалтуудаас бараг 80-аад хувийг нь оруулсан. Энэ дотор юу орсон бэ гэж асуух байх. Гурван том дэвшлийн асуудал орж ирж байгаа. Нэгдүгээрт, хуулийн 9.2 дээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн үндсийг тусгайлсан хуулиар тогтооно гэж оруулж өгсөн.

Одоо яриад байгаа тулгамдсан асуудлыг цэгцлэх, хөрөнгө санхүү босгох, үүнтэй холбоотой бүх асуудлыг цэгцлэх реформын чанартай томоохон үзэл санаанууд суусан. Жишээ нь, ААНОАТ-ын 40 хувь тухайн орон нутагт үлдэхээр зааж өгсөн. Тооцоолоод харахаар 800-900 тэрбум төгрөг нийслэлийн төсөв дээр ирэх болж байна. Дараагийн зүйл, үнэт цаас буюу бонд гаргах эрх. Гуравдугаарт нь концесс. Энэ гурвыг оруулж чадсан нь өөрөө энэ хотын хөгжил, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх гарцыг нээж байгаа юм. Эдгээр чухал зүйлсийг хуулинд суулгаж өгсөнд үнэхээр баяртай байгаа. Үүний араас зохицуулалтын 27 хуульд нэмэлт өөрчлөлт орох юм. Ингэвэл Улаанбаатар хотод бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллах, хот өөрөө бие даасан эдийн засаг, санхүүгийн төв болж босч ирэх суурь тавигдах юм. Хөрөнгө санхүү гэдэг бол хөгжлийн гол үндэс. Үе үеийн хотын даргын хүсэл энэ байсан. Дэлхий өөрөө нэг платформ болчихсон. Орчин үеийн хүүхдүүд дэлхийн хүүхдүүд болсон. Тэдний орчин нь илүү ухаалаг, илүү инновацилаг, илүү шийдэлтэй, илүү хэмнэлтэй. Тэгэхээр энэ залуучууд руу чиглэсэн бодлогыг бид нар хийх ёстой юм. Одоо энэ босгож ирж байгаа санхүүгийн эх үүсвэрийг бид нар зөвхөн өөрсдийн сэтгэж байгаа Улаанбаатар биш залуучуудын хүсэж байгаа Улаанбаатарын төлөө зориулах ёстой. Тэгж байж Улаанбаатар хот өөрөө дэлхийн хот болж босож ирнэ. 

- Та ажил авснаасаа хойш маш хурцадмал гурван сарын ард гарч байна. Тэгэхээр хэдий онцгой нөхцөлд ажилласан ч гэсэн амжиж хийсэн бусад зүйлсийн талаар танд ярих юм байгаа байх.

- Хот дээр маш олон судалгаанууд хийгдсэн байдаг. Олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гээд. Хот өөрөө ч хийсэн байдаг. Гол нь хэрэгжүүлэх гэхээр санхүү дээрээ гацдаг. Тэр нь хуулийн гацаа. Төсвийн хараат байдал нь өөрөө хотыг удирдсан үе үеийн дарга нарын толгойны өвчин. Бүгдээс нь асуухад энэ талаар хэлнэ. Тэгэхээр үүнийг л шинэ шатанд гаргах хэрэгтэй.

- Санхүүгийн хараат байдал нь хотын хөгжлийг гацааж ирсэн тухай үнэхээр бүгд ярьдаг л даа. Хотын олон даргатай уулзаж явжээ.

- Энэ гацаанаас гаргахын тулд л сая Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулаад нэгжийн хуулин дээр суурийг нь тавьж өглөө. Одоо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж, статусыг нь дээшээ гаргаж өгөөд, үүн дээр суурилсан шинэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нэг ёсондоо санхүү, захиргаа, хууль эрх зүйн реформ хийнэ гэсэн үг. Бид залуучууд руугаа хандана. Улаанбаатар хот бол залуусын хот. Тэгэхээр тэр лүү чиглэсэн бодлого явуулж, энэ залуучуудынхаа сэтгэлийг эзэмдэж, тэдний дэмжлэгийг авахын төлөө зүтгэж байгаа. Тэдний хүсэж байгаа хотыг нь бүтээхийн төлөө бүх хүчээ зориул, ухаанаа уралдуул гэж би хамтран зүтгэгчиддээ хэлдэг. Үүний тулд суурь реформуудыг хийж байж бид цаашаа явна. Мэдээж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас “COVID-19” тойрсон ажлууд нэн тэргүүний асуудал. Гэсэн ч үндсэн ажлуудаа орхигдуулж болохгүй. Төсвийн хэлэлцүүлэг, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гээд маш олон хөтөлбөрүүд дээр ажилласан. Олон бодлогын бичиг баримт дээр суусан. Тэгж сууж байж автозамын түгжрэлийн асуудлаас эхлээд яаж инновацилаг, ухаалаг хот болгох юм, нийгмийн энэ олон асуудлуудыг яах юм. Орон сууцны асуудал, сургууль цэцэрлэг нь ямар байх юм. Агаарын бохирдолгүй, байгаль орчинд ээлтэй Улаанбаатар хотыг хэрхэн цогцлоох юм. Ингэж бүх салбарын судалгаануудыг бүгдийг нь шахаж байж нэгтгэж авсан. Ингэж нэгтгэсний үндсэн дээр нэгдүгээрт, Улаанбаатар хот бол хүүхэд залуучуудын хот байх ёстой гэж томъёолсон. 1950, 1960, 1970-аад оныхны сэтгэл зүйгээр бодож Улаанбаатар хотыг төлөвлөхгүй. Ирээдүйн Z үе, альфа үеийнхэнд зориулсан хотыг босгох ёстой гэдэг чиглэл рүү хотын бодлого явах ёстой. Хоёрдугаарт, ногоон Улаанбаатар. Ногоон Улаанбаатар гэхээр нов ногоон өнгөөр л будаад байвал ногоон болох юм байна гэж бодож болохгүй. Ногоон гэдэг бол байгаль орчинд ээлтэй, илүү эрчим хүчээ хэмнэсэн, ухаалаг зохион байгуулалттай, эко үзэл баримтлал бүхий хотыг хэлж байгаа юм. Энэ болгоны ард олон улсын жишиг рүү алхсан хотын бодлого төлөвлөлтявна гэсэн үг. Агаарын бохирдлын хувьд гэхэд дан дизель түлшээр явдаггүй нийтийн тээвэртэй байх ёстой шүү дээ. Дизель, бензинээр явдаггүй такси үйлчилгээтэй болох ёстой. Эрчим хүчээр явдаг метротой байх ёстой. Хоёр давхар автобус нь явах ёстой. Цаашаа гудамж талбайн гэрлүүд нь стандартынх байх ёстой. Дээрээс нь 2000 кВт-аар тусдаг, нарны панелиар эрчим хүчээ авдаг, шон болгон вайрлестай ухаалаг хотын стандарт руу бид алхах ёстой. Ингэснээр гэрэлтүүлэг, камержуулалт бүгд стандартын дагуу болж байж гэмт хэрэг гаралтын тоо буурна. Охид хөвгүүд нь тайван алхдаг, хөгшчүүд нь гудамжиндаа амар амгалан сууж байдаг ээлтэй хот болгохын төлөө давхар уялдуулж бид ногоон Улаанбаатар төслөө нэлээн сайн бодож, төлөвлөж байж оруулж ирсэн. Гуравдугаарт, аюулгүй орчныг бүрдүүлсэн Улаанбаатар хот байх ёстой гэж. Түрүүний миний хэлдэг гэрэлтүүлэг, камержуулалт гэдэг бол бүх хөдөлгөөнийг хянадаг систем. Дээрэм тонуул, танхайн хэрэг, хулгай зэлгий, хүчин, гэр бүлийн хүчирхийлэл гээд л энэ хотыг аюултай болгож байгаа өдий төдий зүйлсийг алга болгохын төлөө юм. Барилгын ухсан нүхэнд ус дүүрээд хүүхэд унаж энддэг, ил задгай шугам яваад тогонд цохиулж нас бардаг ийм эмгэнэлтэй хэргүүдийг байхгүй болгох үүднээс бид аюулгүй, ээлтэй орчныг бү<

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.106.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.