Өчигдөр орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоохтой зэрэгцээд хорооны засаг дарга солигджээ. Хорио тогтоох тухай дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн захирамжид 26 дугаар хорооны дарга "Г.Отгонбаатар" биш "О.Түвшин" гэж бичсэн байснаас засаг дарга солигдсоныг мэдэж, оршин суугчид "хөл хорионы үеэр засаг даргыг халлаа" хэмээн бухимдаж байна. Хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатартай холбогдож тодруулахад, "Ажиллах нөхцөлгүй болсон учраас өчигдөр би өөрөө ажлаа өгөхөөр болсон. Ажлаа өгөхийг шаардсанаас хойш нэг сар сунаж ажиллалаа. Цаашдаа ажиллах боломжгүй болсон" гэв.
Танай хороонд ХӨЛ ХОРИО тогтоохтой зэрэгцэн таныг үүрэгт ажлаас тань чөлөөлсөн гэлээ. Ямар учиртай юм бэ?
-Би ажлаас өөрөө чөлөөлөгдсөн. Ажиллая гэсэн боловч ажиллах нөхцөл үүсгэхгүй хэцүү байлаа. Өдөр болгон дуудаад, томилсон захирамжийг хүчингүй болгоно гэдэг. Үнэхээр намын дарамтан доор ажил явуулах боломж нөхцөл бүрдсэнгүй. Эртнээс л Засаг солигдсон цагаас л намайг халах гэж оролдсон ч иргэд эсэргүүцээд, ерөнхийдөө сар гаруйн хугацааг сунгаж чадлаа. 28 хорооноосоо хамгийн сүүлд би ганцаараа үлдээд байсан юм. Хөл хорио тогтоох шаардлага халдварт өвчинтэй холбоотойгоор тогтоож байгаа байх. Хорооны жижиг даргыг халахын тулд хөл хорио тогтоох шаардлага байхгүй байх. Тэгээд л таарчих шиг боллоо. Өчигдөр орой захирамж гараад ажлаа өгсөн.
-Таныг хариуцсан хороогоо тааруухан удирдсан гэж дүгнэсэн зүйл бий юу?
-Тийм зүйл огт байхгүй. Энэ бол эрх баригч намын дүрмийн асуудал болж байна. Миний хувьд элдэв алдаа дутагдал гаргаж байгаагүй. Харин ч хамгийн их хүн амтай энэ хороонд боломжийн ажилласан гэж дүгнэж байгааа.
-Орон нутгийн сонгуулиар та энэ хороондоо ялалт байгуулсан юм билээ. Үргэлжлүүлэнүүрэг ажлаа хийгээд хамтраад ажиллая гэж хэлж болохгүй юу?
Дүүргийн иргэдийн хуралд 26-р хорооны иргэдээс сонгогдсон төлөөлөгч учраас дүүргийн иргэдийн хурал дээр хэлэлцдэг асуудлуудад оролцоно, төсөв хөрөнгө батална, хорооны иргэдийн тулгамдсан асуудлууд дээр ажиллана гэсэн үг. Төлөөлөгчөөр сонгогдсон нь хороон даргаас тусдаа асуудал.