Б.ГАНХУЯГ: "САЯ ТОНН-САЯ МОД" ТӨСЛИЙГ 1 ИХ НАЯДЫН ӨРТГӨӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
"Эрдэнэс Тавантолгой" ХК "Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих" зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод тарихыг зорьж байгаа аж. Энэ төлөвлөгөөний талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.
-Та бүхэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хангай болон говийн нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аян хэзээнээс эхлэх вэ, модоо яг хаана хаана тарих вэ?
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2021 оны гуравдугаар сарын 9-нд компанийн дунд хугацааны А6-20 бизнес төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөө эдийн засаг, бизнес, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин гээд бүхий л асуудлыг тусгасан цогц төлөвлөгөө юм. Төлөвлөгөөний хүрээнд “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг батлуулсан байдаг. Хөтөлбөрийн судалгааг хоёр жил орчим хийсэн. Ингэхдээ дендрологийн чиглэлээр судалгаа явуулдаг судлаачид, ХААИС-ийн багш, эрдэмтэд, Хөт хотын ХААИС-ийн эрдэмтэдьэй хамтарч, хоёр жилийн турш маш идэвхтэй, хариуцлагатайгаар судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд нэлээд олон газраас хөрсний дээж авч, БНХАУ руу явуулж шинжлүүлсэн. Хаана ямар төрлийн мод, бутлаг ургамал тарьж болох талаар судалсан гэсэн үг. Энэ хүрээнд ямар төрлийн арчилгаа хийж, хэдий хэмжээний зардал гарах вэ гэдгийг тогтоогоод, “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгасан. Энэ бизнес төлөвлөгөөг 2022 оноос хэрэгжүүлнэ. Бид ирэх сарын 15-нд 2022 оны төсвийн төслөө ТУЗ-д танилцуулах гэж байна.
-“Сая тонн-Сая мод” төсөл 2030 он хүртэл хэрэгжих юм байна. Мод тарих амархан, арчлах нь хэцүү гэдэг шүү дээ. Төслөө хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр ямар төлөвлөгөө гаргасан бэ?
-Эхний ээлжинд “Сая тонн - Сая мод” төслийн 50 хувийг хариуцаж ажиллахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой ДЦС, Тавантолгой түлш, олборлогч, гэрээт компаниуд хамтраад 87 сая модыг 2030 он гэхэд тарьж дуусахаар төлөвлөсөн.
2030 он гэхэд 950 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болно. Тиймээс тодорхой хуваарийн дагуу дараагийн ажлаа зохион байгуулна. Мод үржүүлгийн төв байгуулна. Жилд 25 сая үржүүлгийн мод шаардлагатай юм билээ. Ингэхдээ олборлолтын улмаас сүйдсэн, нөхөн сэргээлт хийгдээгүй говь болон хангайн бүсийн нутгаар модоо суулгана. Манай 2 сая 512 мянган хувьцаа эзэмшигч бол Монгол Улсын бүхий л нутаг дэвсгэрт байдаг. Хувьцаа эзэмшигч болон төрийн байгууллагын оролцоотой үүнийг зохион байгуулна гэсэн тооцоотой байгаа.
Байгаль орчны чиглэлээр гарсан бодлогын бичиг баримтад нэг суулгац ургуулж тарих зардал нь 22 мянган төгрөг байхаар тогтоосон юм билээ. Ингээд бид жилд 25 сая мод тарина гэж тооцоход 78 тэрбум төгрөг шаардлагатай.
-Эхний ээлжийн 87 сая модыг хаана тарих вэ?
-Нэг мод гэхээс илүү модлог, бутлаг бүтээгдэхүүнд анхаарна. Үүний 80 хувийг хангайн бүсийн болон хангай говь хосолсон Дорноговь, Өмнөговь зэрэг аймгуудад тарина. Үлдсэн 20 хувийг говийн бүс болох Өмнөговь, Дорноговь зэрэг нутгаар тарина.
-Яагаад 20 хувийг говийн бүсэд тарина гэж?
-Яагаад гэвэл бидэнд усны хэрэгцээ маш их шаардлагатай. 176 сая модыг ургуулж, арчлах 3 жилийн усны хэрэглээ 2500 литр сек болно. Иймд иргэдийн оролцоо, арчилгаа шаардлагатай.
-Зарим тохиолдолд мод арчилж ургуулах шинэ ажлын байр ч бий болох нь?
-Тийм. Шаардлагатай газруудад шинэ ажлын байр бий болно. Эхний ээлжинд үржүүлгийн талбай бэлдэх, бэлтгэл ажилд зарцуулах төсвийг компанийн 2022 оны төсөвт тусгана.
-Энэ төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал бий юу?
-Ургамал, хорио цээрийн тухай хуульд гаднаас суулгац, ан амьтан оруулж ирэхийг хориглосон байдаг юм билээ. Тэгэхээр тулгамдсан асуудал бол суулгац оруулж ирэхийг зөвшөөрөх хэрэгтэй юм билээ.
Сүүлийн үед техник технологийн оролцоотой мод тарьдаг болжээ.
2023 оноос зориулалтын мод суулгах, суулгац бэлдэх техник технологи нэлээд их хэмжээгээр орж ирэх байх. Техникийн тусламжтайгаар хэдэн ч сая мод тарих боломжтой гэдгийг байгаль орчныхон болоод дендрологийн чиглэлээр ажилладаг хүмүүс гаргаж ирсэн.
Нэгдүгээрт, дотоодын үржүүлгийн төвүүдийг хөгжүүлэх шаардлагатай. Хоёрт, мод тарьдаг иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжих. Гуравт, мод, модлог ургамал оруулж ирэхийг хорьсон шийдвэрээ эргэн харах цаг нь болжээ.
Жишээ нь, говийн бүсэд ургадаг үржүүлгийг оруулж ирэхийн тулд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэр нэг талдаа хоосон яваад байгаа тул үүнийг ашиглаж болно.
Эдийн засгийн бололцооны хувьд 1 их наяд орчим төгрөгийн өртөгтэй 10 жилийн хөтөлбөр байх болов уу гэж харж байна.
-Бид мод тарьдаг ч дараагийн арчилгааг хийдэггүй сул талтай. Та бүхэн үүнийг тооцоолсон байх, тийм үү?
-Мод суулгасан бол гурван жилийн турш зайлшгүй арчлах шаардлагатай. Говийн бүсэд ургадаг мод арчилгаа багатай, цаг уурынхаа нөхцөл байдалд тохирсон байдаг юм билээ. Гол төлөв энэ төрлийн модыг оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.
-Цөлжилт гэдэг уул уурхайн салбарт ямар хор уршиг дагуулж байна вэ?
-Манай хоёр төмөр замыг байнга элсэн бүрхүүл бүрхдэг. Үүнийг байнгын цэвэрлэгээтэй байх шаардлагатай. Үүнээс улбаалж тээвэрлэлт саатах, нүүрсний экспорт гацах гээд арчилгаатай холбоотой маш их хэмжээний тооцоолоогүй зардал гардаг. Иймд эдийн засгийн утгаараа ч мод тарих ажлыг зайлшгүй хийх ёстой, хүн бүрийн, байгууллага бүрийн үүрэг гэж хүлээж авч байгаа.
Мод тарихын тулд дотоодын үржүүлгийн төвүүдийг хөгжүүлэх шаардлагатай. Мод тарьдаг иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжих ёстой. Мод, модлог ургамал оруулж ирэхийг хорьсон шийдвэрээ эргэн харах цаг нь болжээ.
Эх сурвалж: news.zindaa.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.42.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин