Б.Содномдаржаа: Одоо хурдхан ЦАГААТГАЖ ӨГӨӨСЭЙ. Хийгээгүй хэргийн төлөө 5,9 жил ЭРҮҮДЭН ШҮҮЛТЭД тэслээ
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-11-26

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж улмаар шүүхээс хорих ял сонсож, 5,9 жилийг гянданд өнгөрүүлээд “тус хэрэгт сэжиглэгдэн яллагдаж байхдаа мөрдөн байцаалтын үедээ эрүүдэн шүүлтэд орсон” гэх үндэслэлээр батлан даалтад гараад буй иргэн Б.Содномдаржаатай уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрбээр ШШГЕГ-ын удирдлагуудад хандаж өмнө өгч байсан 80 хуудас бүхий захидал, тэмдэглэлээ өөрт авах хүсэлтээ илэрхийлсэн байна. 

Сайн байна уу та, ШШГЕГ-т хүсэлт гаргасан байна. Юун тухай хүсэлт байсан юм бэ?

Сайхан. Би хорих ангид байхдаа өөрт тохиолдсон ЗОВЛОН, хэлмэгдүүлэлтээ 80 хуудас болгож бичиж 2020 оны 04 дүгээр сард  ШШГЕГ-ын удирдлагуудад өгч байсан юм. Тэрийгээ буцааж өөртөө авъя гэсэн хүсэлт гаргалаа.

Ямар хариу өгч байна вэ?

Ажлын долоо хоногт багтаан хариу өгье гээд, утасны дугаар тэмдэглээд үлдлээ.

Батлан даалтад гараад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ар гэрийнхэнтэйгээ уулзаад, сэтгэл санаа амар сайхан байгаа биз дээ?

Түгшүүртэй, дарамттай байсан үеэ бодвол гэр бүлийнхэнтэй, аав ээжтэйгээ уулзаад сайхан байна. Хүн чинь сэтгэлийн амьтан. Сэтгэл санаа сэргээд гоё болсон.

Гянданд байх хугацаандаа эрүүдэн шүүлтэд өртсөн, зүй бус харьцсан гэдэг үндэслэлээр таныг батлан даалтад гаргасан. 10 орчим минутын нэг бичлэг байдаг. Таныг хэдий хугацаанд яргалж, дэглэж байсан юм бэ?

Намайг анх 2013 оноос хойш л мөрдөн шалгасан юм. Тэр цаг үеэс хойш гэж тооцвол найман жил гаран хохирч явна. 2015 оны найман сард намайг гэрт байхад минь толгойд хар уут углаад хулгайлаад аваад явсан. Би айлаас өнчин ишиг ч хулгай хийж байгаагүй. Хийгээгүй хэргийн төлөө өнөөдрийг хүртэл гүтгүүлж яваа. Хүн алчихаад яагаад ирдэггүй юм гээд л шууд тулгасан. Тэр бичлэг чинь жаахан хэсэг нь.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн байна гэдгийг Улсын дээд шүүх тогтоосон. Үүнээс хойшхи шийдвэрүүд нь ч бас үнэн зөв гарах байх гэж итгэж байна. Энэ хэргийг ахиад шалгаж байгаа. Хурдхан шиг шийдэж ЦАГААТГАЖ ӨГӨӨСЭЙ л гэж хүсэж байна.

Яг тийм яргалал, эрүүдэн шүүлтэд хэр удаан хугацаанд байсан юм бэ?

Мөрдөнд, зоорийн давхарт ная хоног яргалал дунд байсан. Тэгээд ШШГЕГ-ын анги байгууллагуудыг дамжаад үндсэндээ 5,9 жил дэглэлт, дарамтад байлаа. Үнэхээр хүнд байсан.

Ямартай ч хэргийг ахиад шалгаж эхэлсэн. Шүүхээс эцсийн шийдвэр гартал хүлээж таарах нь. Батлан даалтад гараад харьцангуй чөлөөтэй байгаа. Нийгмийн амьдралд хэр дасаж байна вэ?

Ар гэртэйгээ, ах дүүстэйгээ уулзаад сэтгэл өөдрөг байна. Одоогоор ажил хийх боломжгүй байгаа. Шоронд байхдаа эрүүл мэндээр их хохирсон. Эмчилгээ хийлгээд, эмнэлэг явж байна. Манайх долоон хүүхэдтэй. Хоёр том нь тусдаа гарчихсан. Ажил эрхлэх боломжгүй учраас хүүхдүүдийнхээ мөнгөөр л амьдарч байна даа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.