Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-наас энэ сарын 16-ны пүрэв гарагт “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос эл хурлын талаар тодрууллаа.
-Монгол Улсад хууль зүйн салбар үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан ирэх пүрэв гарагт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Эл хуралд хэчнээн орноос судлаачид оролцож, манай хууль эрх зүйн орчны юуг нь голлон ярилцах юм бол?
-Монгол Улсад хууль зүйн алба үүссэний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан ХЗДХЯ-наас олон улсын эрдэм шинжилгээний хурлыг сэдэвчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд болох “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар зөвхөн эдийн засаг, бизнесийн асуудлыг тойрч ярилцахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, 1992 онд баталсан Үндсэн хуульд заасан шударгаар бизнес эрхлэх, өмчтэй байх эрхийн баталгаа хэрхэн хангагдсан, шударга шүүхээр эрхээ хамгаалуулж чадаж байгаа, эсэхэд тулгарч буй асуудлуудыг ярилцана. Ялангуяа эдийн засаг, бизнесийн маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй сорилт, бэрхшээл, энэ төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүх эдийн засаг, бизнесээ дэмжсэн шийдвэр гаргаж чадаж байна уу гэх зэргийг хөндөн хэлэлцэхээр төлөвлөөд байна. Эл хуралд Монголын хуульч судлаачдаар тогтохгүй гадаадын улс орноос энэ чиглэлийн эрдэмтдийг оролцуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангасан. Одоогоор ОХУ, ХБНГУ, БНСУ, Казахстан, Японоос эрдэмтэд оролцоно гэдгээ илэрхийлээд байгаа.
-Монгол Улс хувийн эрх зүйн чиглэлийн хууль тогтоомжоо цаг үеийн нөхцөл байдал, техник технологийн хурдацтай уялдуулан шинэчлэн сайжруулж чадаж байгаа юу?
-Аливаа эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хууль, эрх зүйн үүрэг чухал болоод байгаа. Өнгөрсөн хугацаанд Иргэний хуулийг 2002 онд шинэчилснээс хойш хэд хэдэн хуулийг өөрчлөн шинэчилсэн ч техник технологийн хурдацтай хөгжлийн явцад эдийн засаг, бизнесийн харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг маань зарим талаар учир дутагдалтай нь харагдах болсон. Шүүхийн нэгдмэл практик ч тогтоож өгөхгүй байна. Шүүх янз янзын шийдвэр гаргадаг нь эдийн засгийг боомилогч гол хүчин зүйл болчихоод байгаа юм. Эдийн засгийн харилцаанаас үүдээд янз бүрийн маргаан үүсэх нь ойлгомжтой. Уг маргааныг түргэн шуурхай, шударгаар шийддэг, гэрээний хэрэгжилтийг нь хангадаг байх үүднээс эрх зүйн орчноо зайлшгүй сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн шүүхээс гарсан хүчин төгөлдөр шийдвэр зайлшгүй хэрэгждэг нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй бол цаашдаа бизнес эрхлэхэд ч, олон улсын байгууллагуудын индексээр ч манай улсын гол бэрхшээлтэй асуудлуудыг нэг болж хувираад байгаа юм.
-Улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж олон ч үйл ажиллага явуулдаг нь цөөн байдаг. Бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг хуулийн төсөл боловсруулахдаа ХЗДХЯ сонсож чаддаг уу?
-ХЗДХЯ-наас бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сүүлийн 4-5 жилийн хугацаанд сонсож ирлээ. Энэ хүрээнд цөөнгүй хуулийн төсөл бэлэн болгоод байна. Жишээлбэл, бизнест орох, түүнээс яаж гарах вэ гэх зэрэг асуудал байдаг. Бизнесээс гарах харилцаа гэж бий. Зарим тохиолдолд төлбөрийн чадваргүйгээс болж компаниа татан буулгах харилцаа байдаг. Манайд энэ нь боловсронгуй болоогүйгээс шалтгаалж бизнес эрхлэгчдийн дунд “зомби” гэж нэрлэдэг, үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь тодорхойгүй аж ахуйн нэгжүүдийг бий болгодог. Бизнес тодорхой хэмжээнд амжилттай хэрэгждэг байхад нөгөө талдаа эрсдэл үүрэх нь ч бий шүү дээ. Төлбөрийн чадваргүйгээс болж, дампуурлын харилцааг тодорхой болгож өгөөгүйгээс хуулийн этгээдийн улсын бүртгэлд 200 000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Үүнээс 70 000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байхад бусад нь зогсонги байж, бизнесээсээ гарч чаддаггүй.
-Тэгэхээр Дампуурлын тухай хуулийг шинэчлэх шаардлага тулгарчээ дээ.
-Дампуурлын тухай хуулийг шинэчлэхийн ач холбогдол нь юу вэ гэвэл тухайн бизнес эрхлэх гэж буй хүний эрсдэлийг хуваарилах, бизнесийг нь аварч үлдэх, ажлын байрыг хадгалах, дахин зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчид хоёр дахь боломж олгох чиглэлд энэ хууль маань үйлчлэх ёстой. Энэ хуулийг шинэчлэн найруулж боловсруулаад дууссан. Төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа гэх зэрэг нэршилтэй болгох зэргээс авхуулаад олон чухал, зайлшгүй шаардлагатай зүйлсийг хуулийн төсөлд тусгаад байна.
-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж харж байгаа. Харин эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах боломжтой бол?
-Өнгөрсөн хугацаанд оюуны өмчийн чиглэлээр хууль эрх зүйн орчноо сайжрууллаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтцээ өөрчлөх, инновацад суурилсан бизнес эрхлэхийн тулд оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулж байж, тухайн бизнес өндийж хөгжих бололцоо гарна. Оюуны өмчийн эрхийг нь хамгаалж өгсөн бизнес эргээд зөв зохистой арилжаанд оруулж, үнэ цэнтэй болж, үр өгөөжийг нь бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчид хүртэнэ. Өнгөрсөн жил хийсэн гол ажлын нэг бол оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр дөрвөн багц хууль УИХ-аар батлуулж хэрэгжүүлж эхэлсэн явдал байгаа. Үүнийг дагаад оюуны өмчийн эрхийн үнэлгээ, хөрөнгө оруулалтад тооцож болох эрх зүйн орчин, оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотойгоор ашиг хуваарилах боломж зэргийг эрх тэгш болгох зэрэг олон өөрчлөлт хийлээ. Цаашдаа шийдэх олон асуудал бий. Энэ бүгдийг шийдэх, гадаадын туршлага судлах, бусад ижил төстэй орнууд хувийн эрх зүйн шинэтгэлээ хэрхэн хийсэн, ямар арга замаар явуулсан, ямар сорилт тулгарсан зэргийг нь сонсохын тулд энэ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
-Эх газрын эрх зүйн системтэй орнууд олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор харагдаж байна л даа. Монгол Улс хөрш орнуудынхаа хууль эрх зүйн орчинтой боловсруулан баталж буй хуулиа уялдуулах шаардлагатай байх. Тийм үү?
-Оролцогч орнуудын дийлэнх нь Ром, Германы гэж ярьдаг, эх газрын эрх зүйн тогтолцоотой орнуудыг сонгож урилга илгээсэн. Мөн олон улсын эрх зүйн Гаагын төвөөс ч оролцохоо мэдэгдсэн. Дэлхийн худалдаа, эдийн засгийн байгууллагуудын төлөөллөөс ч албаны хүмүүс оролцох юм. Олон улсын гэрээ, конвенцууд Монгол Улсын хувийн эрх зүйд хэрхэн нөлөөлж байгаа, бизнесийн харилцаанд юунд анхаарах ёстой гэдгийг эл хурлаар ярилцана. Мэдээж эрх зүйн системийг цогц, уялдаатай, бүхэллэг байдлаар бид авч явах ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасанчлан эх газрын эрх зүйд суурилсан тогтолцоогоо авч явж, уламжлалаа хадгалахаар зорьж байгаа шүү дээ.
Дээрээс нь бүс нутгийн эдийн засаг, бизнесийн харилцаанд оролцохын тулд манай улс хувийн эрх зүйн шинэтгэлийг хэрхэн хийж байгааг хөрш орнууд хардаг. Тухайлбал, “Бүс ба зам” санаачилга гэх зэрэг бүс нутгийн хэмжээнд явагдаж буй эдийн засаг, бизнесийн интеграцад оролцохын тулд манай бизнесийн орчин, маргаан шийдвэрлэж буй хууль эрх зүйн орчноо тодорхой болгохыг шаардах явдал бий. Эдгээрийг шийдэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэсэн ойлголт байхгүй. Дотоодын төдийгүй гадаадын иргэд бизнес эрхлэхэд таатай орчин бий болгосон гэж итгэхэд хүнд байгаа учраас бид зайлшгүй хууль эрх зүйн орчноо цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан сайжруулах, хөгжүүлэх шаардлага тулгарсан. Өнөөдөр эдийн засаг, бизнесийн харилцаа цаг мөчөөр хэмжигдэж, асар хурдтай өөрчлөгдөж байгаа шүү дээ.
Нэг эмзэглэмээр тоо баримт хэлье л дээ. 15 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандахад дунджаар 370 хоног явж байж шийдэгдэж байгаа. Үүний зардалд 3.5 сая төгрөг алдчихаж буй юм. Эдийн засаг, бизнесийн маргааныг шийдэж буй манай хууль эрх зүйн орчин зардал ихтэй, эргээд бизнес эрхлэгчдэдээ чөдөр тушаа болсон, бизнесийн итгэлцлэлийг хангаж чадаж буй, эсэх нь ч эргэлзээтэй байдаг. Тиймээс өөрчлөлт авчрахын тулд энэ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм. Засгийн газрын тэргүүн ч эдийн засгийг эрчимжүүлэх бодлогоо зарласан. Энэ хүрээнд ч гэсэн эл ажлууд уялдаж, Засгийн газрын бодлогыг дэмжин ажиллах чиглэлтэй явна гэсэн үг.
Эх сурвалж: Өдрийн сонин Г.ЦОЛМОН
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин