Танд шинэ оны мэнд хүргэе. Он солигдохоос өмнөхөн МҮЭХ-ны Ерөнхийлөгч болсонд тань баяр хүргэе.
Баярлалаа. Миний бие ажлаа аваад удаагүй байна. Гэхдээ энэ бол миний өмнө нь ажиллаж байсан салбар учраас шинэ зүйл байсангүй ээ. Хөдөлмөрчдийнхөө төлөө тэмцэх тэмцлээ эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд буй Хөдөлмөрийн тухай хуулийн талаар таны байр суурийг сонирхъё. Мянга мянган хөдөлмөрчдөд хамааралтай чухал хууль шүү дээ?
Таван Засгийн газар, гурван парламент дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 13 бүлэг, 166 зүйлтэйгээр өнгөрсөн онд УИХ баталлаа. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос хүчин чармайлт их шаардсан хууль боллоо.21-р зууны залуучууд Монголдоо сайхан амьдарч, ажиллах, хараат бус дарамт шахалтгүй, шудрага цалин хөлс авах, ажлаа тараад гэртээ харихад сэтгэл хангалуун байдаг таатай нөхцөл бүрдүүлэхүйц хууль болсон. Есөн жилийн хугацаанд тал талаас ярилцан хэлэлцэж олон хүний хүчин чармайлтын үр дүнд энэ хууль батлагдлаа. Ажил олгогч, ажилтанд ээлтэй хууль болсон гэж үзэж байгаа. Хуулийг зөв хэрэглэж, хэрэгжүүлэх нь л чухал. Удирдлагууд хуулиар далайлган сүрдүүлдэг байж болохгүй. Тийм эрсдэлд оруулаад байвал тухайн ажилтанд ганц л эрх байгаа. Ажлаа хаяад гарах эрх. Тийм байдалд битгий оруулаасай.
Бүх байгууллагууд маань үйлдвэрчний эвлэлтэй болох ёстой. Ажилтаныг 30 хоногийн хугацаанд тогтоон барих ганц л арга байдаг нь уур амьсгал бүрдүүлэх юм. Тэгж байж ажилтан ажил олгогч хоорондын харилцаа үүснэ. Хөдөлмөрийн гэрээн дээрээ анхааралтай хандаарай, Ийм бага цалинтай, тийм хүнд нөхцөлд байснаас гээд хаяад явдаг. Тухайн байгууллагад ажилтнаа тогтвор суурьшилтай үлдээх 12 сарын хугацаа байдаг. Жилийн эцэст урамшуулж, та манай байгууллагад ийм хэрэгтэй хүн шүү, үр бүтээлтэй байлаа гэдгийг мэдрүүлэх юм. Үүнд хүний нөөцийн ур чадвар, удирдлагын хүнлэг чанар ихээхэн нөлөөлнө.
Судлаачид, мэргэжилтнүүд эмэгтэй ажилчдад ээлтэй, ажлын байран дахь бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллийг халсан онцлогтой хууль боллоо гэж үзэж байна. Ажилтан, ажил олгогч хоёрын хувийн харилцааг хэрхэн яаж хязгаарласан юм бэ?
Эмэгтэй ажилчдад ээлтэй хууль баталсан нь ажлын байрны бэлгийн дарамт гэдэг далд тахлын эсрэг хуулийг баталлаа. Дарга нь ажилтнаа, ажилтан нь ажилтнаа дарамталдаг байдал халагдлаа гэж ойлгож болно Ажил олгогч гэхээрээ хаан биш, ажилчин гэхээрээ боол биш гэдгийг ухамсарлаж ажлын таатай орчин нөхцөлөөр хангах байдал дутагдаж байна. Газар тариалан, уул уурхайн салбарт иргэд гэр бүлээсээ хол бүтэн сар, улирлаар ажиллаж байна. Үүний дээд хэмжээ нь 14 хоногоос хэтрэхгүй байхаар хуульд тусгаж оруулсан. Мөн хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийг хориглох, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, эмэгтэй ажилчдыг илүү цагаар ажиглуулах, хөдөө томилолтоор олон хоног явахыг хязгаарлаж өгсөн зэрэг амьдралтай илүү ойр хүнлэг энэрэнгүй хуулиуд батлагдлаа.
Ажилчдад хариуцлага тооцох сахилгын шийтгэлийн төрлүүд нэмэгдсэн. Хуучин шууд ажлаас халдаг байсан бол одоо сануулах, нээлттэй байдлаар сануулах болсон. Сахилгын шийтгэл дээр болгоомжтой хандаарай. "Үл өрсөлдөх гэрээ" "Нууц хадгалах гэрээ" эдгээрийг ажил олгогч нар зөв хэрэгжүүлээрэй. Учиргүй бүхнийг нууц гэж тамга дараад, чи дүрэм зөрчлөө гээд торгоод байж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго бол Хүнлэг, Бүтээмжтэй, Монголдоо сайхан амьдрах нөхцөл боломжийг тавьж өгөх, ажилтан бүр ажил олгогч бүр хуулиа уншиж мэдээрэй зөвөөр ашиглаарай. Эрх үүргээ мэдээрэй.
Ажил олгогчийн бэлдсэн загварын хууль дээр шууд гарын үсэг зурж болохгүй. Ажил олгогч ажил горилогч хоёр тал харилцан ярилцаж ойлголцох нь чухал юм. Ингэсээр эерэг уур амьсгал бүрдүүлж, хамтын гэрээгээ сайн хэрэгжүүлдэг байгаарай гэж хүсье. Ийм өөрчлөлтийг эртнээс хийгээгүй болохоор манай улс дэлхийгээс хоцроод байна. Хувийн хэвшлийн салбарт цалинг нь өгдөггүй, хариуцлагын асуудал эрүүл ахуйн аюулгүй байдал ажлын байрны хэдэн сараар туршилтаар цалингүй ажиллуулдаг асуудал их байна. Цаасан дээрх гэрээнээс илүүтэй бие биедээ итгэх "Итгэлцэл" гэдэг зүйл чухал шүү гэдгийг онцлох нь зүйтэй байх. Хөдөлмөрийн хууль - Хөгжлийн хууль болно гэдэгт итгэлтэй байна. Бэлэн бэлдсэн ажлын гэрээ хэргэлдэг, ажилтнаа сонсдоггүй. Бид хөдөлмөрийн бүдүүлэг байдлаас болоод залуучууд маань гадаад орныг зорьдог.
Хүний эрхийг дээдэлдэг ажил олгогч, удирдагчийг бэлтгэх, ажлаа чанартай, сайн гүйцэтгэдэг ажилтанг энэ хуулийн хэрэгжилт харуулна гэж ойлгож байгаа, зөв үү?
Миний хувьд хамт олны уур амьсгал, сэтгэл зүйг эн тэргүүнд тавьж ажиллахыг хичээдэг. Уур амьсгал сайхан бүрдсэн газар хүнлэг ёс, бүтээлч байдал дандаа хамт байдаг. Гагцхүү ямар ажил олгогч вэ гэдгийг хамт олон маань хэлэх биз ээ. Орчин үеийн удирдлагын түвшин дэх шинэ залуу дарга нар ажилтнаа мэдэрч ойлгодог, нийгмийн хэрэгцээг нь анзаардаг, чадварыг нь хөгжүүлэх тал дээр дэмждэг байгаарай. Хэрхэн сайн хууль болсон эсэхийг цаг хугацаа харуулна. Илүү цалин авах ёстой бол нэмүүлэх, шудрага хөдөлмөрийг шаардах эрх танд бий. Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэж болдог учир бидэнд хандаарай. Хүний эрхийг дээдэлдэг, хүний нөөцөө дээд түвшинд хүртэл хөгжүүлдэг орон болохын төлөө хичээцгээе.
Даавууны долоо хоног буюу шинэ аавын цалинтай чөлөө цагдаа хүчний байгууллага бусад тусгай албаны залууст хүртээмжтэй байж чадах уу?
Энэ хууль ямар ч тусгай мэргэжлийн хүмүүст эрх тэгш үйлчлэх ёстой. Өмнө нь даавууны долоо , 10 хоногийн чөлөө албан бусаар мөрдөгдөж байсан. Тухайн жирэмсэн эх гэнэт нэг өдөр төрөхгүй шүү дээ. Бүтэн жилийн турш тээж байх хугацаанд хүний нөөцийн менежер үүнийг судалж зохицуулах ур чадварын асуудал юм. Ажилтных нь хүүхэд төрөхөд эцэгт цалинтай чөлөө өгөх нь хүнлэг, хүртээмжтэй хууль юм. Учир нь шинэхэн ээжид нөхрийн халамж анхаарал хэрэгтэй, гам алдах эрсдэл, эрүүл мэнд Монгол хүний дундаж наслалт гэх мэт ардаа олон чухал хүчин зүйлсийг багтаасан заалт болсон. Иргэддээ барьж буй нэг талын бэлэг юм. Орчин үед ажил олгогчид ажилтан гэхээсээ илүү миний хамтрагч гэж хардаг болсон байна. Танай ажилтан өнөөдөр ажилдаа ирэхдээ сэтгэл дүүрэн байж чадаж байна уу, Удирдлагууд энэ талаас нь нэг хараарай Ажилтан бол байгууллагын өмч биш, таны боол биш, байгууллагын маань ирээдүй, хамгийн том амжилтын түлхүүр юм гэсэн хандлагатай байгаасай.
Хууль сурталчлах тал дээр танай хамт олон хэрхэн ажиллаж байна вэ?
Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хууль сурталчлах ажлыг шат дараатай хийж, илүү ойлгомжтой байлгах үүднээс видео контентыг иргэддээ хүргэхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ УИХ-аас дэмжиж хуулиа сурталчлах ёстой. Ажилтан, ажил олгогч талууд маань хуулиа сайтар судалж, талууд нэгэн үзэл санаан дор нэгдэж ажиллаарай. Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийн хувьд зөрчил, зөв шийдвэр байж гэсэн үнэлэлт дүгнэлт давхацсан онцгой жил байх болно. Хүнээ дээдэлсэн, ажил олгогчоо хүндэтгэсэн харилцан ашигтай, бүтээмжтэй хууль байгаасай гэж энэ хууль батлагдлаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингийн үнэлэмж нэмэгдэх боломжтой юу?
Монгол улсад хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй доогуур байна. Тогтвор суурьшилгүй ажиллах, тухайн ажлыг орхиод явахад хэзээд бэлэн байгаа шалтгаан энэ болоод байна. 2021 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх ёстой байсан. Үйлдвэрчний эвлэлийн хороо 2021 оны сүүлээр саналаа өгч, ажлын хэсэг гараад ажиллаж байна. Удахгүй цалингийн үнэлэмж нэмэгдүүлэх асуудлыг ярина. Хувийн хэвшлийн салбаруудаа бодлогоор дэмжих нь зүйтэй. Өргөн хэрэглээний бараа материалын үнэ 20%, шатхууны үнэ 40%, цаашид инфляц дахиад ч өсөх хандлагатай байна. Тэтгэвэр, халамж, цалингийн үнэлэмжийг инфляцаас хамгаалахын тулд олгох мөнгөн хэмжээг өсгөх нь зүйтэй юм. Цалин орлого үнэ, инфляцаасаа түрүүлдэг байх ёстой. Манай орны хувьд хоцроод байна.
2025 онд Цалин хөлс, орлогийг 2 дахин нэмэгдүүлнэ. Орлого гэдэг нэгжид өрхийн цахилгааны дулаан хөнгөлөлт, хүүхдийн мөнгөн тэтгэмж, өндөр настны тэтгэвэр, халамж нэмэгдэх, хувьцааны ногдол ашиг авдаг нэмэлт орлоготой байх зэрэг олон шинэ дэвшилтэт зорилго тавин ажиллаж байна. Сүүлийн 30 жилд инфляын түвшинг цалин хөлс, орлоготой харьцуулан харахад өсөлт байхгүй, дийлэнх нь ядуу амьдарч байна. Нэн тэргүүнд цалин хөлсийг нэмэх хэрэгтэй байна. "Халамжаас хөдөлмөрт" халамж хүртэж байгаа бүлэгт халамжийг нь тултал нь өгдөг 180.000₮ байгааг 400.000₮ төгрөгт шилжүүлэх ёстой.
Мөн хүртээмжтэй байхад нөлөөлөх чухал хэсэг бол хувийн хэвшил буюу баялаг бүтээж байгаа салбар юм. Оюу Толгойд ажилладаг Монгол инженер гадаад инженертэй адилхан өндөр цалин яагаад авч болохгүй гэж ?
Нийт ажиллах хүчний 20%-тай тэнцэх залуучууд гадаадад бүтээн байгуулалт хийж байна гэсэн тоон судалгаа байна. Энэ бол манай орны хөгжлийн алдагдсан боломжууд бий болж байна. Бүтээмжид нь таарсан цалин хөлс өгдөг болж залуусаа гадаадын оронд алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Өрмийг нь өөрөө аваад хусмыг нь ажилтандаа өгдөг ажил олгогч хандлага хоцрогдсон. Ажилтнаа тултал нь урамшуулж, хөгжүүлж чаддаг дарга нар энэ нийгмийг авч явж байна.
Танай байгууллагын цаашдын зорилт төлөвлөгөө юу байна вэ?
Төрийн бодлогоо зөв зангидаж, томоохон бүтээн байгуулалтын ажлыг нийт хүн амын цалин орлоготой уялдуулж байж улс орон хөгжинө. Байшин барилга, зам тээвэрийг тэргүүнд бий болгож хөгжүүлээд дараа нь иргэдийнхээ цалинг нэмэгдүүлж, амьдрал ахуйг дээшлүүлнэ гэсэн бодлого байх боломжгүй ээ. Бид хувийн хэвшлээ ч дэмжинэ, төр засгаа ч дэмжиж буруу зүйл дээр шахаж шаардаж ажиллах болно. Хөдөлмөрчдийг төр засагтай холбох гүүр болон ажиллаж, шинэ хөгжлийн төлөө шударга бодлого хэрэгжүүлнэ. Монголын үйлдвэрчний эвлэл дандаа шахаж шаардаж байдаг гэж битгий хараарай. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлснээр дундаж наслалт нэмэгдэж амьдралын чанар сайжирч, эрүүл сэтгэл зүйтэй залуус энэ улсыг босгож бүтээн байгуулж чадна. Монгол улсын мянга мянган залуус маань хүсэл эрмэлзэл дүүрэн эх орондоо ажиллаж хөдөлмөрлөдөг байх болтугай. Үйлдвэрчний эвлэлийн хороо бие даасан, хараат бус хүнлэг энэрэнгүй, хөгжингүй улс нийгмийн төлөө манлайлж ажиллах болно. Баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин