Короновируст халдварын омикрон хувилбар манай улсад бүртгэгдэж халдварын тоо шинэ оны дараагаас өсөж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс иргэдийг дархлаажуулалтын IV тунд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.
-Шинээр бүртгэгдсэн омикрон хувилбараас шалтгаалан нийслэлд төдийгүй улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдэж байна. Эмнэлгийн ачаалал хийгээд халдвараас сэргийлэх ажлын талаар мэдээлэл өгнө үү?
-Халдварт өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээнд хоёр зүйл маш чухал байдаг. Нэгдүгээрт өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалт. Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Өнгөрч буй хугацаанд дархлаажуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн 50.8 хувь нь III тунд хамрагдсан бол IV тунд 25881 хүн буюу 2.7 хувь нь хамрагдаад байна. Иргэдийг IV тунд хамруулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал нэгдүгээр сарын 7-ны өдөр гарсан. Тушаал гарснаас хойших 10 хоногийн хугацаанд хүн амын 2.7 хувь нь вакцин хийлгэсэн гэхээр хүмүүс идэвхтэй хамрагдаж байна гэсэн үг. Вакцинд хамрагдсан иргэдийн хувьд хүн амын дунд үүсэх халдварын хүндрэл бага байна.
Хоёрдугаарт, онцлон дурдах гол зүйл бол халдварт өвчний үед иргэдийн хөдөлгөөнийг багасгах, иргэд хоорондын зай барих, халдвартай иргэнтэй харьцахгүй байх, халдвар авсан иргэд бусдад халдварлуулахгүй байхад анхаарах ёстой. Гэтэл шинэ жилийн үеэр энэхүү дэглэм алдагдсан. Тиймээс ч 2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног эхлэх үеэс халдварын тоо огцом нэмэгдсэн. Мөн халдвар авсан хүмүүсийн дотор коронавирусийн омикрон хувилбар оношлогдсон. Омикрон хувилбар нь өмнөх дэгдэлтийн бусад хэлбэрийн вирусээс халдварлуулах идэвх нь илүү өндөр. Дельта, альфа хувилбарын халдвар нь агаар дуслын замаар дамждаг байсан бол омикрон хувилбар бол аэрозоль байдлаар агаараар дамжиж байна. Тиймээс халдвар маш хурдтай тархаж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар халдвар авч эмчлүүлж буй иргэдийн өвчлөлийн байдлыг ажигласан эмч нарын ажиглалтаар омикрон хувилбарын халдварт өртсөн иргэдийн өвчин зовуурь хөнгөн, хатгаа үүсэх нь бага, халдварын үе богино хугацаанд үйлчилж байгаа мэт боловч халдвар авч буй хүний тоог огцом нэмж, хууч өвчтэй, хатгаа болон уушгины үрэвсэл тусч байсан зэрэг хүмүүст хүндрэл учирч байна. Тэдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ ч ор хоног нь өмнөхөөс уртсах эрсдэл үүсэж байна.
-Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа. Нэмэлт IV тунд зорилтот бүлгийн зарим иргэдийг эмнэлгийн заалтаар хамруулж өвчлөлөөс сэргийлэхээр шийдвэрлэсэн юм байна?
-Нэмэлт III тун болон IV тунд иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа. Гэсэн хэдий ч олон улсын хэмжээний судалгаа шинжилгээнээс харахад омикрон хувилбарын халдвар нь архаг хууч өвчтэй, уушгины хатгаа болон үрэвсэлт өвчин, эмгэгээр өвдөж байсан хүмүүст эрсдэлтэй тусч байгаа. Тиймээс тэдгээр иргэдийг эрсдэлээс сэргийлж IV тунд хамруулж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалд дурдсанчлан нэмэлт III тунд хамрагдсанаас хойш гурван сарын дараа, мөн ковидоор өвдсөнөөс хойш гурван сарын дараа IV тунг хийлгэх юм.
-Вакцинжуулалтын цэгүүд хаана байрлаж байгааг мэдэхгүй иргэд цөөнгүй байна. IV тун хийлгэх иргэд хаана хандах вэ?
-Сүүлийн улирал гаруйн хугацааны туршид вакцинжуулалтыг нийслэлийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвд хийж байгаа. Тухайн хорооны Иргэний танхим болон Өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалт хийж байна. Мөн томоохон худалдааны төвүүдэд дархлаажуулалтын баг ажиллаж байгаа. Дүүрэг тус бүрд нэг худалдааны төвийг сонгон дархлаажуулалтын түр цэг нээсэн. Түүнчлэн 100-аас дээш ажилчидтай байгууллага захиалга өгч, байгууллага дээрээ вакцины нэмэлт тунд хамрагдаж болно.
-Шинэ хувилбарын халдвар хурдтай тархсанаас үүдэн Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон эмнэлгүүдийн ачаалал хэр нэмэгдэж байна вэ?
-Нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан маань ковидын халдварын хариу арга хэмжээнээс гадна нийслэлийн 1.6 сая хүн амд үндсэн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тиймээс эмнэлгийн ажилтан албан хаагчдын ачаалал асар их байна. Энэ байдал нэг сар үргэлжлээгүй, бүтэн жил орчим үргэлжилж байгаагаас хүний нөөцийн хомсдолд орох, эмнэлгийн ажилтан албан хаагчид халшрах байдал ажиглагдаж байна. Хэдийгээр нэг давлагаанаас нөгөө давлагааны хооронд хүмүүсээ амраах, зарим нэг тоног төхөөрөмжийг сэлбэн шинэчлэх ажлыг хийж байгаа ч хүний нөөцийн хомсдол үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, 469 резидент эмч нарыг нийслэлийн иргэдийн тусламж үйлчилгээнд ажиллуулахаар өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хуваарилсан боловч тэдний 60 хувь нь л ажиллаж байна. Үлдсэн 40 хувь нь огт ирэхгүй байна. Үүнээс болж төлөвлөсөн хэмжээний хөнгөлөлт тусламж эмнэлгүүдэд хүрч чадахгүйд хүрсэн. Халдварын тоо нэмэгдэх тусам нэмэлт баг гаргаж байгаа. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 160 багт 705 эмч, сувилагч ажиллаж байна. Ард иргэдийн захиалгаар үйлдвэр аж ахуйн газарт очихоор бол нэмэлт баг ажиллуулна. Өнөөдөр л гэхэд Ковидын амбулатори үзлэгийг 12 эмнэлэгт үдшийн 20:00 цаг хүртэл хийхээр шийдвэрлэсэн. Эдгээр эмнэлгүүд нь цээжний зураг /рентген/ авах боломжтой эмнэлгүүд юм.
-Ковидын халдвар авсан хүмүүс гэрээр хэд хоног эмчлүүлэх вэ, давтан өвдсөн хүмүүст эмнэлгийн бичиг өгөх үү, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэрээр ажиллах боломжтой юу гэсэн асуултыг иргэд их асуудаг. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Омикрон хувилбарын халдвараар өвдсөн тохиолдолд халдварын нууц хугацаа богино, хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа. Ийм нөхцөлд 3-5 хоногт шинж тэмдэг арилж, халдварлах эрсдэл ч мөн бага байна гэсэн үг. Гэхдээ энэ бол вакцины суурьтай хүмүүст ажиглагдаж байгаа шүү. Гэхдээ тухайн хүнийхээ биеийн онцлогоос хамаарч хүндэрч болзошгүй. Цөөн тохиолдолд уушгины хатгаа болж хүндэрч байна. Дийлэнх нь амьсгалын дээд замын өвчлөл хэлбэрээр илэрч байгаа. Тиймээс богино хугацаанд даван туулах боломжтой. Хөнгөн туссан хүмүүс, залуучууд маань Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд болон 119 тоот утсаар зөвлөгөө авах, эмийн багцаа авч гэрээр эмчлэх боломжтой юм. Бага насны хүүхэдтэй хүмүүсийн хувьд тухайн байгууллага онцлогтоо тохируулан байгууллага дотроо шийдэх асуудал юм.
Эцэст нь халдвар авахгүйгээр өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ хамгаалахад анхаарах нь хамгаас чухал байна. Дэлгүүр, зах худалдааны төвүүдээр явахгүй байх, олон хөлийн газар болон битүү орчинд удаан хугацаанд байх нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг сануулъя.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин