Х.Заяажаргал: Зээлийн батлан даалт сан нь зээлдэгчийн эрсдлийг хариуцдаг биш хүссэн санхүүжилтээ олж авахад нь дэмжлэг үзүүлдэг байгууллага
Ярилцлага
/
2022-01-20

Зээлийн батлан даалтын сангийн, батлан даалтын хяналт, өрийн удирдлагын газрын дарга Х.Заяажаргал : Зээлийн батлан даалт сан нь зээлдэгчийн эрсдлийг хариуцдаг биш хүссэн санхүүжилтээ олж авахад нь дэмжлэг үзүүлдэг байгууллага.  

 

  1. Батлан даалт гаргуулахад тавигдах шалгуур гэж бий юу?

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд батлан даалт гаргуулах гэж байгаа зээл хүсэгч нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлсэн байх, барьцаа хөрөнгө нь хүссэн зээлийн хэмжээнд хүрэлцэхгүй байх гэдэг ерөнхий 2 шалгуур байдаг.

Батлан даалт гаргуулахын тулд эхлээд сантай гэрээ байгуулсан банкаар зээлээ судлуулах хэрэгтэй. Банк зээл олгох шийдвэр гаргасныхаа дараа батлан даалтын хүсэлтийг манай санд ирүүлдэг байгаа.

  1. 2. Батлан даалттай зээл авсан аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүйд хүрвэл танай байгууллага зээлийг нь төлнө гэсэн үг үү?

Батлан даалт гэдэг бол харилцагчийн өмнөөс гуравдагч этгээдэд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахыг нотлож, чадахгүй тохиолдолд өмнөөс нь хариуцлага хүлээхийг хэлдэг.  Гэхдээ Зээлийн батлан даалтын сан бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих санхүүгийн механизм. Өөрөөр хэлбэл “эрсдэлийг нь хариуцана” гэхээсээ илүү санхүүжилт авах боломжийг нь бүрдүүлж өгдөг байгууллага гэж ойлгох хэрэгтэй.

  1. 3. Батлан даалтын үүргээ биелүүлсэн тохиолдол бий юу? Байгаа бол тоо баримт хэлж болох уу

Батлан даалтын үүрэг гүйцэтгэх нь банк болон сангийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагддаг. Энэ харилцааг энгийн байдлаар тайлбарлавал зээлдэгчийн өмнөөс банканд батлан даалтын үүрэг гүйцэтгэснээр зээлдэгчийн банканд байсан хугацаа хэтэрсэн зээлийн тодорхой хэсгийг Зээлийн батлан даалтын санд шилжүүлэн авч байна гэж ойлгож болно.  

Сан нь өнгөрсөн хугацаанд 8 банканд 36  жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн өмнөөс нийтдээ 3.6 тэрбум төгрөгийн батлан даалтын үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ковидын өмнөх жилүүдэд жилд дунджаар 272.1 сая төгрөгийн үүрэг гүйцэтгэлийг хийж байсан бол сүүлийн жилүүдэд тухайлбал 2020-2021 онуудад жилд дунджаар 1.3 тэрбум төгрөгийн батлан даалтын үүрэг гүйцэтгэсэн байна.  

  1. Таны хэлж байгаа батлан даалтын үүрэг гүйцэтгэлээс үүссэн дээрх авлагыг хэрхэн яаж барагдуулдаг вэ

Зээлдэгчийн өмнөөс банканд батлан даалтын үүрэг гүйцэтгэж байгаа мөнгө бол дараачийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг болох батлан даалтын эх үүсвэр. Иймд үүрэг гүйцэтгэлээс үүссэн авлагыг зээлдэгч заавал төлөх үүрэгтэй. Үүссэн авлагыг барагдуулахын тулд зээлдэгчтэй төлбөрийн хуваарь бүхий  авлагын гэрээ байгуулж төлүүлэх үйл явц /ажил/  явагддаг. Зээлдэгч өр төлбөрөө төлөхгүй тохиолдол гарвал шүүхийн журмаар шийдүүлдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.207.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.