Намрын чуулган хаалтаа хийсэн ч УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдаж байгаа. Улстөрч.мн сайт чуулганы завсарлагааны үеэ УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гишүүнтэй уулзаж ярилцлаа.
Намрын чуулганы хуралдааны хугацаанд та ганцаараа болон хамтарсан хуулийн төсөл хэчнээнийг санаачилж өргөн барьсан байна вэ. УИХ-ын гишүүний хийх ёстой үндсэн ажил нь хууль санаачлан батлуулах шүү дээ?
Намрын чуулган маш ажил хэрэгч чуулган болж өнгөрлөө. Энэ хугацаанд миний бие Хөрөнгө оруулалтын тухай хууль, МҮХАҮТ-ын тухай хуулиудыг өргөн барьсан. Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажилладаг. Эдийн засгийн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг. Энэ хүрээндээ Боловсролын багц хуулийн Мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг ахлан ажиллаж, ажлын хэсгийн хуралдаанаа хийчхээд байж байна.
Та эдийн засагч хүн. Монголчууд сүүлийн гурван жил эдийн засгийн хүндрэл дунд байлаа. Хямралд их өртсөн салбар нь жижиг дундынхан байлаа. Бид энэ хямралаас яаж гарах вэ?
Эдийн засагтай холбоотой хамгийн чухал хууль бол худалдаа аж үйлдвэрийн тухай хууль. Үүнийг хэрэгжүүлэхэд Зөвшөөрлийн тухай хуулийг өөрчлөх ёстой. 160 гаруй хуулийг энэ хууль хөнддөг. 2001 онд баталсан Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулиар 212 тусгай зөвшөөрлийг зохицуулсан. Түүнээс хойш жил болгон зөвшөөрлийн тоог нэмэгдүүлсээр одоо 998 тусгай зөвшөөрөлтэй болчихсон. Дээр нь сайдын тушаал, салбарын зохицуулалт гээд 1500 гаруй болчихсон. Энэ бүхэн нь аж ахуй эрхлэгчдэд асар том дарамт болж байгаа. Тийм учраас энэ хуулийг өөрчилж зөвшөөрлийн тоог бууруулж 400 болгоно.
Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Мэргэжлийн боловсролын хуулийг та ахалж байгаа. Өнөөгийн нийгмийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын гол зорилго нь яах аргагүй мэргэжилтэй ажилтан бэлтгэх болчхоод байна шүү дээ!!!
Багш нарын цалин НЭГ САЯ төгрөг болчихлоо. Ур чадварыг нь үнэллээ. Урамшуулал авдаг болно. Удахгүй сурагч бүрт хувьсах зардал тооцож олгоно. Харин мэргэжлийн боловсролын тухай хуульд засаж сайжруулах зайлшгүй хэрэгтэй заалтууд байна. Мэргэжилтэй боловсон хүчин бол манай өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийг тодорхойлж байна. Гэтэл манай өнөөдрийн мэргэжлийн боловсролын тогтолцоо нийгмийн халамжийн шинжтэй болчихоод байна. Энэ чиглэлээр 40 гаруй мянган хүүхэд сурдаг гэдэг боловч яг үнэндээ 26 мянган хүүхэд сурдаг. Бодит байдал нь ийм. Тоо нь яагаад зөрөөд байна вэ гэхээр төрөөс олгодог тэтгэлэгтэй холбоотой. Сар бүр 200 мянга, жилд 1,1 сая төгрөг олгодог. Ингээд суралцагчдын тоотой нь харьцуулаад үзэхээр 12 орчим тэрбумын асуудал үүсэж байна. Нэг үгээр хэлбэл зүгээр мөнгө аваад алга болчихдог гэсэн үг. Хүмүүсээс иргэний үнэмлэхийг нь авч нотариатаар баталгаажуулаад л хуурамчаар бичиг баримт үйлдэж мөнгө аваад байгаа залилангийн шинжтэй үйлдэл. МСҮТ төгссөн хүүхдүүдийн 30 хан хувь нь мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа гарсан. Энэ мэтээр улсын төсвийг шамшигдуулдаг МАФИ сүлжээ үүссэн гэж үзэж байгаа учраас засаж сайжруулна.
Та нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн. Дүүрэг хороондоо хэр анхаарч, тойрогтоо хэр их зүйлийг хийж амжуулав даа?
Сүүлийн 30 жилийн хугацаанд хотын хөгжил маань орон нутгийн хөгжлөөсөө нэлээд хоцорчихсон байна. Жишээ нь, манай Баянгол дүүрэг л гэхэд 25 хорооноос сургуульгүй 11, цэцэрлэггүй таван хороо байна. Сонгогчдодоо миний амласан амлалт бол сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулахад голлон анхаарна гэж хэлсэн. Олон улсын стандартаар бол хамгийн сайн сургууль гэрээс гараад таваас 10 минутын хооронд яваад очих зайтай байх ёстой. Өрхийн эмнэлэг нь, автобусны буудал нь ойрхон байх ёстой. Энэ бол амьдралын стандарт. 2022 оны төсөв Баянгол дүүргээс сонгогдсон гурван гишүүн нийлээд гурван сургууль дөрвөн цэцэрлэгийг дүүрэгтээ шинээр барих төсвийг суулгасан. 2024 он гэхэд манай дүүргийн бүх хороо сургууль, цэцэрлэгтэй болно. Хамгийн чухал шийдсэн асуудал бол сүүлийн 30 жил гар хүрээгүй Эх нялхсын эмнэлгийн бүрэн засвар, өргөтгөл, тоног төхөөрөмжид шаардагдах төсвийг суулгасан. Бага насны хүүхэд унаад бэртчихсэн үед, халуурч, ханиалгасан үед Эх нялхсаас өөр очих газар, хандах эмнэлэг байдаггүй л юм билээ ш дээ. Би өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлээр мэдэрсэн. Ор байхгүй гээд манай эхнэр коридорт, хүүхдээ хараад хэвтэж байсан удаа бий. Тийм учраас энэ эмнэлгийн бүрэн засвар, тоног төхөөрөмжийн зардлыг төсөвт суулгуулж чадсан. Их ч анхаарсан. Заавал засна даа гэж бодож байсан. Нийт 25 орчим тэрбум төгрөгийн төсөв суусан. Дараагийн нэг чухал зүйл бол одоогийн Гандангийн дэнж, хуучны талхын дэнж Баянгол дүүргийн 16-р хороонд ихээхэн анхаарсан. Гаднаас ирсэн зочид, жуулчид заавал Гандангаар ордог. Тэр хавьд жуулчин татах гол хэсэг учраас шашин соёл, хотын түүхийг хадгалсан цогт төв болгон хөгжүүлнэ гэж Ерөнхий сайдад танилцуулсан. Ямартай ч инженерийн шугам сүлжээг байгуулах төсвийг суулгасан.
Яг хэдэн төгрөг суулгасан юм бэ? Өмнө нь манай сайт сурвалжилгаар очиход тэр орчмын айл өрх угаадсаа ил задгай асгасан, золбин нохой муур цугларсан, хүний өтгөн шингэн холилдсон, овоолсон шороотой бохир орчинд л багачууд тоглож байсан. Энэ байдал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй шүү дээ?
Яг үнэн. Харамсалтай нь өнөөгийн байдал нь тийм. 26 орчим тэрбум төгрөг суулгаснаас 2022 онд долоон тэрбумаар нь инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ төсөв хүрэлцэхгүй ч байж магад. УИХ-ын дарга Энэтхэг улсад айлчлахдаа тус улсаас энэ төсөлд хөрөнгө оруулалт, тусламж авах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Энэ мэтээр гадна дотроос хөрөнгө оруулалт татаад 2024 он гэхэд Гандан хавийг тохижуулж, шашин, аялал жуулчлалын цэг болгоно.
Та чухам гэр хорооллын бүс рүүгээ очиж, иргэдтэй уулзсан уу. Тэд таван км алхаж автобус унаандаа суудаг, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хол, гэрэлтүүлэггүй, такси унааны хүрэлцээ тааруу, уулын оройд, түлээ түлшээ холоос авдаг. Худаг ус нь эрт хаачихдаг юм билээ ш дээ. Яг тулаад очвол амьдрал чанга байна лээ шүү дээ?
Амьдрах орчин тааруу, муу байгаатай санал нийлнэ. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн ундны усны хэрэгцээг хангадаг худгуудаас Баянгол дүүргийн худгууд л автоматчилагдаагүй. Бүгд механик ажиллагаатай. Эрт хаачихдаг. Зураг төсөвгүй ямар ч ажилд улсаас мөнгө гаргах боломжгүй. Баянголын гэр хорооллын аль бүсэд хаана нь зам тавих, гэрэлтүүлэг хийх вэ гээд зураг төсөл боловсруулж байна. Зураг төсөв гарсаны дараа төсөв мөнгөний тухай ярина. 10 хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барихаар болсон. Энэ мэтээр 10, 22, 23-р хороодод сургууль, цэцэрлэг, зам гэрэлтүүлэг хийнэ.
Тойрог хороондоо багагүй анхаарч байгаа юм байна. Гол нь таны саяны ярьсан зүйлс яг бодит ажил хэрэг болоосой. Асуулгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбумын зээл. Танил тал, найз нөхдөөрөө дамжуулан зээл авсан гэх яриа нийгэмд тархсан. Үнэний ортой л гэх юм. Та тайлбар хийх үү?
Тухайн үед би бизнесмен байсан нь үнэн. Хоёрдугаарт, миний оролцоо тэр зээлд байхгүй. Гуравдугаарт, би улстөрд ороогүй байсан. Миний хамаарал бүхий л компани зээл авсан. Зээлийн эргэн төлөлт нь хувийн төлөгдөж байгаа. Ер нь бизнес хийж байгаа ч, бизнесгүй ч манай улсын хүн ард бүгд ЗЭЭЛТЭЙ байгаа. 33 тэрбум төгрөг бол ер нь бизнест тийм ч их мөнгө биш шүү дээ. Ялангуяа уул уурхайн бизнест. Байдаг л жижиг зээл. Би тухайн үед Г.Амартүвшинтэй мэнд мэдэхээс цаашгүй. Таних ч үгүй. Дамдиннямыг бол уул уурхайн чиглэлээр мэргэжсэн, доктор хамгаалсан хүн болохоор нь гүйцэтгэх захирлаар нь ажиллах санал тавьж, компанийнхаа тодорхой хувийг өгч байсан. Дараа нь улстөрд орохоор нь хувиа буцаагаад авсан. Одоо тэр компанийг манай эгч хариуцаж байгаа. Авсан зээл нь 110 гаруй тэрбумын барьцаа тавьж зээл авсан.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин