Хятад чээнжээс салгах Ханги төмөр зам
Нийтлэл
/
2022-03-14
Ханги төмөр зам баригдсанаар Ерөөгөөс гарсан төмрийн хүдэр буюу 306 км-ээр дөт зам туулж Бугатад хүрч, төмөр замын тээвэр гацаанаас бүрэн гарах юм.

Хувийн том компаний нэг нягтлан хүүхэн “МАН-ыг шүүмжлээд хэдэн жиргээ бичсэн чинь халчихлаа, манай захирал МАН-ынх, улс төр нээрээ л заваан юм” гэж хамт пиво уунгаа хуучлав. Гэтэл өнөө ажлаас халсан захирал нь өөрөө ч МАН-д дургүй, байнга Хүрэлсүх, Оюун-эрдэнэ нарыг муулж суудаг бөгөөд тийм нэртэй нягтлан компанид нь байдаг эсэхийг мэдэх ч үгүй, тийм жиргээ бичсэнийг нь уншаа ч үгүй байсан нь сонирхолтой. Сүүлд харин мань хүүхэн нягтлан ч биш, бүртгэлийн нярав байж таараад, компаниасаа сүүлийн хэдэн жилд 80 орчим сая төгрөг цавчиж, шүүх цагдаагаар жил яваад халагдсан хүн байсныг нь мэдэж билээ. Өөрийн муугаас болж халагдлаа гэлтэй биш, “улс төрийн хавчилт” болоод халагдсан гэж онгирч ярьвал арай сүртэй юмдаа.

Манай хэдэн авлигач, олигархууд юмаа булаалдаж хамаг төсөл гацсаныг нь бүгдээрээ “Орос, Хятадын геополитик Монголыг хөгжүүлсэнгүй..” гэж онгирдог нь дээрхи нярав хүүхэнтэй ижилхэн юм. Путин, Ши ЖинПин, Байден нар Монголын талаар геополитик төлөвлөөд сууж байхгүй нь лав, хонож өнжөөд л солигдох манай хэдэн даргын нэрийг тэд тогтоож ч амжихгүй дээ. Яг үнэндээ оросын Урал, Сибирийн хэдэн олигархи, хятадын Баяннуур аймаг, Бугатын үйлдвэрт бараа шахдаг хэдэн чээнжүүд л манайхыг тоож сонирхдог юм. Тусгаар хоёр улсын хүрээнд Путин, Ши Жин Пин хоёрт манай ерөнхийлөгч, ерөнхий сайдтай байгуулсан тохироо хэлэлцээр бий ч хэр хурдан, хэнээр дамжиж хэрэгжих вэ гэдгийг дунд, доод шатныхан л шийднэ. ОХУ, БНХАУ биш орон нутгийн тэр хэд л бидний эдийн засаг, улс төрд нөлөөлдөг жинхэнэ хөршүүд билээ. Бээжингээс албаны томчууд ирэхэд Баяннуурын хэд урд хойгуур нь орж дайлж буцаачихаад нүүрсний чанар, том тэрэгний жолооч нарын сахилга бат, ариутгал зэргээр маниусыгаа хөөрхөн нээнтэглэж, өөрсдийн орон нутгийн нүүрс угаах үйлдвэрүүдтэй хамтарч хожоо гаргадаг нь хятад түшмэлийн ухаан болой. Тал хувийг нь оросууд (РЖД) эзэмшдэг манай муу уртаашаа ганц төмөр замын даргын асуудал жишээ нь Путины ширээн дээр очихгүй л дээ. “Шатахуун, цахилгаанаар хяналтандаа байлга, уран муран гэж яриулахгүй шүү наад монголчуудыгаа, бусдыг нь өөрөө мэдээд хий” гэх маягийн ерөнхий “чиглэл” л байдаг болов уу. Нөгөө орос түшмэл нь харин Путины нэрийг барьж хүн амьтан айлгаж нэг үзнэ, Путинд уламжилж өгнө гэж хошигоруулж нэг үзэх нь орос түшмэлийн зуршил болой.

2014 онд стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд урагшаа нарийн царигаар холбогдоно гэсэн заалтаасаа манайх буцаж, дотоод улс төрийн /улс төр ч гэж үхсэн баас, хэдэн видео, хэдэн авлигачийн зодоон/ шалтгаанаас өргөн цариг тавьчихсан, хятадууд гэдийгээд суучихсаныг нь сая арай ядан аргадаж вагон сэлгэх цэгээ тохиров.

Одоо гэхдээ энэ сэлгэх терминал баригдаж дуусахыг бас л хүлээх болчихоод байдаг, нүүрсний үнэ геометр прогрессоор өсөөд л байдаг. Жилдээ 20 орчим сая тонн нүүрс, өдөртөө 3000-4000 машин нэвтэрдэг Гашуун сухайт боомт таг, өдөртөө 100-150 машин л гарч байна. Замын-үүд – Эрээний боомт эрх биш олон улсын статустай /Гашуунсухайт-Ганц мод орон нутгийн статустай/ учир галт тэргээр сажлаад ч болов явуулья гээд хятадын орон нутгийн чээнжүүд манай хэдэн бизнэсмэнүүдтэй нийлж Тавантолгойгоос бараг 500 км шороон замаар давхиулаад Чойр дээр баахан нүүрс овоолчихжээ. Даанч вагон олддоггүй, нэг вагон цуваа тавьж өгөх авилга 300 сая хүрээд зарим хурган дарга нар нь шалгагдаад эхэлсэн гэлцэнэ. Тэгээд ч Замын Үүд – Эрээний боомт өдөрт 14 цуваа л гаргах чадамжтай бөгөөд /намар өргөтгөөд 20 цуваа гаргана гэх/ энэ 14 цувааны 7 нь орос вагон, 5 нь төмрийн хүдэр, зэсийн хүдэр бөгөөд үлдсэн хоёрхон цуваанд нь жонш, хэдэн ноос ноолуурын утас, тэгээд өнөө “гуйлгын жаахан” нүүрс, ер нь манайхаас гарах бусад бүх зүйл багтана. Чойрт 400 000 тонн нүүрс овоолсон бизнэсмэнүүд ч хэмх “шатаж”, нүүрс нь ч жинхнээсээ шатаж эхэлсэн аж /нүүрс гадаа удахаараа дотроосоо уугьж эхэлдэг гэнэ/. Товчхондоо экспортын зүрх судасны систем бөглөрөлд орж, харваж үхэхэд бэлэн болжээ. Уг нь яаж ийгээд хил давуулчихад л тэндээ уралдаад авч байгаа юм билээ.

Төмөр замын ачаалал гэдэг нь үнэндээ төмөр замын боомтын ачаалал юм. Боомтуудаа сайжруулахгүйгээр үсрэнгүй байтугай мөлхөнгүй хөгжилд ч хүрэхгүй. Зүүнбаянгийн төмөр зам мянга ашиглалтанд орсон ч хамаг вагоны цуваа Эрээнд ирээд л таг гацна, ядаж байхад 50 хувь нь оросын транзит байхаар гэрээлчихсэн. Ханги бол Гашуунсухайт, Замын үүд хоёрын чанх голд байдаг боомт юм. Газрын зураг дээрээс харахад Зүүнбаян-Ханги төмөр замын ач холбогдол шууд ойлгогдоно. Манай уул уурхайн экспорт Гашуун сухайт – Ганц мод, эсвэл Замын үүд – Эрээнээр дамжиж цаашлаад Бугат уруу л очдог ажээ. Гурван сая хүн амтай Бугат бол газрын ховор элемент, хөнгөн цагаан, зэсийн дэлхийн хэмжээний гурван аж үйлдвэрийн парктай, эрчим хүч, хүнд машин механизм, сүү сүүн бүтээгдэхүүн, ээрмэл, гангийн үйлдвэрлэлээр Хятад байтугай дэлхийд цойлдог аж үйлдвэрийн район. Ханги төмөр зам баригдсанаар Ерөөгөөс гарсан төмрийн хүдэр буюу 306 км-ээр дөт зам туулж Бугатад хүрч, төмөр замын тээвэр гацаанаас бүрэн гарах юм.

Уг нь бол Asia-Pacific Trade Agreement /APTA/ худалдааны хэлэлцээрт Монгол улс нэгдсэнээр 2022 оноос коксжих нүүрс экспортонд 50 хувийн татварын хөнгөлөлт эдлэх болжээ. Гашуун сухайт – Ганц модын боомтыг олон улсын статустай болгох гэхээр Баяннуурын хятад чээнжүүд ямар нэг заль хэрэглээд хойшлуулдаг бөгөөд монголоос орж ирсэн нүүрсийг Бугат уруу зөөдөг хятад чээнжүүдийн дундаас 2006 оноос хойш 120 юаны тэрбумтан төрсөн гэх. Зөвхөн нүүрс гэлтгүй манай ноолуур, рапс, жонш, махны экспорт хүртэл монголын улс төрчидтэй сүлбэлдсэн хэдхэн хятад чээнжийн гарт л байдаг. Хэрэв Ханги-Мандал олон улсын төмөр замын боомттой болчихвол манай экспорт дурын орос олигархи, хятад чээнжүүдэд дээрэлхүүлээд байхгүй, цэвэр олон улсын гэрээ дүрмээр, олон улсын үнээр борлогдож, цэвэр бизнесийн зарчмаараа урагшлах юм. Геополитикийн үлгэр домог, утга уянга хийрхэлээс салаад одоо зүгээр хөгжмөөр байнаа бүгдээрээ. Өөрөө өөрсөддөө “экспортын хориг” тавиад 10 жил өнгөрлөө. Зүүнбаян-Ханги төмөр зам баригдаж эхэлсэн нь өөрөө өөрсдөдөө тавьсан экспортын хоригоо цуцалж, цаашаа хөгжих ёстой гэдгийг сануулсан Ерөнхий сайдын том мэдэгдэл болов. Саадгүй урагшлах болтугай!

Баабар.мн

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.