Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн 2005 оноос эхэлсэн гэхээр 17 жилийн хөгжил төлөвшил яригдах нь..?
-Тийм шүү. 2005 онд анх Баяжуулах үйлдвэрээс бүтээмжийн хөдөлгөөн өрнөж байлаа. Харин үйлдвэрийн хэмжээнд 2015 оноос бүтээмж, инновацын тогтолцоо хэрэгжсэн. Одоо Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүчинд тулгуурлан бүтээмж сайжруулах үйл ажиллагаа явагдаж байна. Ажилтнууддаа бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийг зааж сургаад, сайн саналын систем, 5 сигма, бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэхэд бүтээмжийн үйл ажиллагаа чиглэж байгаа. Жил бүр шинэ зорилго, зорилтууд дэвшүүлээд ажлаа төлөвлөөд явж байна. Бүтээмжийн хөдөлгөөний үнэ цэн бол сайжруулалт. Манай ажилтнууд маш их санал, санаачилгатай ажиллаж байгаа. 2005-2021 оны дүнд үзэхээр 53 мянга орчим санал ажилчдаас гарсан байна. Бид ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, саналыг чанаржуулахыг зорьж байгаа. Бүтээмж чанарын 400 дугуйлан 10 мянга орчим сайжруулалтын ажил хийсэн байна. Дугуйлангууд хагас жил тутамд ямар нэгэн жижиг сайжруулалт юм уу, төслийн ажил хийх ёстой байдаг. Жижиг сайжруулалт гэдэг нь тухайн асуудлыг хэсэгчлэн шийдэх, төсөлт сайжруулалт гэдэг нь тухайн асуудлыг цогцоор нь шийдэхийг хэлдэг. Дугуйлангууд маань хагас жил тутамд төслийн үр дүнгийн үзүүлэлтүүдээ тооцож яваа. 2015 оноос хойш ажилчид батлагдсан дүнгээр 15 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн байна.
-Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ахмад ажилтнууд гавьяаны амралтдаа гарч, нэгэн бүтэн үе шинэчлэгдлээ. Шинэ залуу ажилтнуудад бүтээмжийн үйл ажиллагааны мэдлэг ойлголт өгөх сургалтын хэрэгцээ байгаа болов уу..?
-Бүтээмжийн үйл ажиллагааны хүрээнд хийгддэг нэг ажил бол бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийн сургалт байдаг. Бид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультайгаа хамтраад модуль сургалтуудыг явуулдаг. Модуль 1/2 сургалт шинээр ажилд орсон хүмүүст илүү түлхүү зориулагдсан сургалт байдаг бол 2021 оноос хэрэгжсэн Модуль 2/2 хөтөлбөр бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагааны ахисан шатны арга хэрэгслүүдэд суралцах сургалт юм. Энэ сургалтад инженер техникийн ажилтнууд, бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч нараа түлхүү хамруулж байгаа. 6 сигма-гийн арга хэрэгсэл, материалын урсгал зардлын тооцоо, бүтээмжийн менежментийн тогтолцоо зэрэг сэдвээр илүү гүнзгий шатны сургалт явагддаг гэж ойлгож болно.
-Цар тахлын үеийн хөдөлмөр зохион байгуулалт бүтээмжийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?
-Тодорхой хэмжээнд нөлөөлсөн. 2020 онтой харьцуулахад өнгөрсөн оны үзүүлэлтүүд нэлээн буурсан. Гэхдээ сайжруулалтын ажлууд хийгдэж л байгаа болохоор 2021 онд бид бүтээмжийн үйл ажиллагааны зардалд 254 сая төгрөг зарцуулсан. Дийлэнхийг нь урамшуулал хэлбэрээр олгосон. Ажилчдын өөрсдийнх нь тооцоолсноор эргээд 1.6 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж авчирсан гэж хэлж болно. Бидний гол зорилт бол бүтээмжийн тогтвортой өсөлтийг хангах. Төсөл хэрэгжүүлэлт, ажилтнуудын санал, санаачилгыг дэмжих, үйл ажиллагааг нь арга зүйгээр хангахад манай төвийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Түүнээс гадна бид бүтээмжийн менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр зорьж байгаа.
-Бүтээмжийн менежментийн тогтолцоо гэж чухам юу вэ?
-Манайхан сайжруулалтыг зөвхөн ажлын байран дээрээ хийгээд яваад байна. Үүний тулд хаана асуудал байгааг эрэлхийлдэг. Тогтолцоогоор нь хэрэгжүүлснээр бүтээмжээ хэмжээд илүү эдийн засгийн утгаар нь харна. Одоо зөвхөн сайжруулалт гэсэн чиглэлээр авч үзэж байгаа. Аливаа нэгэн асуудлыг сайжруулах шийдэл олоод хэрэгжүүлээд явж байна. Сууриа тавих ёстой, хандлага төлөвших ёстой учраас. Тэгж гэмээнэ тасралтгүй сайжруулалтыг хангана. Өнгөрсөн хугацаанд хандлага төлөвшсөн, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны нэг хэсэг болж төлөвшсөн. Бид ХАБ-ын дүрэм журмыг биелүүлээд явдаг шигээ шинийг эрэлхийлж санал гаргах ёстой. Дугуйлангууд хагас жил тутамд ямар нэгэн сайжруулалтын ажил хийгээд хэвшчихсэн.
-Бүтээмжийг яаж хэмжих билээ?
-Эдийн засгийн ухагдахуун талаас нь авч үзнэ гэсэн үг. Нэг төгрөг зарцуулаад ямар хэмжээний үр ашиг өгөөж авчирч байгааг бүтээмжийн нэгтгэсэн үзүүлэлт байдлаар тодорхойлох юм. Гарцаа, орцод харьцуулж гаргана. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хувьд гарц үйл ажиллагаатай нь холбоотой өөр өөр байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн хувьд хүдэр боловсруулалт, зэсийн баяжмал үйлдвэрлэл байхад бусад хэлтэс, газарт үндсэн чиг үүргийн дагуу хийгдсэн ажил байна. Гарц гэдэг нь зардлууд шүү дээ. Тэгэхээр гарцын үзүүлэлт цех болгонд ялгаатай. Бүтээмжээ хэмжээд өсөлт, бууралтаа гаргаж ирээд, үүнд юу нөлөөлснийг хүчин зүйлээр ангилна. Эрчим хүчний зардал, материалын зардал гэх мэт. Энэ дүн шинжилгээндээ тулгуурлан бүтээмж дээшлүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөөд явах юм. Бид бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргах зорилготой олон арга хэрэгслүүдийг сурч, нэвтрүүлж байна. Бүтээмжийг зөвхөн сайжруулалтын арга гэхээс илүү менежментийн тогтолцоо шиг хэмжээд, шинжлээд, шийдвэр гаргалтад ашиглаад явах боломжтой. Энэ ажил үндсэндээ 2020 оноос эхэлсэн. Одоо бид бүтээмж ямар түвшинд явааг хэмжих хэрэгтэй болж байна.
-Бүтээмж хэмжих аргачлал гарах уу?
-Бүтээмж хэмжих аргачлалын санал боловсруулаад удирдлагуудад танилцуулсан. 2021 онд Эдийн засгийн хэлтэстэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтцийн бүх нэгжийн бүтээмжийн сүүлийн таван жилийн хэмжилтийг хийлээ. Үүнд тулгуурлан бүтээмжийн хэмжилт шинжилгээний аргачлал боловсруулсан нь хамгийн чухал үр дүн. Энэ жилээс бүтцийн нэгжүүд маань хагас жил тутамд бүтээмжээ хэмжээд явна. Бүтээмжийн үзүүлэлтүүд гэсэн тодорхой ойлголт гарсан. Бүтээмж, тэгээд гарц, орцын үзүүлэлт байх юм. Харин хэлтэс, газруудын хувьд ажил, үйлчилгээний тоо хэмжээ гарах боломжгүй. Тиймээс гарц, орцын харьцаагаар тодорхойлохгүй. Хамтын гүйцэтгэлийн гол үзүүлэлт нь бүтээмжийн үзүүлэлт болохоор тогтоосон.
-Нийгмийн цехүүдийн бүтээмжийг яаж хэмжих вэ?
-Зөвхөн нийгмийн цехүүд биш, дэмжих цехүүдийн хувьд ч одоогоор учир дутагдалтай байгаа. Жишээ нь, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Зураг төслийн хүрээлэн, Чанарын хяналтын хэлтэс гэх мэт нэгжийн ажлыг юугаар дүгнэх вэ гэдэг дээр Эдийн засгийн хэлтэс хамтарч ажиллаж байна. Энэ ажлыг нэвтрүүлэх явцад илүү тодорхой болно. Харин үйлчилгээний байгууллагын хувьд чанар номер нэг яригдана. Үйлдвэрлэсэн ажил, үйлчилгээний орлогоор бүтээмжийн гарцын үзүүлэлтийг тодорхойлох боломжтой.
-Монголын бүтээмжийн үйл ажиллагаа 30 жилийн түүхтэй. Эрдэнэт үйлдвэрээс өөр, бүтээмжээ хэмжиж байгаа газар бий юу?
-Хэлж мэдэхгүй байна. Манайх анхных ч байж магадгүй.
-Баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин