АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН Г.БАДАМХАТАН: САЙЖРУУЛСАН ТҮЛШ АГААРЫН БОХИРДЛЫГ 50-60 ХУВЬ БУУРУУЛНА
Ярилцлага
/
2022-01-29

Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулсан.

Тус үйлдвэрийн талаар “Тавантолгойн түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатантай ярилцлаа.

-Танай үйлдвэр “ТЭЦ II цахилгаан станцын дэргэд үйл ажиллагаа явуулж байна. Жор техник, технологио гаргахын тулд нэлээд хугацаа зарцуулах шиг боллоо. Энэ жил хэчнээн тонн шахмал түлш гаргах вэ?

-Хуучин барьж байгаад дутуу орхисон үйлдвэр дээрээ бид засвар хийж, шугамыг нь сольсон. Түүнчлэн Ухаа худагийн угаасан нүүрсээр шахмал түлш хийх орц, жороо гаргахаар гурван cap ажиллалаа. Би энэ ажлыг хариуцаж ахалсан. Өмнө нь манайд янз бүрийн шахмал түлш хийгээд хэрэглэж, туршиж үзсэн шүү дээ. Багануур болон Налайхын нүүрсээр хийж байсан. Харин бидний одоо сонгон авч байгаа Ухаа худагийн угаасан нүүрс бол дээрх хортой нүүрстэй харьцуулахад олон талаараа давуу чанартай.

Нүүрсэнд дэгдэмхий бодис гэж байдаг. Дэгдэмхий бодисын хэмжээ 15 хувиас доош орчихвол олон улсын жишигт нийцсэн утаагүй түлш гэдэг ангилалд ордог юм. Ухаа худагийн угаасан нүүрс 20 хувийн дэгдэмхий агууламжтай. Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис 47 хувийн агууламжтай байдаг. Түүнчлэн нүүрсэнд байдаг илчлэг чанар Ухаа худагийн нүүрсэнд өндөр байгаа. Үнсний хэмжээ нь харьцангуй бага. Чийглэг бүүр бага байдаг. Ингээд бид Ухаа худагийн нүүрсийг сонгон авч сайжруулсан шахмал түлш хийж байна. Өнгөрсөн хугацаанд хийж байсан шахмал түлшнүүдээс ялгаатай тал нь олон улсын жишигт нийцсэн стандартад түшиглэж гаргаж байгаа учраас сайжруулсан шахмал түлш гэж нэр өгөед байгаа юм. Сайжруулсан шахмал түлшний 30 гаруй төрлийн туршилт хийсэн. Мөн Солонгос болон Хятад Улс руу дээж явуулж туршсан.

-Туршилтаас ямар үр дүн гарсан бэ?

-Манай түлшний үзүүлэлт 2014 онд батлагдсан Монгол Улсад мөрддөг шахмал түлшний стандартын зургаан үзүүлэлт, 2016 онд батлагдсан Утааны стандартын дөрвөн үзүүлэлтийг хангасан. Энэ үзүүлэлтийг хангасан түлш Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна гэж бид тооцоолж байгаа.  Хүчин чадлын хувьд энэ онд 80-100 мянган тонныг үйлдвэрлэнэ. /2018 он/ Энэ нь 20-30 мянган айлын өвлийн хэрэгцээг хангах ёстой.

Ирэх онд /2019 он/ тус тус 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр Толгойтод барьж ашиглалтад оруулна гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Мөн одоо ажиллаж байгаа үйлдвэрийн 80-100 мянгын шугамыг 200 мянган тоннын хүчин чадалтай болгож өргетгөж байна. Үүнд, Монголын шахмал түлшний үйлдвэрүүд ч нэгдсэн. Тэд манай сайжруулсан шахмал түлшний орц жороор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингээд 2019 оны гуравдугаар cap гэхэд нийтдээ гурван үйлдвэрээ ашиглаптад оруулаад 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш гаргах зорилтоо биелүүлнэ.

-Гэр хорооллын айл өрхүүдийн зуухыг 600 мянган тонн шахмал түлшээр бүрэн хангаж чадах уу?

-Хуучин 1,200 орчим тонн түүхий нүүрсийг 200 мянган гэр хорооллын айл шатааж байжээ. Тэгвэл энэ тоо хоёр дахин буурч, 600 мянган шахмал түлш шатаана гэж ойлгож болно. Тэгэхээр утаа гаргадаг түлш 50 хувь нь автоматаар гарахгүй болно оо доо.

Нэг айл өдөрт 24 кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өдрийнхөө хэрэгцээг хангана.

 
 

Нэг айл өдөрт 24 кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өдрийнхөө хэрэгцээг хангана гэсэн үг. Бид найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшээ туршиж үзлээ. Туршилтаар шахмал түлш долоон цаг дулаанаа бариад шатаж байна. Эхний 10-15 минут саарал утаа гараад үлдсэн хугацаанд нүдэнд харагдахгүй шатаж байгаа юм.

-Сайжруулсан шахмап түлш ямар зууханд илүү тохирч байна?

-Бүх төрлийн зууханд тохирч байна. Төслийн зууханд бүр ч илүү хэмнэлттэй.

-Та сайжруулсан шахмал түлшээ олон улсын жишигт нийцсэн гэж ярилаа. Олон улсад туршигдаж байсан гэсэн үг үү?

-Шахмал түлшийг гадаад орнуудад хэрэглээд тодорхой үе шатанд хотынхоо агаарын бохирдлыг шийдэж ирсэн байдаг. Хамгийн анх шахмал түлшийг 1700-аад онд Герман Улсад үйлдвэрлэж байсан. Түүнчлэн 1950-иад онд Лондонгийн агаарын бохирдлоос болж олон мянган хүн үхэж байсан түүхтэй. Тэрнээс хойш Цэвэр агаарын хууль гэж гараад сайжруулсан шахмал түлш, бүрэн шахалттай зуухыг Английн парламент хуульчлан өгч анх гарч ирсэн түүхтэй юм билээ.

Тэрнээс хойш Хятад, Солонгос, Япон орнууд тодорхой үе шатанд агаарын бохирдлыг бууруулж ирсэн түүх байдаг. Манай улс 210 мянган айлыг богинохон хугацаанд орон сууцанд оруулах боломж муу байна. Айлууд төрөл бүрийн цахилгаан халаагуур байлаа ч худалдаж авах чадваргүй байна. Энэ нөхцөлд богино хугацаанд авч болох арга хэмжээ бол шахмал түлшээр айл өрхийг хангах юм. Засгийн газар маш нүдээ олсон шийдвэр гаргасан гэж бид боддог. Энэ түлшийг гэр хорооллын иргэдийн тал хувь нь аваад түллээ гэхэд агаарын бохирдол 50 хувь буурна. Бүгдээрээ хэрэглэлээ гэхэд гамшгийн хэмжээнд байсан утаа байхгүй болоод энгийн стандарт хэлбэр рүүгээ орох юм. Манай улсад 1960-1970 онд агаарын бохирдол гэдэг зүйл байгаагүй шүү дээ. Улаанбаатар хотыг “Азийн цагаан дагина” гэдэг байсан.

-Эргээд “Азийн цагаан дагина” болж чадах болов уу?

-Бүгдээрээ хамтраад зүтгэхэд болохгүй гэх газаргүй.

-Утаанаас гадна гэр хорооллын хог хаягдал нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр хаягдал үнс буурах уу?

-Ахуйн нөхцөлд тортог гарахгүй. Хэрэглээний үед хаягдал гардаггүй. Нүүрснээс маш их нунтаг гардаг. Шахмал түлш бүхэл бөөрөнхий нэгэн жигд хэлбэртэй учраас зууханд нүүрс шатахад гол үзүүлэлт нь агаарын солилцоо, хүчилтөрөгчийн дэмжлэпгэйгээр шатдаг. Хүчилтөрөгч бага байвал нүүрс дутуу шатаад утаа өтгөн, хар гарна. Налайх, Багануурын нүүрсний ашигт үйлийн ковцент бага гардаг. Хаягдал гарна. Хөө тортог, үнс нурам ихтэй. Шахмал түлшний давуу тал нь дээрх хүндрэлүүдийн ихэнх нь багасч, зарим тохиолдолд бүр байхгүй болж байгаа юм. Ухаа худагийн нүүрс 21 хувийн үнслэг чанартай. Гэхдээ тэр үнс нь задгай бургисан хэлбэрээр гарахгүй. Бүхэл бөөрөнхий хэлбэртэйгээ үлдэнэ. Бужигнаад байхгүй. Тэрнээс гадна хөө, тортог маш их багасна. Бид тусгай хөө, тортог дарагч бодисыг шахмал түлшиндээ ашиглаж байна. Үүний үр дүнд хөө тортгийн хэмжээ их багасна. Түүнчлэн шахмал түлшний чийглэг 3-4 хувьтай гарч байна. Энэ нь стандартаас бага. Үнслэг чанар нь стандартаас 40 орчим хувиар бага. Дэгдэмхий бодис нь стандартад нийцсэн. Гол дутагдал нь хүхэрийн агууламж өндөр. Тиймээс бид хүхэр дарагч хольж, хоёр дахин бууруулж чадсан. Илчлэг 6,100 килл-калори, бохирдуулагч хий стандартаас 2-4 дахин бага, угаарын хий гурав дахин бага, Азотын хий гурав дахин багасч байгаа юм. Яндангаар гардаг хатуу тоосонцор 30 хувиар буурсан.

-Танай түлш хаагуур худалдаалагдах вэ?

-Сайжруулсан шахмал түлшээ нүүрсний үнээр борлуулж байна. Нэг айл нүүрсэнд жилдээ хэчнээн төгрөг зардаг тэр үнэд багтааж авна гэсэн үг. Манай ард иргэдэд эдийн засгийн хувьд хүндрэл байхгүй. Өөрөөр хэлбэл, өөрийн өртгөөр нь борлуулж байгаа юм. Баянхошуу, Сонгинохайрхан дүүрэгт найман хороо сонгож аваад бүх айлыг энэ түлшээрээ хангана. Түүний хажуугаар авъя гэсэн иргэдэд борлуулах зорилттой ажиллаж байгаа. Түлшээ дүүргүүдээр яваад танилцуулахад “Хаана байна, авъя” гэх иргэд олон байсан.

-Эцсийн хэрэглэгчид хүрч байгаа үнэ хэд вэ?

-Эдийн засгийн хувьд хэрэглэгчдэд хүндрэл байхгүй. Тэр бүү хэл энэ түлшийг зөв зохистой хэрэглэвэл харин ч 50-100 мянган төгрөгийн хэмнэлт гарах тооцоотой байгаа. Бид 25 кг-ын шуудайнд савлаад, хэрэглэх зааврыг нь дээр нь бичээд 3,750 төгрөгөөр худалдаална. Гэтэл тэрнээс жаахан уутанд хийсэн Налайхын нүүрс 3,000 төгрөг байдаг. Нэг тонн нүүрс хоёр cap гаруйн хэрэгцээг хангана. Тэр нь 150 мянган төгрөгийн үнэтэй. 25 кг-аар савласан 40 шуудай түлш гэсэн үг. Нэг айл жилдээ 1-3 тонн шахмал түлш хэрэглэдэг. Ингээд хамгийн доод тал нь жилдээ 500 мянган төгрөг зардаг юм байна. Үүнтэй харьцуулахад сайжруулсан шахмал түлш хямд тал руугаа орох гээд байгаа юм. Ямар ч байсан одоогийн нүүрсний үнээс хэтрэхгүй. Тэр нь баталгаатай.

Бид сайжруулсан түлшээ IV цахилгаан станцын агуулахад хурааж байгаа. Тэндээс их хэмжээгээр авах хүмүүс авч болно. Энэ долоо хоногоос тодорхой борлуулах цэгээр борлуулна. Хамгийн гол нь дундын ченжээр дамжуулахгүй. Хэрвээ тэгвэл дээр нь үнэ нэмчихнэ. Тэгээд ард түмэн үнэтэй түлш байна гээд ойлгочихно. Тиймээс бид өөрсдөө цэг байгуулж, өөрсдийн хүнээ байлгах талаар ярьж байна. Дүүргүүдэд тодорхой хэмжээний цэг байж таарах байх. Хамгийн хүндрэлтэй хоёр асуудал байна. Өмнө нь хийж байсан шахмал түлшнүүд нэр хүнд унагачихаж. “Тэр чинь шал худлаа, наадах чинь бизнес гээд шууд хэлдэг” хүн байна. Бид үнийг нь дийлэхгүй” гэж хэлэх нь ч байна. Харин бидний одоо гаргаж байгаа сайжруулсан шахмал түлш муу биш гэдгийг ойлгоосой. Шинэ төрлийн, олон улсын жишигт нийцсэн, утаа тортог нь бага, үнийн хувьд боломжийн, нүүрстэйгээ ижил үнээр авч байгаа шүү дээ. Эцсийн эцэст агаарын бохирдол 50-60 хувь буурч, агаарын бохирдлоос болж үүсч байгаа өвчлөлийг арилгах боломжтой.

-Ингээд хямд борлуулахаар танай үйлдвэрт алдагдалтай биш үү?

-Өөрийн өртгөөр нь зарахаар алдагдал гарахгүй, ашиг олохгүй гэсэн үг. Ухаа худагаас нүүрсээ үнэгүй өгч байгаа. Бид тээврийн зардалдаа мөнгө зарцуулж байна. 600 орчим км газарт тээвэрлэнэ гэдэг өндөр зардал гарна шүү дээ. Дээр нь ирээд 3-4 янзын бодис хольж байна. Нэмүү өртөг шингэж, олон хүн ажиллаж байна. Хамгийн гол нь утааг бууруулна гэдэг зорилго нь чухал байна л даа.

-Танай түлшийг иргэд яаж ялгаж авах вэ?

-“Тавантолгой түлш” гэсэн тэмдэгтэй, зааврыг нь уутан дээр оёсон байгаа. Энэ жил 80-100 мянган тонн нүүрс гаргана.

 

Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.207.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.