Канад Улсын Хууль зүйн дэд сайд бөгөөд Ерөнхий прокурорын орлогч Шалин Куртис-Микаллефтэй уулзалт хийлээ
Нийтлэл
/
2023-07-25

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Канад Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Канад Улсын Хууль зүйн дэд сайд бөгөөд Ерөнхий прокурорын орлогч Шалин Куртис-Микаллефтэй хоёр талын уулзалт хийв.

Уулзалтаар талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг хангахын тулд шүүхийн хүртээмжийг сайжруулах, авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, түүнчлэн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр талын болон олон талт механизмын талаар санал солилцлоо.

Мөн өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Канад Улсын Гадаад хэргийн яамны Терроризмтой тэмцэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн захирал Р.Каменитай уулзаж, хууль сахиулах байгууллагын чадавхийг бэхжүүлэх, терроризм, мөнгө угаах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, хууль сахиулах байгууллага дахь эмэгтэй албан хаагчдын эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийг хөндөн ярилцав.

Айлчлалаар Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хууль зүйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх талаар талууд санал нэгдэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.