УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ. Засгийн газрын шийдвэрээр 2024 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин арга хэмжээг авч байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас төмөр зуд, цагаан зудтай аймгуудын дүн мэдээг шинэчлэн гаргасан. 13 аймгийн 58 сумд төмөр зудтай, 17 аймгийн 139 сумд цагаан зудтай, 18 аймгийн 69 сумд цагаанаар зудархуу байна. Эдгээр аймаг, сумдад шаардлагатай тусламжийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3716 малчин өрхөд өвс хүргэж, 4749 км автозамыг нээх ажлыг 815 алба хаагч, 211 техник хэрэгсэлтэй зохион байгуулжээ. Мөн хууль сахиулахаас гаргасан 508 алба хаагч, 240 тээврийн хэрэгслээр өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүрч, 2749 өрхөд хүрч өвөл тэжээл хүргэжээ. Өвөлжилт хүндэрсэн нийт дүнгээр 52 мянга орчим км замыг нээх ёстойгоос 31050 км замыг хоёрдугаар сарын 19-24-ний өдрүүдэд гаргажээ. Одоогоор 2829 малчин өрхөд өвс, 36108 малчин өрхөд тэжээл хүргэжээ. Хоёрдугаар шатны тэжээлийн будааг аймгуудад хүргэх ажлыг хийж байна. 14 аймгийн 111 суманд хүргэнэ. Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн корпорацитай зургаан аймаг гэрээгээ байгуулж, 3500 тонн тэжээл авч, татан авах ажлаа эхлүүлжээ.
Дараагийн ээлжинд хүнс, эм тариаг хүргэнэ. Эхний ажлууд хэрэгжиж байна. УОК, Засгийн газраас санаачилсан аянд иргэд аж ахуй нэгжүүд мөнгөн дүн болон бараа материалаар тусалж байна. Өнөөдрийн байдлаар 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 162 төгрөгийн бараа материал иржээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газраас тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүлж байна.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20