“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Үйл явдал
/
2024-04-10

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2024.04.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэлэлцээд байна. Дүгнэлтээр тус хөтөлбөрт төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилт дунджаар 75 хувьтай гарсан. Гэвч авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулж, хэрэгжилтийг сайжруулах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг энэхүү үндэсний хөтөлбөрөөр хараахан хүрээгүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай үйл ажиллагаа, арга хэмжээ хүлээгдэж байна.    

Монгол Улс 2015 онд Авлигын төсөөллийн индексээр 100 оноо авахаас 39 оноогоор дэлхийн 168 улсаас 72-т эрэмбэлэгдэж байсан бол 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдан, хэрэгжсэн 7 жилийн хугацаанд буюу 2022 оны үзүүлэлтээр оноо огцом буурч, төрийн албанд авлига өссөн 10 орны тоонд орж, 100 оноо авахаас 33 оноотой дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдсэн ба 2023 онд оноо хэвээрээ ч эрэмбийн тухайд 121 болж таван байраар ухарчээ.

Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарах ач холбогдолтой гэж Засгийн газраас үзжээ.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд “Улсын Их Хурал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар батална.” гэж заасан.

Төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Иймд Авлигын эсрэг хууль, дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, авлигын төсөөллийн индексэд ахиц гаргах, түүнчлэн Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсантай холбогдуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах хэрэгцээ, шаардлагыг үзэл баримтлалд тодорхойлж, түүнд нийцүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.174.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.