Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцын өргөтгөлийг хугацаанаас нь дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 01-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг эхлүүлсэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтэд оролцлоо. Ерөнхий сайдтай хамт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын зочид байлцлаа. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Амгалан Дулааны станцын 116 МВт-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас 4 сарын өмнө ашиглалтад орлоо. Өргөтгөлийн үр дүнд 12000 айл, 14 сургууль, цэцэрлэг төвлөрсөн дулаанд холбогдож , 40 гаруй нам даралтын халаалтын зуух буулгах боломж бүрдэж байгаа юм.
Станцын өргөтгөлтэй танилцахдаа Ерөнхий сайд эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ. Тэрбээр, “Улаанбаатар хотын түгжрэл, утаа, замбараагүй төлөвлөлтийн асуудал бол шөрмөс нь татаж агшсан мэт дэд бүтэцтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн үнээсээ хэд дахин хямд эрчим хүчний бодит өртгөө нууж, өнөөдрийн асуудлыг аргацааж хойш тавьсаар эрчим хүчний салбар эрчээ алдаж, хөгжлийн боломжийг гажуудуулсан гашуун үнэнийг бид одоо ил тод ярих цаг болсон. Манай улсын дулааны станцуудын насжилт 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссаныг одоо хэнээс ч нуух хэрэггүй. Тэгэхээр боомтыг сэргээсэн шиг, аялал жуулчлал шийдлээ олсон шиг, “E-Mongolia”-г энгийн хэрэглээ болгосон шиг бид одоо эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон. Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна” гэлээ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20