ХЗБХ: АВЛИГАГҮЙ ТӨР, НИЙГМИЙГ цогцлоож ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэжээ
Үйл явдал
/
2024-04-24

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.23) хуралдаан 10 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Эхлээд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн санал боловсруулах ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан байгуулсан. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод тусгах саналыг боловсруулж 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд уламжилсан байна. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульд тусгайлан заасан бусад асуудал хэлэлцэх” гэсэн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирүүлсэн саналыг үндэслэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах, Байнгын хорооны санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан ажиллажээ. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбооны төлөөлөл ажилласан байна. Ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэгт 5 удаа хуралдаж дээрх тогтоолын болон хавсралтын төслийг бэлтгэжээ.

 

Тогтоолын төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байх нь зүйтэй хэмээн үзэж нийтдээ 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий урт хугацааны хөгжлийн баримт бичгийн төслийг боловсруулсан хэмээн Л.Мөнхбаатар дарга танилцууллаа. Тухайлбал, шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг хөгжүүлэх, шүүхийн хүний нөөцийн чадавхын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь тусгасан байна. Тогтоолын төсөл батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал сайжирч, шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшлэх, иргэн шүүхэд хандахад нэхэмжлэлийг олон дахин буцаадаг хүндрэл чирэгдэл арилж, иргэний шүүхэд мэдүүлэх эрх баталгаатай хэрэгжих ач холбогдолтой гэв. Шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдлын түвшинд тогтмол үнэлгээ хийж шүүгчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг бий болгох юм байна. Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоо улам боловсронгуй болох аж. Шүүгчийн хараат бус бие даасан байдал хангагдаж, хариуцлагатай шүүх төлөвшинө хэмээн үзжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахимжилт бүрэн нэвтэрч, шүүхийн үйлчилгээний шуурхай байдал чанарт ахиц гарна гэлээ. Шүүхийн шийдвэрийн судалгааны эргэлтийг сайжруулах зорилгоор нийтэд нээлттэй байршуулсан 500 мянга гаруй шүүхийн шийдвэрийн цахим санд боловсруулалт хийх хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх аж. Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, шүүхийн дотоод мэдээллийн урсгалыг ил тод байлгах, ашиглах, хуульд заасны дагуу түгээх боломж бүхий программ хангамж нэвтрүүлэх юм байна. Мөн шүүхийн захиргааны байгууллага хүний нөөцийг шилж олох, сонгон шалгаруулах, тогтвортой ажиллуулах эрх зүйн үндэс бүрдэнэ хэмээн ажлын хэсэг үзжээ. Шүүгчийн ачааллын зохист хэмжээнд нийцүүлэн орон тоог бодитой тогтоох эрх зүйн орчин хөгжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар дээшлэхийн сацуу шүүхийг стандартын байр, барилга байгууламжаар үе шаттайгаар хангах боломж бүрдэж аж. Шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор шүүхийн зардлыг бүхэлд нь, шүүхийн үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг үр дүнд суурилан санхүүжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм байна.

 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Шүүгчдийн ажлын байрны нөхцөл, шүүгчдийг гадаад улс орнуудад туршлага судлах боломжийг бүрдүүлэх асуудлыг төсөлд тусгасан талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Нэг байранд гурван шүүх үйл ажиллагаа явуулж байгаа газар бий. Төсөлд шүүхийн 43 байрыг шинээр барих 459 сая төгрөгийн тусгасан. Төсвийг шийдвэрлэх холбогдох шийдвэрийг гаргасан тохиолдолд 2-3 жилийн дотор байрны асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бий” гэв. Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд үүний тогтолцоо болох шүүгч нарын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэргэшүүлэх асуудлыг ирэх 10 жилийн хугацаанд үргэлжлэхээр төсөлд тусгасан гэлээ. “Шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх” 2 дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 9.2 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн хэмээн ажлын хэсэг хариуллаа. Шүүхийн баримт материалын цахимжуулалттай холбоотой асуудлаар Н.Алтанхуяг гишүүн байр сууриа илэрхийлсэн бол шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахын зэрэгцээ шүүгчийн шийдвэрийн талаарх мэдээлэл, тайлбарыг мэргэжлийн тайлбарын хамтаар иргэдэд тухай бүр мэдэгдэж, үйлчилгээ үзүүлэх, мөн шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудлыг анхаарч байх саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх заалт хэрэгжүүлэхээр тусгасныг онцлон сайшааж байсан. Шүүхийн цахимжуулалт, түүнтэй холбоотой хүний нөөцийн асуудлыг Ц.Сэргэлэн гишүүн хөндсөн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж, гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах” гэсэн 42 дугаар зүйлийн дагуу эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

 

Дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төслийн талаар хуралдаанд танилцуулсан.

“Монгол Улсын хөгжлийг боомилон сааруулагч, ард түмний жаргалтай амьдралаас хулгайлагч хүчин зүйл болсон авлигатай тэмцэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгах нь Та бидний эрхэм зорилго” хэмээн тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлоод тийм ч учраас 2023-2024 оныг Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан гэв. Энэ хүрээнд авлига албан тушаалын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг арилгаж, бүх шатад авлигатай тэмцэн, хүний эрхийг хангаж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Засгийн газраас хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод болгон, иргэд олон нийтийн оролцоо, хяналт тавих боломжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. Засгийн газраас нэн тэргүүнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь батлагдаж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг дурдав. Авлигатай тэмцэх гол арга замын нэг нь төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал гэдгийг тэрбээр онцлоод “Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүртгэлийн багц хууль, Цахимын багц хууль болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг зохион байгуулан амжилттай хэрэгжүүлж ажилласан” гэв. Үүний үр дүнд Монгол Улс НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр 18 байраар урагшлаад байгаа аж. Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 онд дууссантай холбогдуулан авлигатай тэмцэх цогц арга хэмжээг агуулсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулсан бөгөөд төлөвлөгөөний төсөлд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 295 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр авлигагүй төр-нийгмийг цогцлоож, шударга ёсыг тогтоон, ард түмний алдагдсан боломж эрхийг сэргээхэд хувь нэмэр оруулна гэж үзсэн байна.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт мэдээлэл авсан юм. Төслийг дэмжиж байгаагаа Ц.Мөнхцэцэг гишүүн илэрхийлээд, сонгуулийн зардлыг бууруулах, улс төрийн санхүүжилтийг ил тод болгохын ач холбогдлын талаар хэлж энэ талаарх нарийвчилсан заалтуудыг тусгах санал хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд хэлэлцүүлэгт оролцуулахгүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахгүй байх шаардлагын талаар тайлбарлав. Иймд ашиг сонирхлын зөрчлийн талаар зохицуулалтыг энэхүү хөтөлбөр төдийгүй бусад хууль тогтоомжид илүү нарийвчлах тусгах санал хэлсэн.

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Нийгэмд авлигыг таслан зогсоох ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг зөвхөн ажлаас нь халаад зогсохгүй гэмт хэрэгт нь тохирхох ялыг оногдуулах нь зүй. Тиймээс бүх шатанд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх боломжийг хаах, улмаар таслан зогсоох нь гол зорилго” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцав

Үргэлжлүүлэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонслоо. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийсэн байна. Тамгын газар дээрх төслүүд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэх, төслийн зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, төслийн хэрэгжих боломжийн талаарх дараах эрх зүйн дүгнэлтийг гаргасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатар танилцууллаа.

 

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцтой нийцэж байгаа эсэх, хуулийн төсөл бусад хууль тоггоомжтой болон төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо нийцэж байгаа эсэх болон төслийн хэрэгжих боломжийн талаарх эрх зүйн дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.  

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хуулийн үйлчлэх хүрээ буюу шүгэл үлээгч нь зөвхөн төрийн албан тушаалтнуудтай холбоотой нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдлийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргана гэж мэдээллийн хүрээ хязгаарыг хумьсан нь, мөн Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл нь уг хуулийн харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгасан нь дээр дурдсан Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцтой бүрэн нийцэхгүй байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг даган биелүүлж, хуулийн төслийн хэрэгжих боломж, хүрээ хязгаарыг нээлттэй болгох, шүгэл үлээгч нь төрийн болон албаны нууцад хамаарах асуудлаар мэдээлэл гаргасан тохиолдолд хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй бус харин энэ талаарх зохицуулалтыг уян хатан болгож боловсруулах шаардлагатай гэжээ.

 

Авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл хүлээн авах, нууц хадгалах тогтолцоог бэхжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг сайжруулах бодлогын хүрээнд гаргасан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52, 2021 оны 12 дугаар тогтоолуудад нийцүүлж хуулийн төслийг боловсронгуй болгох шаардлагатай гэжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төслийн агуулгад тавигдах нийтлэг шаардлагыг хангах, шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарчмыг баримтлан Авлигын эсрэг хууль болон төслийн зүйл, хэсэг, заалт хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай гэсэн эрх зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Ж.Болдбаатар танилцуулсан.

Энэхүү эрх зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатараас хариулт авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Байгууллагын нууцыг тодорхойлох хуулийн зохицуулалт нь иргэний мэдэх эрхийг хязгаарлаж байгаа гэдэгтэй санал нэг байгаа бөгөөд энэ хүрээ хязгаарыг цэгцлэх шаардлага бий, харин төрийн болон нууцын асуудлаар шүгэл үлээхтэй холбоотой асуудлыг нарийвчлан үзэх нь зүйтэй бөгөөд талуудтай нягт хамтран ажиллаж, сайтар хэлэлцэн зөвшилцөх шаардлага бий гэдэг байр суурийг Б.Энхбаяр гишүүн илэрхийлж байсан. Шүгэл үлээгчийн мэдээллийг шалгах явцад тухайн мэдээллийн дагуу шалгагдах этгээдийн эрх ашгийн талаар ямар ч зохицуулалт төсөлд байхгүй байгааг Б.Энх-Амгалан гишүүн онцолж, хэрэв буруугүй нь тогтоогдвол үүссэн үр дагаварыг хэрхэх талаар анхаарах шаардлагын талаар хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох нь зүйтэй ч эрсдэлээ тооцох ёстой хэлж байсан. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар ийнхүү сонслоо.

 

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар ажиллана.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тайлан, илтгэлийг хэлэлцлээ

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хуралдаанаар хэлэлцэж, энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцуулсан.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор баталгаажуулсан аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эс үгүй бол тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээг хийж байгаа гэв. Тодруулбал, хүн өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй нөхцөл байдалтай 800 орчим газарт давтагдсан тоогоор жилд 100 мянга орчим иргэн урт, богино хугацаагаар байрлаж байгааг холбогдох байгууллагуудаас авсан статистик дүн мэдээнээс тодорхойлжээ. Үүнээс нэн тэргүүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн 37 мянга гаруй хүнд тогтмол хяналт, шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн байна. Тайлант хугацааны хяналт шинжилгээний хүрээнд 48 газарт өөрийн хүсэлтээр гарч байх боломжгүй нөхцөлд байгаа 9542 хүнээс олон улсын жишиг стандарт, дотоодын хууль эрх зүйн орчны онцлогт уялдуулан боловсруулсан асуумж авчээ. Түүнчлэн хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдсон баривчлагдсан 675 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 337 ажилтан, алба хаагчтай хүсэлтийнх нь дагуу уулзаж, 2739 хүнд зөвлөгөө өгч харьяаллын дагуу 66 гомдлыг шилжүүлэн шалгуулсан байна. ШШГЕГ-ын харьяа төв,орон нутагт байрлах нээлттэй,  хаалттай хорих анги, цагдан хорих анги байр, төв, баривчлах байр, сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, цагдаагийн байгууллагын төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүлжүүлэх, түр саатуулах байр, баривчлах байр, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, цэргийн сахилгын байр зэрэг хуулиар харьяалуулсан бүх газарт очиж сургалт, сурталчилгаа явуулж, 25 зөвлөмж хүргүүлэн биелэлтийг тооцсон дүнг талуудад болон олон нийтэд мэдээлсэн байна.

Үргэлжлүүлэн тэрбээр ШШГБ-ын алба хаагчдын цалин, нийгмийн асуудлаарх шийдвэрийн хэрэгжилт, хорих ял эдэлж буй хүмүүсийн эргэлт, уулзалтыг цахимаар зохион байгуулдаг болсон, хорих ял эдэлж буй хүмүүсийг “улаан шугам”-д шаардлагагүйгээр суулгах зөрчлийг таслан зогсоосон, хорих ял эдэлж буй хүмүүсээс албан тушаалтанд хандсан өргөдөл гомдлыг шуурхай шилжүүлдэг болсон зэрэг онцлох үр дүнг танилцуулав. Үргэлжлүүлэн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар, СЭМҮТ-д хийсэн хяналт, шинжилгээний талаар тайланд дурдагдсан мэдээллийг танилцууллаа.

Нийт иргэд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтанд шилжүүлэн шалгуулсан талаар мөн дэлгэрнгүй танилцуулсан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд анх үйл ажиллагаа эхэлж байхад 6 гомдол ирж байсан бол өнгөрсөн жил нийт 66 гомдол мэдээлэл ирснээс эрүү шүүлтийн улмаас хохирсон талаарх мэдээлэл зонхилжээ. Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн тэдгээр гомдол мэдээллийн дагуу эрх нь зөрчигдсөн гэх 19 иргэнтэй биечлэн уулзаж эрх зүйн туслалцаа үзүүлэн, зарим санал хүсэлтийг эрх бүхий албан тушаал дээр даруй шийдвэрлүүлсэн байна.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын хүрээнд гурван багц саналыг Байнгын хороонд танилцуулж буйгаа Комиссын гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.

Тайлангийн хүрээнд Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтын талаар Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц түүний нэмэлт протоколд нийцүүлэн эрх зүйн одоо зохицуулалтыг боловсронгуй болгох; Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээг үзүүлэх, Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд заасан сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн үйлчилгээг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж төрөлжсөн асрамжийн бүтэц бий болгох; Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын олон улсын гэрээ конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцын 22 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороонд уламжлах асуудлыг холбогдох журмын дагуу судлан шийдвэрлэх гэсэн саналуудыг Байнгын хороонд танилцуулав.

Дараа нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт,  үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсээс хийсэн үнэлгээг тус хэлтсийн дарга Г.Болорсүх танилцуулсан бөгөөд 10 зөвлөмж гаргасан гэв.

Энэхүү тайлан, түүнд хийсэн үнэлгээний талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар асуулт асууж, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Түүнчлэн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр санал хэлсэн юм. Үүгээр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.  Байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн 7 бүлгийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанаар энэхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн дээрх 7 бүлгийн дүгнэлт болон Хүний эрхийн Үндэсний Комиссын шаардлага, зөвлөмжийн талаар мэдээлэл сонссон юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид энэ талаар хуралдаанд танилцуулав. Комисс энэ удаагийн илтгэлийг 7 сэдвийн хүрээнд боловсруулж, нийт 54 саналыг Улсын Их Хурлын тогтоолд тусгуулахаар уламжилж байгаа гэлээ. 2023 оны байдлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд нийтдээ 145 хяналт шалгалтыг хийсэн байна. Ихэнхийг нь буюу 119-ийг нь гишүүд өөрсдийн санаачилгаар, харин гомдол мэдээллийн мөрөөр 26 хяналт шалгалт хийсэн байна. Нийт хяналт шалгалтын үр дүнд 26 шаардлага, 61 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. Хамгийн их давтагдсан шаардлага, зөвлөмжийн агуулга нь хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн зөрчилтэй холбоотой байсан гэв  Мөн хүүхдийн сурч боловсрох эрх, хүүхдийн хөгжих эрхтэй холбоотой зөвлөмж, шаардлага олон давтагджээ. Энэ хүрээнд сурч боловсрох орчин нөхцөл, дотуур байрны хангамж, хүртээмж, стандартын асуудал хөндөгдөж байсныг Д.Сүнжид дарга дурдав. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан байгууллагуудын талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулсан. Засгийн газар, яам, агентлаг, түүний салбар нэгж 9, хууль сахиулах байгууллагын чиглэлээр 16, нийслэл болоод орон нутгийн Засаг дарга 62, төрийн үйлчилгээ, төрийн өмчит аж ахуйн тооцоот байгууллага 25, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага 11 шаардлага зөвлөмж хүргүүлсэн. Хэрэгжилтийг 2023 оны байдлаар үзвэл 81 шаардлага зөвлөмжөөс бүрэн хэрэгжсэн нь 43, хэрэгжих шатдаа  байгаа 30, хэрэгжилт хангалтгүй 6, огт хэрэгжээгүй 8 байгаа гэлээ.

Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс өгсөн шаардлага, зөвлөмжийг хангалгүй биелүүлсэн, эсхүл огт биелүүлээгүй байгууллагын төлөөллийг цахимаар оролцуулж байгааг Д.Цогтбаатар гишүүн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир эмийн асуудлаарх нээлттэй сонсголыг дурдаад нөхцөл байдал нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчилж болж буй эсэхээр тодруулж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн Үндэсний Комиссоос өгсөн зөвлөмж шаардлагын хэрэгжүүлсэн талаар Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Засаг даргаас асуулт асууж, хариулт авсан.

Ийнхүү Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ. Байнгын хорооны даргын гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах горимын саналыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.  

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.