Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран өнөөдөр (2024.04.25) Төрийн ордонд зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг Тогтвортой хөгжлийн зорилгын 16.8 дахь зорилт болох “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах” сэдвийн хүрээнд үргэлжиллээ.
Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах зөвлөх Б.Үүрцайх ажиллаж, энэ сэдвийн үндсэн илтгэгч болон панелистуудыг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дэлхийн засаглалын үйл ажиллагаанд жижиг улсуудын үүрэг сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан. Илтгэлээ, дэлхийн засаглалын үйл ажиллагаанд жижиг улсуудын үүрэг ямар байх талаар Монгол Улсын болоод амжилттай хөгжиж буй Люксембург, Катар, Сингапур улсын жишээн дээр танилцуулсан. Тэрбээр, Монгол Улс бол цөөн хүн амтай, жижиг улс гэдгийг тодотгоод, жижиг улсын хувьд институт хооронд бус хувь хүмүүсийн харилцаан дээр хөгжлийн асуудал яригддаг. Жижиг улс орны хувьд амжилтын үндэс нь институтийг хөгжүүлэх явдал байх ёстой. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөр бус хувь хүний онцлогт тулгуурладаг учир хөгжлөөс хойш татдаг. Гэвч жижиг улс орнууд амжилттай хөгжиж болохын жишээ нь Люксембург, Катар, Сингапур байна. Тиймээс жижиг орнууд бие биенээ дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж сурах нь чухал. Жижиг улс орнууд санаагаа нэгтгэж чадвал ямар ч асуудлыг шийдвэрлэх чадвартай. Үүнийгээ ойлгохгүй, аль нэг талд ордог хэмээн гол санаагаа хөндлөө.
Дараа нь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нэгдсэн сэдвийн дагуу дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг дэмжиж оролцуулах, оролцоог нэмэгдүүлэх, бэхжүүлэх талаар мөн үндсэн илтгэлийг танилцуулсан. Илтгэлдээ, НҮБ-ын өнцгөөс харахад жижиг улс орнууд дэлхийн шийдвэрт хэрхэн оролцох вэ гэдэг асуудлыг тавих хэрэгтэй. Үүн дээр зоригтойгоор ярих шаардлага гарч байна. Дэлхий даяар шинэ тоглогч, оролцогчдод боломж олгож, дэлхийн засаглалын үйл ажиллагаанд татан оролцуулах хэрэгтэй. Гэхдээ тухайн орны тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөхгүй зармыг баримтлах шаардлагатай хэмээн тэмдэглэв.
Панелистуудын зүгээс, панелист, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч О.Номинчимэг орон нутгийн түвшинд олон улсын засаглалын үйл ажиллагаанд хувь хэмрээ хэрхэн оруулах боломжийн талаар Улаанбаатар хотын жишээн дээр мэдээллээ хуваалцсан бол Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сара Тейлор Азийн сангийн үйл ажиллагааг товчхон танилцуулахын зэрэгцээ хөгжиж буй улс орнуудын зүгээс дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар хөндөж, мэдээлэл хуваалцлаа
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20