Монголоор овоглож ДЭЛХИЙН БАНКИНД ажилласан, Ерөнхийлөгчөөр “овоглож” УИХ-д горилж яваа Батсуурийн Даваадалай
Үйл явдал
/
2024-04-29

Өнөөдрийн онцлох улстөрч Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Батсуурийн Даваадалай. Үе үеийн Ерөнхийлөгчийн зөвлөхүүд төрийн тэргүүнийхээ нэр нүүрийг урдаа барьж, өөрийн улстөрийн гишгүүр болгон ашигладаг нь бараг уламжлагдсан ёс болжээ. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг өмнөө барьж 2020 оны сонгуульд гишүүн болсон А.АДЪЯАСҮРЭН, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Б.Бейсэн нар бол 2024 оны сонгуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр овоглон хүч үзэхээр горилж буй нь ахлах зөвлөх Ш.Лүндэг, Ж.Энхбаяр, Т.Мөнхсайхан, Б.Даваадалай, Ө.Золбаяр нар юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 126 буюу олон хүнтэй шинэ парламент байгуулагдах учраас Ерөнхийлөгч ч хууль тогтоох байгууллагад өөрийн хүмүүсээ бодлогоор илгээсэн гэхэд хол зөрөхгүй.

Эдгээрээс Эдийн Засгийн бодлогын зөвлөх Даваадалай нь өнгөрөгч 2023 оны хавраас л СОНГУУЛИЙН ҮНЭР АВЧ, Баянхонгорын сумдад мотоцикль тарааж давхисан. Гишүүн болох гэж чичэрч буй нэгэн. Сүүлд сонгуулийн тойрог томорч, бүсчилсэн хөгжлийн загварын дагуу гурван аймаг нэг тойрог болсон ч айхгүйгээр уулгалан довтолж, улайран зүтгэж яваа. УИХ-ын дарга Г.Занданшатарыг бараадаж нэг үзээд, ганцаарчилсан тоглолт ч хийж үзээд явж буй. Гэвч хүсэлд хязгаар гэж бий. Түүнийг дэвшүүлэх эсэхийг МАН-ын бага хурал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийднэ. Цаашдын хувь заяаг нь Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр нь тас атгачихсан байгаа. Мань эр бол Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй учир асуудалгүй л гэж бодож суугаа.

Гэвч энэ тойрогт өрсөлдөөн их, мөнгөтэй, туршлагатай улстөрчид олон горилж буй. Баянхонгор аймгаас л гэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, залуу улстөрч Б.Өлзийбат гээд нам дотор нь л гэхэд таван өрсөлдөгч байна. Эртний нийслэл “ХАРХОРУМ” хотыг сэргээн босгох Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой энэ төслийг сүүлийн үед “тарни мэт” цээжилж, тоть мэт давтаж байгаа нэгэн. Туйлын хүсэл нь ГИШҮҮН болох. Гэвч мордохын хазгай гэгчээр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумыг “ХАЙРХАН СУМ” хэмээн андууран бичиж, ард иргэдийн дунд шоолуулаад байгаа Дэлхийн банк, Монголбанкинд эдийн засагчаар ажиллаж байсан банк, санхүүгийн салбарын туршлагатай, арвин мэдлэгтэй нэгэн билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.197.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.