УИХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Үйл явдал
/
2024-05-02

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2024.05.02) Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая, 2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөхөөр судалгаа гарсан. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ. 2022 оны байдлаар Монгол Улсад нийт хүн амын 10.5 хувь буюу 344.6 мянган ахмад настан байна.

Хүн ам зүйн өөрчлөлтийн улмаас нийт хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь хурдацтай өсөж байгаатай уялдуулан насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээний болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг сайжруулах зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр, 2017 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан Ахмад настны тухай хуульд ахмад настанд зөвлөгөө өгөх, өдрийн үйлчилгээ, явуулын үйлчилгээ болон өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгож, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр тусгасан ч энэ шинэ үйлчилгээний хэрэгжилт тун хангалтгүй байна. Энэ төрлийн үйлчилгээнд тухайлбал 2022 оны байдлаар 2300 хүнд 600.0 сая төгрөг зарцуулж, нийт ахмад настны нэг хүрэхгүй хувийг хамруулж байгаа нь Монгол Улсад ахмад настныг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцуулах зэрэг үйлчилгээ байхгүйтэй адил байна гэсэн үг юм.

Ахмад настны тухай хуулийн ихэнх заалтын хэрэгжилтийг хангах чиг үүргийг орон нутгийн байгууллагад өгсөн боловч нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах байгууллага болон арга механизм нь тодорхойгүй, орон нутгийн төсөвт хангалттай хөрөнгө тусгагдаагүй зэрэг шалтгаантай байна. Түүнчлэн Ахмад настны тухай хуулийн дагуу үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг туслалцаа нь ахмадуудын тодорхой зорилтот бүлэгт бус, нийт ахмадуудын эрэлт хэрэгцээнд үндэслэх шаардлагатай.

Одоогоор манайд ахмад настанд зөвхөн протез, ортопедийн хөнгөлөлт үзүүлэх, амралт рашаан сувиллын хөнгөлөлтийг жилд нэг удаа үзүүлэхээс өөр тэдэнд зориулсан байнгын тогтмол үзүүлдэг төрөл бүрийн сэргээн засалтын болон хөгжил, хамгааллын үйлчилгээ дутагдалтай байна. Иймд ахмад настны цогц тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг тодорхой болгох, урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх шаардлагын үүднээс хуулийн төсөлд тодорхой заалтуудыг тусгасан гэлээ.

Мөн хүн амын дундаж наслалт тогтмол нэмэгдэж улмаар хөдөлмөрийн насны хүн амд ноогдох ахмад настнуудын тоо 2010 онд 10 хүн тутамд 1 байсан бол, 2040 он гэхэд 4 хүн тутамд 1 болохоор байна. Өөрөөр хэлбэл хүн ам насжихын хирээр залуу ажилчдын эзлэх хувь буурах тул мэдлэг чадвартай, ажил амьдралын туршлагатай ахмад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зохистой хэлбэрээр дэмжих шаардлага тулгарч байна.

Иймд ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, ахмад настнууд өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, тэдний мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нөгөө талаар ахмад настан бүх нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох оролцоог дэмжин ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт бодлогыг батлан хэрэгжүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг тусгав.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна. 2020 оноос 2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзэхэд эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж байна. Иймд ахмад настанд тохиолдож байгаа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлын зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан. Мөн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмадын байгууллагын статус, санхүүжилтийг тодорхой зааж өгсөн.

Энэ хууль батлагдсанаар ахмад настанд төрөөс үзүүлэх дэмжлэг үйлчилгээнд хамрагдах ахмад настны тоо өсөж 50.0 орчим тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардагдана. Нийт зардлын 80 гаруй хувь ахмад настны хөгжлийн болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сэргээн засах зэрэг ахмад настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд зарцуулагдана.

 

Ингэснээр ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээ, эрүүл насжилтыг дэмжиж, эрүүл мэнд, нийгмийн оролцоо сайжирч улмаар эмнэлэгт хэвтэх, эм худалдан авах зэрэг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний зардал аажмаар буурах эерэг нөлөөтэй юм. Мөн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх үйлчилгээг дэмжсэнээр ахмад настны болон мэргэжлийн байгууллагуудын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзжээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.145.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.