Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн Тамгын газрын албан хаагчдыын хүсэлтээр шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүн энэ сарын гуравны өдрөөс эхлэн ажлын хэсгүүдэд хуваагдан нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд хуваарийн дагуу ажиллаж байгаа билээ. Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний мягмар гаригт гишүүн Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Б.Ундрах, нар нэг тамгын газартай ч өөр, өөрийн дүүрэгт, хоёр өөр байршилд ажилладаг Хан-Уул, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллаж, шүүгч албан хаагчидтай уулзлаа.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хувьд үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл маш хүнд байдалтай байдаг бөгөөд шүүхийн нэгдсэн барилга ашиглалтад орох хүртэл гал унтраах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүссэн нь биетээр үзэхэд болон шүүгч, шүүхийн албан хаагчдын тайлбараас ил тодорхой байлаа. Одоо үйл ажиллагаа явуулж буй шүүхийн байраа барилгын зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу давхар нэмж барих, эсвэл зай талбай чөлөөтэй томоохон барилга түрээсэлж бүхэлдээ нүүдэллэж очих гэсэн хоёр саналыг шүүхийнхэн тавив.
Шүүхийн хэсэгчлэн байрладаг байр газарт орж, шинээр хэрэгцээ шаардлага гарах талаар урьдчилан төлөвлөгөөнд байгаагүйгээс 2024 оны төсөвт тусгагдаагүй нэмэлт зардал гарах ч энэ талаар судалж, хамгийн боломжтой хувилбарыг сонгож шийдвэрлэнэ гэж гишүүн Р.Онончимэг хэлсэн. Тамгын газрын ажилтнууд өвлийн хүйтэнд нэг байрнаас нөгөө рүү цаас барьж, гарч гүйхгүй, шахцалдаж суухгүй, ариун цэврийн өрөө орохын тулд нэгээс нөгөө рүү явахгүй, хэргийн оролцогчид бие, биеийхээ яриаг сонсоод зэрэгцэж суухгүйн тулд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар тус тусын өрөөтэй тийм л нэгдсэн том барилгад шүүхээ бүхэлдээ байрлуулахыг шүүгч, шүүхийн ажилтнууд дор бүрнээ хүсэж байв.
ХУД-ийн ИХАШШ нь ачааллаараа улсдаа төдийгүй нийслэлдээ хоёрдугаарт ордог. 19 орон тоотой ч 11 шүүгч ажиллаж, өнгөрсөн жил 9862 нэхэмжлэл ирснээс 6208-ыг нь шийдсэн бөгөөд нэг шүүгчид 740 нэхэмжлэл ногдож байсан нь өмнөх оны мөн үеэсээ 30 хувь өссөн, нэг шүүгчид ногдох зохист ачаалал 260 гаруй хувь хэтэрсэн байна. Ийм ачааллынхаа зэрэгцээ байрлаж ажиллах байшингаа яах вэ гэдэг шинэ тутам асуудал ХУД-ийн ИХАШШ-ийнхэнд тулгамдаад буй нь энэ юм.
Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт тавигдах заавал хуульчийн гэрчилгээтэй байх тухай хуулийн шаардлагаас үүдэн боловсон хүчний дутагдалд орж байна. Мөн ажлын маш өндөр ачааллал, ажиллах орчны таагүй байдлаас шалтгаалан дээрх ажлын байруудад ажилтны тогтвортой ажиллах дундаж хугацаа 6 сараас нэг жил болж анхаарал татах хэмжээнд хүртэл богиносчээ. Энэ нь Хан-Уул, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд яг ижил дурдагдаж буй асуудал байлаа.
Шүүгч, шүүхийн тамгын газрынхны нэн тэргүүний тулгамдаж байгаа асуудал хэдий ч харамсалтай нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээнийх биш, ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй, парламентаас заавал хуулинд өөрчлөлт оруулснаар шийдэгдэнэ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хуульзүйн яамаар дамжуулан эрхзүйн шинэчлэлтийн саналаа хүргүүлээд байгаа гэдгээ гишүүн Д.Зүмбэрэллхам уулзалт бүр дээр тодорхой тайлбарласан. Гишүүн Б.Ундрах, шүүгч шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт түр зогссон нь юутай холбоотойг шүүгчдэд нарийвчлан, дэлгэрэнгүй тайлбарласан нь тэдэнд шинэ мэдээлэл болсон.
Шүүхийн тухай хууль шинэчлэгдэж, Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 оны 12 дугаар сараас тэгш эрх бүхий 10 гишүүнтэй анх удаа өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн. Үүний давуу тал нь аливаа асуудлыг цогцоор нь урт хугацаанд ганхашгүйгээр шийдвэрлэхэд олон талын судалгаанд суурилсан байр суурь, олон ургальч үзэлд тулгуурласан шийдвэрүүд гарч, бодлогын түвшинд тусгалаа олсноор эхнээсээ багагүй үр дүнг үзүүлж байна. Тухайлбал 10 жил царцаад байсан Хан-Уул дүүрэг дэх шүүхийн байрны барилгыг 2024 онд үргэлжүүлэхээр улсын төсөвт 5 тэрбум төгрөг тусгуулж, шүүхийн төсвийг бүхэлд нь нэмсний дээр төсвийн саналын хяналтын шат дамжлагыг бууруулж чадсан билээ. Түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд шүүхүүдийн Тамгын газрын өмнө тулгамддаг аж ахуйн болон хүний нөөцийн бүхий л асуудлыг шийдвэрлэх, эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ерөнхий зөвлөл бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж, үр дүнгүүд гарч байгааг талууд уулзалтын явцад тэмдэглэж байлаа. Мөн хоёр жилийн өмнө яригдаж байсан асуудлуудын тоо эрс цөөрснийг дурдах хэрэгтэй.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20