Сэлбэ, Дунд голын орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаашыг цэвэрлүүлнэ
Үйл явдал
/
2024-06-23

Өчигдрөөс орж эхэлсэн борооны улмаас Сэлбэ, Дунд гол далангаа давж болзошгүй нөхцөл үүссэн. Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллан, хариу арга хэмжээг авч байна.

Энэ үеэр НОК-ын дарга Х.Нямбаатар “Замбараагүй, төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн голын урсац өөрчлөгдөж, далангаа давж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн даланг өргөсгөх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр тухайн орчимд далан давах эрсдэл харьцангуй багасаж буй. Мөн бид үерлэж болзошгүй байршлуудад голын лаг, хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Тэрчлэн аж ахуйн нэгж байгууллагууд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлж буй. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөж, гүүр, гүүрэн байгууламж доорх лаг, хагшаасыг зөөж, цэвэрлэх ажлыг хийхээр төлөвлөж байна” гэв. 

Түүнчлэн “Их наяд” худалдааны төв, “Aqua garden”, “АПУ” ХК, “Уран ган” төв зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай зөвшилцөж, лаг, хагшаас цэвэрлэх ажлыг эрчимжүүлнэ. Мөн голын голдирол өөрчилж, барилга барьсан “Ноц констракшн” ХХК-д барилгаа буулгаж, голын урсцыг чөлөөлөх үүрэг өгсөн боловч ажлаа хойрго хандаж байгаа нь эрсдэл үүсгэж байна. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө голын урсац, голдирол өөрчилсөн барилга, байгууламж, стандарт бус гүүрэн байгууламжуудыг буулгах ажлыг хийнэ гэдгийг онцоллоо. 

Мөн мэргэжлийн байгууллагуудын өгсөн мэдээллээр маргааш буюу зургаадугаар сарын 22-ны өглөө 08:00-10:00 цагийн хооронд усны түвшин ихсэх магадлалтай байгаа юм. Иймээс Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хариу арга хэмжээ авч, бэлтгэл хангана гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.108.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.