Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ
Үйл явдал
/
2024-06-26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм.

Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон Сү Дун хоёр тал  Улаанбаатар хотын метро төслийн гэрээг амжилттай байгуулж гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээг төлөвлөгөөт хугацаанд байгуулж чадсан тохиолдолд инженерүүдээс бүрдсэн төслийн багийг боломжит хугацаанд авчран ажил эхлүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.  

Энэ үеэр БНСУ-ын түншлэлийн зүгээс “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулсан. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой гэдгээ онцлон дурдсан. Түншлэлийн зүгээс мөн Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 хөтөлбөрөөр 4 жил суралцуулан, 1 жил дадлагажуулах хөтөлбөр танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ирээдүйд Монголын метроны системийг авч явах хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хэсгийг нийслэлийн 2025 оны төсвөөс гаргах боломжтой. Энэ ажлыг дотоодын их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулна гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэлхийн хэмжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай түншлэлтэй хамтран ажиллах гэрээний хэлэлцээ эхлүүлж буйдаа талархал илэрхийлсэн юм. Ийнхүү “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах хэлэлцээ эхэлж байгаа бөгөөд Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Цолмон ахлан ажиллаж байна. 

Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.