
Засгийн газрын өнөөдрийн /2025.02.19/ хуралдаанд ахуйн хэрэглээний шөнийн цахилгааны үнийг хөнгөлөх асуудлыг танилцуулж, шийдвэрлэжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг хийлээ. Эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаж, 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас мөрдсөн. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс Засгийн газрын 11-11 төвд 390 орчим гомдол ирүүлсэн. Гомдол ирүүлсэн хэрэглэгч нарын 90 орчим хувьтай нь уулзсан. Гомдол саналыг нэгтгэж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
2024 оны жилийн эцсийн байдлаар 1 кВт цагийн эрчим хүчний өөрийн өртөг 280 төгрөг байсан. Дундаж тариф 216 төгрөг байсан. 216 төгрөгийг 285 төгрөг болгоход дунджаар үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн. Уул уурхайн компаниудын тухайд 1 кВт цагийн эрчим хүчний үнэ 294 төгрөг байж байгаад 16 хувиар нэмэгдээд 342 төгрөг болсон. Аж ахуй нэгжийн 1 кВт цагийн эрчим хүчний үнэ 222 төгрөг байсныг 30 орчим хувиар нэмж, 285 төгрөг болгосон. Иргэдийн тухайд ахуйн хэрэглээг гурван шатлалтай нэмсэн. 150 кВТ хүртэлх цагийн хэрэглээг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт хүртэлх хэрэглээг 256 төгрөг, 300 кВт- аас дээш хэрэглээг 285 төгрөг болгон 85 хувиар нэмэгдүүлсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нэгэнт ийм шийдвэр гаргасан, шүүмжлэл гарсан учраас дараах өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Эхнийх нь уул уурхайн тарифыг 340 төгрөг буюу 16 хувиар нэмэгдүүлснээ хэвээр үлдээнэ. Аж ахуй нэгжийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр хэвээр үлдээсэн. Ахуйн хэрэглэгчийн тухайд шөнийн цахилгааны хэрэглээг төрөөс дэмжлэг болгож өгдөг байсан. Хуучин 21:00 цагаас 06:00 цаг хүртэл 220 вольтын хэлхээгээр холбогдсон 700 кВт-аас дээш хэрэглээг 50 хувиар бууруулж байсан хязгаарыг 1500 кВт цаг болгон нэмэгдүүлсэн. Мөн өглөөний 06:00 цагт дуусдаг байсныг 09:00 цаг хүртэл сунгалаа. 380 вольтын сүлжээгээр холбогддог айлын тухайд шөнийн хэрэглээ нь 1500 кВт цагаас дээш гарвал 50 хувир хөнгөлдөг байсныг 3000 кВт цаг болгож, мөн өглөөний 09:00 цаг хүртэлх 3000 кВт- аас дээш гарсан шөнийн хэрэглээг 50 хувиар бууруулах өөрчлөлт оруулсан.
Урьдчилсан байдлаар шөнийн хэрэглээ 33 орчим хувиар нэмэгдэх тооцоолол хийж байгаа. Энэ шийдвэрийг 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нөхөн тооцож эхэлнэ, Гуравдугаар сард мөн энэ хөнгөлтийг үзүүлнэ. Ирэх өвөл буюу арваннэг, арванхоёрдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлэхээр тооцсон. Дээрх хөнгөлөлтийг үзүүлэхэд 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай, энэ татаасыг Эрчим хүчний сайдын багцаас гаргана гэлээ.






-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
2025-02-17
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 05 мин