БОУАӨЯ: “МОНГОЛ УЛСАД ЦЭВЭР ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН БИЗНЕС ХӨГЖҮҮЛЖ, НОГООН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
Өчигдөр 10 цаг 07 мин

“МОНГОЛ УЛСАД ЦЭВЭР ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН БИЗНЕС ХӨГЖҮҮЛЖ, НОГООН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2025 оны 2-р сарын 21-ний өдөр “Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнес хөгжүүлж, ногоон ажлын байр бий болгох” (GCIP Монгол) төслийн Удирдах хорооны (PSC) анхны хурал цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) удирдаж, Эрчим хүчний яам, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Хөгжлийн Шийдэл ТББ, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (CCRCC), болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцов.

Хурлын үеэр UNIDO-ийн төслийн менежер Gerswynn Mckuur төслийн ерөнхий бүтэц, хэрэгжилтийн хэтийн төлөв, хүлээгдэж буй үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бол БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э. Баттулга хурлыг удирдан явуулж, оролцогчдод төслийн ач холбогдол, Монгол Улсын ногоон хөгжилд оруулах хувь нэмрийн талаар онцолж үг хэлэв.

GCIP Монгол төслийн гол зорилго нь цэвэр технологийн инноваци, гарааны бизнесийг хөгжүүлэх замаар ногоон ажлын байр бий болгох юм. Уг төсөл нь Монгол Улсад бага нүүрстөрөгчтэй, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх зорилготой бөгөөд гарааны бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ), судлаачид, бодлого боловсруулагчид, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудад чиглэгдэн ажиллах юм.

Төслийн хүрээнд цэвэр технологийн гарааны бизнесүүдийг дэмжин бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамруулан, хөрөнгө оруулалт татах боломжийг өргөжүүлэх юм. Улмаар ЖДҮ-үүдэд санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгож, олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох, мөн технологийн шилдэг шийдлүүдийг судлан нутагшуулах бодлогын зөвлөмж боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Мөн цэвэр технологийн инновацийн талаарх мэдээлэл, мэдлэг солилцох платформ хөгжүүлж, салбарын оролцогчдыг уялдуулан хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.

Хурлын төгсгөлд оролцогчид төсөл амжилттай хэрэгжихэд шаардлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцлоо.

Энэхүү төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн 1.78 сая ам.долларын санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Хөгжлийн Шийдэл ТББ, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.195.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.