
Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь 1999 оны 1 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.
Анх Оюун Ухааны академийн тав хоногийн сургалтад суусан ихрүүд сургалтын явцад энэ спортод улам татагдаж, ой тогтоолтын тамирчин замнал нь эхэлсэн юм. Ихрүүдийн маань багш болох Хандсүрэнгийн Хатанбаатар нь дэлхийн ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын тэмцээнд оролцсон анхны Монгол тамирчин юм. Ихрүүд урлагийн хүмүүс болох хүсэлтэй байсан ч огт төсөөлж байгаагүй шийдвэрээ гаргасан нь тэдний амьдралд маш том өөрчлөлтийг авчирсан юм. Ихрүүд найман минутын зөрүүтэй төрсөн. Мөнхшүр нь эгч Томоо гэж дууддаг бол дүүг нь Жижгээ гэж дууддаг байна. Н.Мөнхшүр нэг цагт 37 багц хөзөр буюу 1924 ширхэг хөзөр цээжилж чадсанаараа дэлхийн рекордыг эвдэж Гиннесийн номд бичигдсэн. Н.Энхшүр 30 минутад 5445 цифр цээжилж, алдаагүй санаснаараа Шведийн тамирчны эзэмшиж байсан 5040 цифрийг эвдэж дэлхийн дээд амжилт тогтоож Гиннесийн номд бичигдсэн. Мөн дэлхийн чансаанд 1-т бичигдсэн анхны эмэгтэй тамирчин ба 2021 онд 30 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин түрүүлж дэлхийн хошой аварга болсон.
Ихрүүд 2024 оны “Оюуны Олимп”-д ой тогтоолтын 6 төрөлд амжилттай өрсөлдөж 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, дэлхийн нэг рекорд эвдэж Олимпын Аваргууд болсон гайхамшигт суут аваргууддаа амжилт хүсье.






-
1 цаг 55 мин
-
2025-04-04