Нэн ховордож буй хойлог шувууг хууль бусаар агнаж худалдаалах гэж байсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа
Үйл явдал
/
2020-02-01

Нэн ховор амьтан худалдаалж байна гэсэн иргэдийн мэдээллээр Экологийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсээс шалгалт явууллаа.Сонгино хайрхан дүүргийн 32-дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” худалдааны төвд cэжигтэй этгээдүүд автомашины зогсоол дээр уулзаж 3 ширхэг хойлог шувууны махыг 600.000 төгрөгөөр худалдахаар авчирсныг эд мөрийн баримттайгаар дайчлан баривчиллаа.

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл нь хойлог шувууны тус бүрдээ 1400-1800 грамм жинтэй гурван ширхэг махыг эд мөрийн баримтын хамт хураан авлаа. Мөн сэжигтэй этгээд “Ч”, “Б” нарыг эрүүгийн хариуцлагад татаж хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох шалгах үйл ажиллагаа хийгдэж байна.

Алтайн хойлог нь тахианы баг гургуулын овогт багтдаг. 30-40 сантиметр өндөртэй, 2.5-3 килограмм жинтэй шувуу юм. 1953 оноос агнахыг хуулиар хориглож , Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж , Монгол улсын улаан номонд оруулсан. Мөн тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалжээ. Гэвч иргэд олон нийт эмчилгээ сувилгаанд хойлог шувууны махыг хэрэглэх зорилгоор хууль бусаар агнаж , худалдаалж , үргээж байршлыг алдагдуулсаар байна. Хууль бусаар ан агнасан тохиолдолд бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

24.5 дугаар зүйл: Хууль бусаар ан агнах
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиолдолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Иргэд та бүхэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллийг мэдээлэл шуурхай удирдлагын 102 утсанд ирүүлж бидэнтэй хамтран ажиллах боломжтой.

Эх орноо хайрлан хамгаалцгаая !

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.