С.Эрдэнэ: Худалчаа, Улаанбаатараас зайлаарай. С.Бямбацогт: Хулгайчаа, битгий хөдөө яваад байгаарай...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

УИХ-ын чуулганаар сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэлийн мандатын тоог хасаж орон нутагт шилжүүлсэнд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “С.Бямбацогт улайм цайм худлаа яриад байх юм. Чи өчнөөн удаа УИХ-д суулаа, одоо худлаа ярихаа болих хэрэгтэй шүү дээ. Хүн амын төлөөлөл болж энд сууж байгаагаас газар нутаг төлөөлөөгүй. Та нар 2020 оны төсөв батлахдаа нийслэлийн төсвийг байхгүй болгосон. Нийслэлд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөг үлдээгээгүй. Дийлэнх нь хөдөө орон нутгаас сонгогдсон учраас тэд нийслэлийн бүтээн байгуулалтыг тоогоогүй. Монголын хүн амыг хот хөдөөгөөр ялгадгаа боливол яасан юм.

Та нар хотод амьдардгаа болиоч, хөдөөнөө очиж амьдар. Та нар хотын түгжрэл, агаарын бохирдлыг та нар бий болгож байгаа. Хоолноос нь идэж, уснаас нь уучихаад хотыг дандаа 2-3 зэрэгт авч үздэг. Хотын булшилж, иргэдийнх нь сонгох эрхийг хулгайлж байна. ЖДҮ, концесс, тендер хулгай хийнэ. Одоо саналын хуудас хулгайлна. Өшөө юу хулгайлмаар байна. Нийслэлчүүдийг доромжилж ханахгүй байна уу. Та нар нийслэлчүүдээс уучлалт гуйгаарай.

Хотын утаа арилгана гээд л бөөн юм болсон арван хүний амь насыг үгүй хийж, 1000 гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироосон. Хүхэрлэг хий нэмэгдсэн байна. Ийм байдалд бодит дүгнэлт хийгээч. Нийслэлчүүдийг стратегийн хувьд ашиггүй байршил гэж хэлэх гээд байгаа юм уу. Та нарын унтаж, хэвтэх, бааж шээхийг чинь нийслэлчүүд бий болгож байхад нулимж байдгаа боль. Хүн амаараа нэг дүүрэг гурван аймагтай тэнцэж байна. Гэтэл нэг аймагт гурван мандат өгчихөөд нэг дүүрэгт гурвыг өгч байгаагаа боль. Засаг захиргааны нэгдмэл байдлыг хангана гэсэн байхад яагаад Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж байгаа юм. Улаанбаатарчууд та нарт мадлуулахгүй. Битгий хотынхныг дээрэлхээд байгаарай" гэв. Түүний хариуд 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “С.Эрдэнэ гишүүн эрэгнээс унаад яадаг гэдэг билээ түүнтэй л ижил юм яриад байна. Хот хөдөөгөөр битгий ялга гэсэн хэр нь өөрөө ялгаж байна. Хөдөө рүүгээ очиж амьдар гэнэ. Та хөдөө битгий яваарай. Ховдод очсон би Ховдынх гээд, Архангайд очоод би Архангайнх гээд явж байна. Болиорой та. Тэгээд л ямар сайхан нутаг вэ, ямар сайхан газар вэ гээд явж байна. Улаанбаатарынхаа утаатай хонхортоо амьдраарай.

Өөрөө хүмүүсийг хот, хөдөөгөөр нь ялгачихаад хот хөдөөгөөр битгий ялгаад бай гэх юм. Мандат хуваарилахдаа огт ялгаагүй. Хуульд бий. Намайг худлаа хэллээ гэж байна. Хуулийн 12.2 дээр заачихсан байна. Бид хуулиа л баримталж, дагаж байна. Бичиг үсэг мэддэг юм бол унш. Мэддэг юм уу, мэдэхгүй байна.

Хулгай хийнэ гэж ярилаа. Нийгмийн даатгалын сан хулгай хийнэ, Дарханы гурил тэжээлийн элеватор хулгай хийнэ, хүмүүсийн тэтгэвэр хулгай хийнэ гээд чам шиг яривал ярьж чадна за. Өнөөдөр Ховдын ард түмэн нэг кг гурил, нэг тонн цемент, нэг литр бензин нь хоёр дахин үнэтэй ийм хол амьдарч байгаа юм. Улаанбаатар амьдарч байгаа хүмүүсийн орлого их зарлага бага байдаг юм. Улаанбаатараас алслагдах тусам орлого нь багасаж зарлага нь өндөр болдог юм. Энийг ялгаж сур. Өчнөөн олон жил сайдаар ажиллачихаад мэдэж сур. Хамар дор хагархай гэж ганцаараа чи хүн рүү дайрдаг юм уу. Чамаар дайруулаад сууж байх юм уу, айн? Хөдөө битгий яваарай чи” гээд микрофон хаагдав.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.101.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.