Дундговь-Говьсүмбэрийн хамтарсан тойрогт ГОРИЛОГЧИД хэн хэн бэ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-01

Мөнгө, бэлэг, атга чихэрт хууртаж саналаа өгдөг монголчуудын хувьд дахин нэг удаа хариуцлагатай сонголт хийх түүхэн өдөр ойртож байна. Энэ сонгуулиар нэр дэвшигч хэн ч бай гурил будаа, чихэр боов, архи дарс, мөнгө төгрөг тараахыг хуулиар хориглосон нь шинэ үзэгдэл юм.

За энэ ч яахав. Эрх баригч хүчин тоглоомын дүрмийг зохиож байгаа учраас хаана, хэнийг дэвшүүлэх, хэдэн тойрогтой, мандаттай байхаа тохирчихлоо. Бүүр хуульчилчихлаа. Улаанбаатар хотын тойргийн тоо багасаж, орон нутгуудын тойрог нэмэгдэж томсов. Говь-Алтай, Булган, Сүхбаатар зэрэг аймгуудаас төр түшилцэх хоёр эрхэм сонгогдохоор болов. Хамгийн сонирхолтой Дундговь, Говьсүмбэр хоёр аймаг нийлж, сонгуулийн хоёр мандаттай, нэг тойрог болж байна.

Дундговь аймаг ойролцоогоор 46 мянган хүн амтай. Харин Говьсүмбэр аймаг 18 орчим. Хүн амын тоо цөөн учраас энэ хоёр аймгийг сонгуулийн нэг тойрог болгож байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуульд Говьсүмбэр аймгаас яруу найрагч Болор цомын эзэн Г.Мөнхцэцэг сонгогдсон. Сонгогдсон цагаасаа хойш аймаг орноороо ирээгүй, бараагаа харуулаагүй хэмээн сонгогч түмэн л түүнд нүүр муутай байдаг юм билээ.

Сүүлийн хэдэн жил голдуу цэнхэртсэн Дундговьчууд энэ удаа улайх магадлал тун өндөр байна. Наймааны буян, мөнгөний хүчээр найман жил УИХ-д суух мандат өвөртөлсөн манлай уяач Б.Наранхүү нутагтаа бүү хэл, УИХ-д ч ховор үзэгддэг. Ямар сайндаа л “Саарал ордны сарын тэмдэг” хэмээх хоч зүүхэв. Хүмүүст мөнгө, бөхчүүдэд машин, уяачдад мотоцикьл, сугалаа явуулахаас өөр ажил хийгээгүй түүнд Дундговийнхон үнэхээр итгэл алдарч байгаа тул 2020 онд МАН-ын хүнийг сонгох сонирхолтой байгаа гэхэд холоор зөрөхгүй. Нэг тойрог, хоёр мандат бүхий энэ тойрогт нэр дэвших сонирхолтой, хорхойссон хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч буй бололтой.

Тухайлбал, Эрх баригч МАН-аас

Б.Наранхүүгийн тоохгүй байгаа тойргийг Эрдэнэтээс хөөгдсөн Д.Дамба-Очир тордож, услаж байна. Д.Дамба-Очирыг Дундговийнхон танихгүй. Түүнчлэн хөрөнгөтэй, мөнгөтэй Орхон аймаг, Эрдэнэт хотод юу хийгээгүй хүн усгүй, мөнгөгүй Дундговьд юу хийнэ гэж.  

УИХ-ын гишүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэг: /Түүнийг сонгогдсон цагаасаа хойш нутаг орондоо ирээгүй гэлцэх учраас 2020 оны сонгуульд даин итгэл үзүүлэхгүй байх магадлал өндөр байна./

УИХ-ын гишүүн шатарчин Б.Саранчимэг /Баянзүрх дүүргээс сонгогдсон ч олигтой зүйл хийгээгүй учраас тойргоосоо нүүр буруулж, төрсөн нутгаа бараадаж буй бололтой/

НАМОХ-ны гэх тодотголтой Б.Амарсанаа /Өмнөх сонгуулиар Б.Наранхүүгийн эсрэг МАН-аас нэр дэвшсэн ч ялагдсан. Тэрбээр сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэжЭрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гишүүний ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч чөлөөлөгдсөн байна. Түүний хувьд өмнө Дундговиосоо нэр дэвшээд өвдөг шороодож байсан түүхтэй.. Нутаг орондоо нэр хүнд сайтай. Өрсөлдлөө гэхэд МАН-д зоолттой нэг суудал чирээд ирэх л хүн/

О.Бат-Эрдэнэ /Одоогоор аймгийн Засаг даргын алба хашиж буй нэгэн. Нутаг орондоо ажиллаж байгаа ч татвар төлөгчдийн мөнгийг буруу захиран зарцуулсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. ИТХ-ын даргатайгаа нийлж машин тэрэг худалдаж авсан гэдэг нь хэвлэлээр цацагдаж нэр хүнд нь унаад байгаа нэгэн/

Харин сөрөг хүчин АН-аас

Одоогийн УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүү /Мөнгөтэй, бэлтэй нэгэн. Найман жил төрийн түшээгээр ажиллахдаа нутаг орондоо олигтой зүйл хийгээгүй учир Дундговийнхон түүнээс уйдаж эхэлсэн. Тэрбээр 2020 оны сонгууль нэр дэвшихгүй байж ч болох талтай. Бизнесээ хөөсөн нь илүү ашигтай/

Р.Эрдэнэбүрэн /Өмнө нь МҮАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2012-2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хувийн компанидаа тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт татсан хэргээр шалгагдаж, шүүх, цагдаагийн хаалга татаж удаатай/

Л.Данзанноров: /Шаггүй өмгөөлөгч гэгддэг. АН-ын гаралтай ч 2012 онд Б.Наранхүүгийн эсрэг бие даан нэр дэвшиж байсан. Одоо АН-ынхан түүнд итгэл үзүүлэх эсэх нь тодорхойгүй ч тэрбээр улстөрд орохоор өөрйигөө эртнээс бэлдсэн залуучуудын нэг/

Б.Мөнхболор: /Мөн л АН-ын гаралтай. Э.Бат-Үүл даргын үед л “Улаанбаатар смарт карт” ТУЗ-ын дарга байсан. Одоо ч хэвээрээ. 2016 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас Б.Наранхүүгийн эсрэг бие даан нэр дэвшиж байсан. АН-ын шинэчлэлийн бодлогын үед 2016 онд намаасаа гарсан/

Дараагийн горлигч нь Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Одсэр: /Чинээлэг малчин бойжуулах төв ТББ-ын тэргүүн. Говьсүмбэр аймгийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед удирдаж байсан. Улстөрийн албан тушаалд дуртай. Аймаг удирдаж явсан толгой. Гэхдээ Дундговийнхон сайн танихгүй ч Говьсүмбэрээсээ гарах магадлал өндөр/

Сүүлийн горлигч нь Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат: /АН-ын шинэлэлийн хүрээнд Дундговь аймгийг тэргүүлэх болсон. Түүнийг намыханнь мэдэхээс Дундговийнхон тийм ч тод санахгүй. Шинэ залуу хүн/

Гуравдагч хүчин болон Н.Энхбаярын МАХН-аас

Өмнө нь ГЕГ-ын дарга асан О.Ганбат гэгч дэвшихээр горилж буй сурагтай. Тэрбээр өмнө нь 2012, 2016 оны сонгуульд өрсөлдсөн ч өвдөг шороодсон. Унасан хүн ууртай гэгчээр 2020 оны сонгуульд ахиад үзэх бололтой. Гэхдээ намаа сольж, буурь сэлгэж байгаад үзэх нь. Учир нь хайрт МАХН-аасаа нүүр буруулж 2019 оны зургаан сард мэндэлсэн ШИНЭ намаас үзэхээр зэхэж буй аж. Тэрбээр одоо Дундговь аймгийн ШИНЭ намын даргын албыг хашдаг, хурган дарга юм.

Харин түүний оронд МАХН-д хадаг барьж, УИХ-д суудал авч ирэхээ мэдэгдээд буй эрхэм бол С.Буджав. Тэрбээр 2012-2016 онд Дундговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. 2016 онд бусдын адил бие дааж нэр дэвшсэн ч амжилт олоогүй нэгэн. МАН-ын гаралтай хүн. 2020 оны сонгуульд санаархаж МАХН-д хадаг бариад байгаа сурагтай.

Ийнхүү нэгдээд буй хоёр аймгийн нэг тойрогт хоёр мандатын төлөө улстөрийн дөрвөн намын 14 хүн нэр дэвшихээр горилж байна. Эднээс ерөнхий дү нуруу, нэр хүндээрээ 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр зэхэж буй Б.Амарсанаа, Говьсүмбэрийн Засаг дарга асан Л.Одсэр нар ялгарч мэдэхээр байна.

Гэхдээ нэг зүйл хэлэхэд энэ бол бусад аймгуудаас ялгаатай, онцлогтой тойрог. Учир нь Дундговийнхон нь нутгийнхаа хүнийг л сонгож таарна. Говьсүмбэрийн гаралтай нь мөн л нутгаасаа дийлэнх олонхийн дэмжлэг авахр магадлал тун өндөр юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.131.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.