Ус хангамжийн цехийн 14 ажилтан сайн саналын манлайлагч болжээ
Үйл явдал
/
2020-02-02

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийнхэн өнгөрсөн онд Сайн саналын систем дэх ажилтнуудын идэвх санаачилгыг 50 гаруй хувиар нэмэгдүүлэн ажиллажээ. Тус цехийн ажилтнуудын санал гаргалт 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад 53.2%, саналын хэрэгжилт 5.8%-иар нэмэгдэж, ажилчдын оролцоо 14.4 хувиар дээшилсэн байна. Ингэснээр цехийн 14 ажилтан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системийн санал гаргагч 200 манлайлагч ажилтны жагсаалтад багтжээ.       

Тус цехийн ажилтнуудын санал гаргалт жил бүр ахиж, ажилтнуудын оролцоо нэмэгдэн, чанар үнэлгээ сайжирч, ажлын байрны тав тух, эмх цэгц дээшлэн, аюул эрсдлийг илрүүлж, арилган ажилласнаар хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдах боломжтой болжээ. Мөн үйлдвэрлэлийн технологийн процесст тодорхой ахиц гарч, зардал бууруулах замаар ажил хөнгөвчилж, ажилчдын сэтгэл ханамж дээшилсэн хандлага харагдаж байна” гэж өнгөрсөн оны ажлын үр дүн, үнэлэлт дүгнэлтийн талаар тус цехийн Бүтээмж инновацийн мэргэжилтэн А.Долгормаа ярилаа.     Түүнчлэн бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан хэрэгжүүлсэн төслүүдийн  үр өгөөж, ашигт байдал нэмэгдсэн нь үйлдвэрлэлийн процесст тодорхой эерэг нөлөө үзүүлжээ. 2018 онд тус цехийн Бүтээмж чанарын 9 дугуйлан хамтран 6 төсөл, 40жижиг сайжруулалтын ажил гүйцэтгэсэн бол 2019 онд 15 төсөл, 26 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлсэн байна. Үйлдвэрлэлийн үйл явц руу чиглэсэн томоохон төслүүд нэмэгдэж, хэрэгжсэн нь цехийн бүтээмжийн үйл ажиллагааны чанар дээшлэхэд нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцолсон.     

Ус хангамжийн цехэд хэрэгжиж буй томоохон төслүүдээс дурьдахад, цэвэрлэх байгууламжийн хэсэгт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн хамтарсан "Цэвэрлэх байгууламжийн түүхий лагийг үнэргүйжүүлэх” инновацын төсөл 100%-ийн гүйцэтгэлтэй байна. Мөн Цэвэр ус хангамжийн хэсгийн хэрэгжүүлж буй “Ус хангамжийн цехэд тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэлийн программыг нэвтрүүлэх” инновацын төсөл үргэлжилж байгаа аж. Цэвэр ус хангамжийн хэсгийн инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн “Манлайлагчид” дугуйлангийнхан Төв усан сангийн 1, 26-р гар хаалтыг бүрэн автоматжуулж, технологийн горимд шилжүүлснээр эрсдэлийг бууруулж, эрчим хүч хэмнэх өндөр өгөөжтэй ажил болжээ.  

 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.154.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.