“Anna home” аcрамжийн төвийн хүүхдүүд шинэ байрандаа орлоо
Үйл явдал
/
2020-02-04

Өнгөрсөн оны 05 дугаар сард гал түймэрт өртөж, шатсан “Anna home” асрамж, халамжийн төвийн байрыг шинээр барих ажил аймаг, орон нутгийн захиргаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд, ард иргэдийн хамтын дэмжлэг, хандив тусламжаар өрнөж, шинэ байрандаа нүүн орлоо.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, цэцэрлэг, сургуульд ойр байршилд газар олгож, аймгийн Засаг даргын А/234 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 77.0 сая төгрөг, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр барилгын ажилд шаардагдах 30 тонн цемент буюу 600 уут, байшингийн блокны туслалцаа үзүүлсэн бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийт 5.5 сая, орон нутгийн төсвөөс 3,6 сая төгрөгийн хувцас, эд материалын дэмжлэг тус тус үзүүлсэн байна.

Тус төвийг байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй дэмжлэг үзүүлж ажилласан Голланд улсын “Бүхнийг хүүхдийн төлөө сан”-гийн төлөөллүүд болон тус төвийг барьж байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн гүн талархаж буйгаа илэрхийлсэн юм.

"Anna home" төв нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2006 онд анх иргэн П.Болдсайханы санаачилгаар “Бүхнийг хүүхдийн төлөө” ТББ үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 130 гаруй хүүхдүүдийн эрх аюулгүй байдлыг ханган ажиллаж, 5 хүүхэд их дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмшин, амьдралын гараагаа эхлүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.100.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.