Энэтхэгт суугаа иргэд тусламж эрэн Засгийн газарт хандав
Үйл явдал
/
2020-04-04

Бүгд Найрамдах Энэтхэг улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэйгээр тархах эрсдэлт нөхцөл байдал үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгт суугаа иргэдийн зүгээс тусламж эрэн Засгийн газарт хандан хүсэлт гаргажээ.

Тус хүсэлтэд "Энэтхэг улс даяар 21 хоногийн хөл хориог энэ сарын 15-ны өдрийг хүртэл зарласан боловч цаашид энэ хугацаа сунгагдах магадлалтай байна. Сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 90-100 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж, илэрсэн халдварын тоо огцом нэмэгдэж байна. Түүнчлэн Энэтхэгийн нийт хүн амын 10 хувь нь халдвар авах магадлалтай байна гэж тооцоолж, нөхцөл байдал Итали болон Иран улсынхаас хүнд болж магадгүй гэдгийг анхааруулсан.


Монголчуудын биед халдсан тохиолдлууд нэг бус удаа гарсан

Энэтхэгийн эрх баригчигчид өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас энэ сарын 15-ны өдрийг хүртэл гадаадад зорчих, гадаадаас хүлээн авах бүх нислэгийг зогсоохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ нь дараах хүндрэлтэй нөхцөл байдлуудыг үүсгээд буй аж. Үүнд:

-БНЭУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яам нь иргэддээ хандсан нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулахгүй ямар нэгэн үйлчилгээг огт үзүүлэхгүй байна.

-Бид энд цаашид хүмүүсийн гадуурхал аюул заналхийлэлд өртөж магадлал өндөр байна. Монголчуудын биед халдсан тохиолдлууд нэг бус удаа гарсан. Энэ тухайгаа ЭСЯ-нд мэдэгдэхэд үл тоосноор барахгүй ЖИРИЙН ҮЕД ЭМЭГТЭЙЧҮҮД МИНУТ ТУТАМД ХАЛДЛАГАД ӨРТДӨГ ГАЗАР гэсэн тайлбар өглөө... Цаашид бид яах вэ аюулгүй байдалдаа санаа зовж байна.

-Энэтхэг улсад сурч байгаа болон эмчилгээний журмаар ирсэн монгол иргэд өөрсдөө фейсбүүк хуудсаар холбогдож групп үүсгэн өөрсдийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож байна. Нэгдсэн байдлаар хүмүүсийн мэдээллүүд, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй бичиж ЭСЯ-нд удаа дараа хүргүүлж байгаа боловч одоог хүртэл ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй.

-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хоол хүнс болон ахуйн хэрэглээний хомсдол үүссэн.

-Эмчилгээнд орсон, эмчилгээ дууссан иргэдээс бага насны хүүхэдтэй иргэд олон байгаа бөгөөд визний хугацаа дууссан мөн санхүүгийн хүндрэл үүссэний улмаас орох оронгүй гадаа хоног өнгөрүүлэх дээрээ тулсан" гэв.

Мөн Энэтхэг улс нь цаашид вирусийн тархалтаараа хоёр дахь голомт болох магадлал өндөр байгаа тулд Монгол Улсын иргэд цаашид хэрхэх нь тодорхойгүй нөхцөл байдалд орж, Төр, Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа юм.

Иймээс нөхцөл байдал улам дордохоос өмнө иргэдээ татан авах асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээг авч асуудлыг шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Энэхүү хүсэлтийг Засгийн газар, УОК, ГХЯ болон ЭТХЯ-д уламжилж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Д.ТӨГӨЛДӨР

 

Эх сурвалж: Gogo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.165.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.