ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
Үйл явдал
/
2024-09-04
УИХ-аас 2024 оны нэгдүгээр сард баталсан Хүүхэд хамгааллын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тусгасан.
Хуулийн онцлох заалтуудаас танилцуулбал хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзнэ.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, түүнд зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зохицуулалтыг тусгажээ.
Хүүхдийн цахим орчин дахь зохистой хэрэглээг дэмжих, цахим орчинд хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авна.
Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүйгээр орхих, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явах, тээвэрлэхийг хориглоно.
 
Хүүхдийн эсрэг болон хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ажиллуулах, хүүхэдтэй холбоотой ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
Хүүхэд хүчирхийллийн эсрэг 108 мэдээллийн төвд жилд дунджаар 11 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүнээс тэн хагас нь зорилтот буюу хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл байна. Дуудлага мэдээллийн 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, харин 60 хувь нь сэтгэл зүй, бие мах бодийн хүчирхийлэл, 3 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн, үлдсэн 7 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өрсөн гэх мэдээлэл байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн ноцтой гэмт хэрэг, нийгмийг цочроосон үйлдлүүд ихээр гарах болсон тул Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталжээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.