Урд хөршид Корона, хойд хөршид Сибирийн түймэр, манай улсад заллингийн гэмт хэрэг газар авч байна гэж нэг мөрдөгч тоглоомоор хэлсэн нь гэнэт санаанд буучихлаа.
БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны сүүлчээр тархсан томуугийн титэмт вирусийн дэгдэлт газар авч, улмаар эмчлэгдэх боломжгүй, хүний амь насанд шууд аюултай болж тархаад одоогийн байдлаар 4000 орчим хүн халдварлаж, 100 гаруй хүн нас бараад, дэлхийн 15 орчим улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа нь амьд хүн бүрийн зүрхэнд айдас төрүүлээд байна.
Дэлхийн томоохон гүрнүүд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тухайн бүсэд байгаа иргэдээ яаралтай татаад байгаа бол Зарим улс үүний эсрэг хүчтэй тэмцэж, уг өвчнийг анагаах шинэ төрлийн төхөөрөмж бүтээгээд байна. Дэлхий нийтийг цочроогоод байгаа энэ вирусийг намжаах арга зөвхөн шинжлэх ухаанд бий гэдэг бат итгэсэн Япончууд хэдхэн хоногийн дотор шинэ оношлуур зохион бүтээж, түүнийгээ өвчний голомт болсон Ухань хотод илгээж, улмаар 1000 орчим эмчээ туслах хүч болгон явуулсан. Даян дэлхийн хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө шүү дээ.
Япон улсад бүтээгдсэн Коронавирусийн оношлуур өнөөдөр манай улсад онгоцоор ирнэ. Манай улсын хувьд уг нь коронадах бүрэн боломжтой, эрсдэлтэй нөхцөлд байдаг улс. Яагаад гэвэл өдөр давхардсан тоогоор 2000 орчим хүн БНХАУ руу хилээр гарч, худалдаа наймаа хийдэг. Мөн том тэрэгний жолооч нар НҮҮРС зөөж гардаг...
Гэтэл БНХАУ-ын Эрүүлийг хамгаалахын газраас өгч буй мэдээнд манай улсын нэр багтаагүй байгаа нь “АЗ” юм. Харин Америк, Япон, Герман, Сингапур гээд өндөр хөгжилтэй орнуудын иргэд өртсөн байх нь гайхаш төрүүлэв.
За энэ ч яахав. Соотон халтар чимээнээр, сохор үхэр дүйвээнээр гэгчээр манай иргэд, улстөрчид арай сүрийг үзүүлж байна. Гэхдээ өвчин ямар хэлж ирэх биш, болгоомжлох нь зүй юм. Коронагаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх нийтийг МАСКЖУУЛАХ АЯНЫГ зарлаад байна.
Үндсэндээ улс даяар хөл хорио тогтоочихсон тул онц шаардлаггүй бол гэрээс гарах хэрэггүй. Тэрчлэн бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээг хязгаарлаад байна. Зарим иргэд ихэд айж УЛСЫНХАА ХИЛИЙГ ХАА гэж хашгирч, фэйсбүүкт бачуурч байна. Улсаа, иргэдээ бодсондоо л төрөөс ийм шийдвэр гаргасан тул түүнийг одоо дагахаас өөр аргагүй. Харин ЗУД БОЛОХОД НОХОЙ ТАРГАЛЖ, ЗОВЛОН ТОХИОХОД ЛАМ ЦАДДАГ гэгчээр бүх нийтийг маск, амны хаалт зүүхийг салбар яамнаас уриалангуут эмийн сангууд, эм ханган нийлүүлэх газрууд бүгд нэгэн зэрэг ашгаа бодож маскныхаа үнийг огцом нэмж, цөм баяжив. Зарим нь нөөцөлчхөөд дууссан гэсэн хаяг хаалган дээрээ хаджээ. Соц үед ингэсэн бол турсагаа хуулуулах байлаа. Азаар ардчилсан нийгэмд учраас иргэд нь бухимдаад л үлдлээ.
Бүүр ноцтой нь өчигдөр орой нэлээн хэдэн дэлгүүрийн гурил, будаа, төмс ногоо, талх масло дуусаатахлаа. Учир нь өнөөх л коронавирусээс болж гэнэ. Хотын дарга захирамж гаргаж томоохон зах, худалдааны төвүүдийг шаардлагатай бол хаана гэсэн. Энэ мэдээг сонссон Зайсангийн иргэд "И-Март" сүлжээ дэлгүүрүүдийн хүнсний лангууг хоосолсон юм байх.
Сошиалаар л дүүрэн зураг, шүүмж, хийрхэл, цэцэрхэл. Үүнийг далимдуулаад нэр дэвших сонирхолтой зарим хүмүүс иргэдэд тараах тусламжийн бараагаа базаасан сураг ч байна. За ер нь хэн ямар шалтгаанаар гурил будаа цуглуулсан нь тийм ч сонин биш. Харин иргэдийн мэдлэггүй, мэдээлэлгүй, эргэлзсэн байдлыг ашиглан КОРОНАВИУРСЭЭР далимдуулж дэлгүүрийн лангуу хоосолж байгаа нь ТЭНЭГЛЭЛ гэдгийг ойлгох хэрэгтэй...
Иргэд хэтэрхий гэнэн, бас залхуу байгаа нь юуны ч золиос болж мэдэхээр байна. албан бус, нэг эх сурвалжтай, худлаа хаягтай, сонирхол татсан гарчиг бүхий мэдээллийг хуваалцаж, түүгээрээ дамжуулан бусдад ташаа мэдээлэл тарааж хохироож байна. Мэдээллээ нягталдаггүй, шалгадаггүй, дам үгэнд итгэдэг ард түмэнд КОРОНАВИРУС халдахгүй гээд ч яах билээ...
2012 оны оны 12 дугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ гэх мэдээнд итгэсэн Монголчууд лаа шүдэнз нөөцлөөд дэлхийн доог болж билээ...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин