З.Энхболд БУРХАН биш...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-05

Зарчимч, өөрийн нэр төрдөө дэндүү хайртай, зарим  үед хэрүүлч ийм л дүр төрх түүнийг тодотгоно... Улстөрийн хүрээнийхэн түүнийг намхан нуруу, давжаа биедээ багтахааргүй хорчин “гар” гэж ярих нь ч бий.

Шударга зан, зарчимч байдал нь түүнийг УИХ-ын дарга хэмээх том суудалд хүргэж чадсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмнөөс ч, Засгийн газрын тэргүүний өмнөөс ч тэрсэлж “дунд хуруу гозойлгож” чадах хэмжээний бардам, дээрэнгүй амьтан.

Түүний байгуулсан хамгийн том гавьяа бол УИХ-ын чуулганы индрээс “Таван толгойн бүлэг ордыг УИХ-тай зөвшилцөлгүй эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа Засгийн газрын гишүүд наад саналаа орхихгүй бол Засгийг чинь огцруулна шүү” гэх утга бүхий мэдэгдэл хийж Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нарын хуйвалдааныг таслан зогсоосон явдал.

Үүнээс өөрөөр гавьяа байгуулсангүй. Харин АН-ыг ялагдалд хүргэсэн, өөрөө ч УИХ-ын гишүүн болж чадаагүй зэрэг харамсмаар үйл хэрэг олон.

Сүүлийн үед тэрбээр бараг л “БУРХАН” болчихоод байна. Хууль шүүхээр ороод ч ялалт байгуулж чадаагүй бизнесменүүд түүнд хадаг барьдаг болоод байна. Үүний нэг жишээ нь Ноёд группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж. Түүний араас хичнээн хүн дахин хэргийн материалаа дугтуйнд хийж, түүний өрөөнд мэдэгдэл хийхийг таашгүй.

Нэг хэсэг улстөрчид АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийдэг байв. Харин сүүлийн үед төрийн ордонд мэдээлэл хийдэг болох нь

Ямартай ч З.Энхболд бурхан биш. Тэр зүгээр л Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гарын жанжин. 2020 оны сонгуульд нэр дэвшихээр явбал Х.Баттулга ганцаардана. Ямар ч хүчгүй болно. З.Энхболд шиг Ерөнхийлөгчийн хориг, шийдвэр, санаачилсан хууль бүрийг тайлбарлаж өмгөөлж, МАН-ын 65 гишүүний өмнөөс хэрэлдэх хүн гарч ирэхгүй.

Зарчим гэж энэ. Тэр хүн цалин авдаг ажлаа л сайн хийж байгаа хэрэг. Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, С.Бямбацогт нартай ана мана үзэлцэж, тэр л Ерөнхийлөгчийн хориг, санал, санаачилсан хуулийг батлуулж, эсвэл няцаалгаж УИХ-д амь оруулж чаддаг.

Ч.Хүрэлбаатарын хувьд бараг л “дайсан” нь мэт авирладаг. Хотгор шанагийн уурхай, Улсын төсвийн хувиарлалт, Татварын нэмэгдэл, Олон улсын валютын сан гээд Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой хувийн болон хувьсгалын бүхий л “но”той асуудлыг хөндөж, түүнийг эмзэглүүлж чаддагаараа гайхамшиг. Ер нь улстөрч хүнд байх л чанар...

Байнга дайсан байхгүй. Албан бусаар таарахдаа гарыг нь атгаад, инээлдээд л өнгөрдөг. Нийгэмд л Ч.Хүрэлбаатартай таарамжгүй мэтээр харагдахыг хүсдэг байх. Харин хаалганы цаана, халаасан дотор ямар тохироо явагддагыг хэн ч таашгүй...

2017, 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн нэр зүүсэн хүүхэлдэй, жинхэнэ Ерөнхийлөгч нь З.Энхболдыг гэж иргэд ихэд шүүмжилдэг байсан нь тодхон санагдаж байна. Баянголын люкс өрөөнд амьдарч байсан Х.Баттулгад мэдээж төрийн тэргүүний ажил нүсэр, сонин байсан байх. Түүнд өдөр тутмын ажилд нь туслах хамгийн найдвартай хүн хэн бэ гэдэг нь гол байв. З.Энхболд яах аргагүй зөв сонголт. Учир нь өмнө нь УИХ-ын даргын албыг дөрвөн жил хашихдаа өдөр тутмын нууц мэдээлэл дунд хөвж, ялгаж салгаж сурсан дадал нь хэрэгтэй байв.

Гэвч ахиад хэлье. З.Энхболд бол шударга үнэний туйл биш. Тэр зүгээр л шударга байх ёстой гэж ярьсаар найман жилийг ардаа үлдээсэн Ц.Элбэгдорж шиг ард түмэнд таалагдахаар хашгирч буй “тоть”.

Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурвын үед арай гэж сэргэж буй ШУДАРГА ЁСНЫ логог өөртөө наахаар оролдож буй идэвхтэн байж ч болох...Тэр бол зүгээр л Ерөнхийлөгчийн гарын хүн. Үндсэн үүрэг нь тэр шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.