ХХ зууны түүхт хүн Х.Чойбалсан
Нийтлэл
/
2020-02-08

МЭНДЭЛСНИЙ 125 ЖИЛИЙН ОЙД

XX зууны шилдгүүдийг тодруулах санал асуулгыг 2000 онд орон даяар явуулахад “Зууны түүхт хүн” номинацын эзнээр маршал Х.Чойбалсан шалгарсан. Монгол Улсын арван нэг дэх Ерөнхий сайд энэ эрхмийг 1940, 1950-аад онд нийт олон “Эцэг болж хайрлагдсан Чойбалсан” хэмээн тахин шүтэж явсан бөгөөд улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, анхны өрлөг жанжин гэсэн албан ёсны бодит үнэлэмжтэй нэгэн билээ. Ардын засгийн анхны долоогийн нэг Х.Чойбалсанд өөрөөс нь өмнө Ерөнхий сайдын алба хашиж явсан Д.Бодоогийн авьяас билэг, Жалханз хутагт С.Дамдинбазарын нэр хүнд, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн эрдэм боловсрол, Анандын Амарын амьдралын ухаан, Пэлжидийн Гэндэнгийн гал дөл иь бадарсан омог бардам сэтгэл аль аль нь байсангүй. Гэвч тэрбээр Монголын төрийн их өргөөний хаалгыг хол ойроос олон жил тэвчээртэй харж, өөрийн цагаа тэсвэртэй хүлээсэн хатуу бодолтой улстөрч байжээ. Хүйтэн ухааны чанд тооцоотой гарч ирсэн ч улс орноо гэх сэтгэлээр урьдах удирдагчдаас дутаж явсангүй. Эх орноо тэднээс дутуу хайрлаагүй энэ хүний амьдрал оньсого таавар мэт үргэлжилсэн.

1. Хорлоогийн Чойбалсан. 1895 онд Цэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймагт төрсөн. 1910 онд Сан бэйсийн хүрээнээс оргон Нийслэл хүрээнд ирсэн. 1914-1918 онд Эрхүү хотын дунд сургуульд суралцсан. Коминтернтэй холбоо тогтоож, Орос улсаас тусламж гуйхаар 1920 онд явсан Ардын намын анхны долоогийн нэг.

Гандантэгчэнлин хийдийн хурлын нэр хүндтэй лам нарын нэг Пунцаг : “Миний дэргэд гайгүй сэргэлэн нэг хүү байна. Чамд шавь оруулъя” гэж Их шавийн Д.Бодоод хандсан гэдэг. Тухайн үед Нийслэл хүрээн дэх Хаант Орос улсын консулын дэргэдэх орчуулагчдын сургуулийн багш байсан, хожмоо МАН-ын үүсгэн байгуулахад Консулын дэнжийн нууц бүлгийн удирдагч гэдгээрээ асар их нөлөөтэй явсан Д.Бодоо ийнхүү ирээдүйн Монгол төрийн удирдагч болох заяа төөрөгтэй нэгэн шавьтай болсон нь Х.Чойбалсан байв. Хүрээний горлом алхаж, бүсгүй хүнд ойртон хэл аманд орж хэрдээ төрхгүй гэгдэж явсан Д.Бодоо ламтан залуу шавьдаа амьдрал эрдмийг зэрэг заасан гэж хууччуул ярьдаг. Чухам энэ л үеэс Х.Чойбалсангийн өөрөөс нь өөр хүн нарийн учрыг нь үл тунгаах буруу зөв амьдралын жинхэнэ түүх эхэлжээ. Тэрбээр Д.Бодоогийн дэмжлэгтэйгээр Богд хаант Монгол Улсын Гадаад яамны дэргэдэх орос, монгол хэл бичгийн сургуульд суралцаж байлаа. Улмаар Орос улсын Эрхүү хотын гимназад 1914-1917 онд суралцжээ. Эх орондоо буцаж ирээд 1918 онд Их Хүрээнд Цахилгаан мэдээний нэг жилийн түр сургуулийг дүүргэсэн. Х.Чойбалсан нь Д.Бодоогийн үүсгэн байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмд элсэн орж, улмаар Ардын хувьсгалын анхны долоогийн нэг болж, харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх тэмцэлд оролцож эхэлсэн юм.

 

2. Дорнод хязгаарын хэргийг эрхлэх сайдаар 1922 оноос ажилласан. Зөвлөлт Орос улсад цэргийн сургуульд 1923 онд суралцаж, дараа онд нь Бүх цэргийн жанжин болсон.

МАХН-ын анхдугаар их хурал хуралдаж Ардын түр засгийн газар байгуулагдсан ч Х.Чойбалсанд өндөр алба хараахан ногдсонгүй. Түүнийг дэндүү залуу гэж тооцож дэд жанжин байхад л хангалттай хэмээн халуун сумны өөдөөс илгээлээ. Түүнд хатуу зөөлөн үг хэлж, хажуудаа авч явсан эрхэм хүн, анхны долоогийн нэг Д.Бодоог Шархадны энгэрт 1922 оны зун хилс хэргээр хороосон нь Х.Чойбалсанд хүнд цохилт болов. VIII Богдын хөрөнгийг хурааж явсан залуу жанжин тэрбээр нэг л мэдэхэд эсэргүү Д.Бодоогийн шавь явсан зүйл ангиар ялд унаж анхны долоогийн бас нэг нь болох С.Данзанд байцаалт өгч суужээ. Үүгээр бүх зүйл дууссангүй. “Баруунтан" хэмээх нэр хүлээж, улс орноосоо урвасан хэрэгт хоёр ч удаа ороогдож, ганцаардаж аргаа барахдаа хотын зүүн энгэрт гарч Д.Сүхбаатар жанжныг оршуулсан газар сөхрөн, уйлж суусан гэдэг. Тэгээд алдрын титэм магнайдаа залж, ард түмний жолоодогч гэж дуудуулах хүртэл их зам туулах хэрэгтэйг ухаарсан байна.

 

3. 1935 онд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч болсон. 1936 онд түүнийг Дотоод явдлын яамны сайдаар хавсран томилсон.

1937 оны наймдугаар сарын сүүлчээр Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Г.Дэмид галт тэргээр Эрхүү хот орох замдаа учир битүүлгээр нас барлаа. Энэ нь “Улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхэл" гэсэн дохио байжээ. Долоо хоноод их баривчилгаа эхэллээ. Ерөнхий сайдын орлогч, Дотоод явдлын яамны тэргүүн сайд Х.Чойбалсангийн тушаалаар армийн дээд удирдлага, нам төр, олон нийтийн байгууллагын удирдах ажилтнууд, эрдэмтэн мэргэд, лам хувраг олноороо баривчлагдан хилс хэргээр шийтгүүлэн амь эрсдэв. Хууль ёсыг ч хэрэгсэхээ болилоо. Зөвхөн 1937-1939 онд гучаад мянган хүнийг дайчлан баривчилж, хориод мянгыг нь цаазаар аваачсан гэдэг. “Гадаад Монголд нийтийг хамарсан их баривчилгаа болж, доод тал нь гучин долоон мянган хүн цэвэрлэгдэв” гэж Японы тагнуулын байгууллага удирдлагадаа илтгэж байсан баримт бий.

 

4. 1939 оны эхнээс Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж, Гадаад явдлын яамны сайдаар хавсруулан, Цэргийн ба Дотоод явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны албан тушаалд улируулан томилсон.

Ерөнхий сайд А.Амарыг ‘‘хувьсгалын эсэргүү” хэмээн ялтны ширээнд шилжүүлсний дараахан түүний өрөөнд Х.Чойбалсан шилжин суужээ. Гэхдээ жудаг сахиж, А.Амар сайдын суудалд шууд очоод суусангүй. Ширээн дээрх нь зүйлсийг эмхэлж, үүд хавьд нь өөр ширээ тавиулан ажлаа эхэлсэн гэдэг. Тэрбээр эрдэм мэдлэгээр гавихгүй ч өөрийгөө их боловсруулдаг, долоо хоногийн лхагва гараг бүрт гэртээ сууж эрдэмтэй хүмүүсээр хичээл заалгадаг, өглөө бүр туслахуудаараа “Үнэн” сонин уншуулдаг, түүх их сонирхдог хүн байжээ.

Ард түмний ахуй амьдралыг сайн мэддэг хүн гэхэд түүний амнаас заримдаа санаанд багтамгүй үг гардаг байлаа. Гуч хүрэхгүй сая малтай Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тэрбээр “Их Сталины заавар ёсоор ойрын жилд хоёр зуун сая малтай болно” гэж хэлэхэд ард түмэн нь мэл гайхаж, голио царцаа, голын загас, зээр юу байдгаа хамж тоолуулаад ч гүйцээж чадахгүй тоо байна гэж шивэр авир ярьж байжээ.

Тэр үед тэрс үг хэлбэл аминд халтай цаг байсан. И.Сталин “багш”-ийн заавар зөвлөгөөнөөс тас зөрөх зүрх зориг маршал Х.Чойбалсанд байсангүй. Харин амьд бурхан болсон маршалын өөдөөс тэрслэх аавын хүү Монголд байсангүй. Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үед барих, баригдах хүмүүсийг Х.Чойбалсан мэддэг ч гэсэн баригдаад хувь заяа нь яаж дууссаныг түүнд илтгээгүй олон тохиолдол гарчээ. 1940-өөд онд маршал Х.Чойбалсан нэг удаа Д.Сүхбаатар жанжны хүү Галсангийнд уригджээ. Очтол тэнд байсан Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн царай хувьс гээд явчихаж гэнэ. Х.Чойбалсан тэнд хамт очсон МАН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжавт дараа нь “Ичинхорлоо хүүхэн надад ямар шүү хандаж байгааг чи ажиглав уу. Тэгвэл тэр чинь ийм учиртай. Түүний нөхөр зохиолч М.Ядамсүрэн эсэргүү хэрэгт баригдсан. Нэг өдөр Д.Ичинхорлоо над дээр ирээд “Миний нөхөр нам засаг, ард түмэндээ хар буруу санаж эсэргүү ажил хийх хүн биш. Бүх авьяас билэг, хүч чадлаа эх орныхоо тусын тулд зориулж явсан. Түүнийг минь суллах талаар та туслаач” гэж уйлж хайлж гуйсан. Тэгэхэд нь би туслахыг хичээе гэсэн. Тэгээд Дотоодын явдлын яамны зохих хүмүүстэй ярихад түүнийг аль хэдийнэ цаазалсан байсан. Энэ учрыг Д.Ичинхорлоод хэчнээн тайлбарласан ч тэр огт үнэмшихгүй, харин шоронд байсан хүнийг суллуулахаар надаас гуйхаар, хэлснийх нь дараа шийтгэлийг улам түргэлүүлдэг гэж боддог болжээ. Тэгээд бидний хоорондын харилцаа ийм хүйтэн болсон юм” гэж ярьсан байна.

"Хувьсгалын эсэргүү” хэмээн баригдаж гянданд 15 сар суусан Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн академич "Чойбалсанг би 1926 оноос эхлэн таньдаг, гэр орноор нь орж гардаг, надад их сайн байсан. Гэвч намайг шоронгоос гаргах эрх мэдэл тэр хүнд байхгүй байжээ гэж хожим ухаарсан. Маршал нэг удаа надтай уулзахдаа “Би их зовж байсан. Ялангуяа 1937-1939 оны үед тун их зовж байсан. Та нар мэдэхгүй” гэж хэлж байсан шүү. Тэгээд би Х.Чойбалсанг тухайн үед шийдвэрлэх эрх мэдэлгүй И.Сталин, түүний гар хөл болсон оросуудад хавчигдаж байсан хүн юм аа гэж бодох болсон” гэсэн нь бий.

Хэлмэгдүүлэлтэд Х.Чойбалсангийн эрх мэдэл хязгаарлагдмал байсныг иймэрхүү баримт нотолдог боловч тэрбээр олон хүнийг хилс хэрэгт унагаж амь нас, эрүүл мэндийг нь хохироосон үйл явдлын гол толгойлогч нь байсан болохоор уучлах аргагүй юм. Тэр үед маршал Х.Чойбалсан нам засгийн дээр гарсан эрх мэдэлтэй, хэнд ч захирагддаггүй, хэнээр ч үг хэлүүлдэггүй, дур зоргоороо аашилдаг дархан эрхтэй хүн шиг харагдаж байжээ. Үнэхээр улс орны эдийн засаг, аж ахуй, соёлын салбарын асуудпыг өөрийн санасан бодсоноор шийдвэрлэж байсан нь цөөнгүй. Харамсалтай нь, анги ба ангийн тэмцлийн тухай утопи сургаалыг бишрэн үнэмшдэг Х.Чойбалсангийн үзэл баримтлал нь Зөвлөлт Орос улсад социалист байгуулалт амжилт олох тусам ангийн тэмцэл улам хурцдах тухай И.Сталины алдаатай томьёоллыг Монголын хөгжил дэвшлийн замд заавал давтагдах мэт догматикаар ойлгоход хүргэжээ.

Далайхад нь далд орж, даллахад нь ил гарч байдаг эзэн харьяатын харилцаа нь И.Сталин ба түүний дэргэдийнхний дарамт шахалтаас зайлах бололцоог түүнд өгөлгүй хав барьж, мултрахыг оролдвол зайлшгүй “алдаж, үхэх” хувь заяа дагалдаж байсан болохоор амь насаа аврах, алдар хүнд, эрх мэдэл олж авахын тулд арга буюу тэдний тушаалыг нь дагаж байсан биз ээ.

Маршал Х.Чойбалсан маш олон зүйлд И.Сталины амыг харж, заавар зөвлөгөө хүсдэг байсан. “Сүлд тэмдгийн зориулсан янзыг Сталин үзээд... харин танай сүлд болохдоо дундаа морьтой хүн, тойроод янз бүрийн мал байвал зохино гэсэн” тухай бичсэн нь баримт болон үлджээ. Улс орныхоо сүлд тэмдгийг батлахдаа хүртэл харь орны удирдагчийн ам харж явсан түүх бол гашуун үнэн. Гэвч тухайн үед олон хүн Монгол орноо Зөвлөлт (Орос) Холбоот улсын бүрэлдэхүүн болгоё гэсэн санал гаргахад Х.Чойбалсан эрс эсэргүүцэж, “Төр улс нь устчихвал, яваандаа улс үндэстэн нь ч усталгүй яах вэ” гэж уурлаж байжээ. Улс төр судлаачид “Хар багаасаа хатуу амьдралын зам туулсан энэ хүн хойд хөршийн дарангуйлагч И.Сталины өмнө буулт хийж илэрхий зөрчилдөхөөс зайлсхийж явсны бурууг өнөөдөр Монгол Улс өөрийнхөөрөө оршин тогтнож буйгаар цагаатгаж болох юм" хэмээн ярьж байна. Үүний үнэн зөв эсэхийг цаг хугацаа, түүх, олны ухаан яваандаа тунгаах болов уу.

 

5. 1952 оны эхээр эмчлүүлэхээр Москвад очиж нэгдүгээр сарын 25-ны өдөр нас барсан.

Маршал амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд танигдахын аргагүй өөр болсон гэдэг. Бодолд дарагдаж, үе үехэн гомдол цухалдлын үг ил гаргаж, нанчид зооглох нь олшрох болжээ. Сархад өрсөн ширээний ард, сайхан бүсгүйчүүдтэй наргиж, эр хүний жаргал эдэлж, сайн нөхдөө эрлэгийн оронд илгээж, одон тэмдгээр энгэрээ мялааж явсан он жилүүдийнхээ алдаа оноог цэгнэн сэтгэлийн тамд унаж суусан ч байж магадгүй. Хойд хөршийн их удирдагч И.Сталины далан насны ойг 1948 оны арванхоёрдугаар сард сүр дуулиантай тэмдэглэж, олон орны төлөөлөгчид Оросын нийслэл Москваг зорьж байхад маршал өргөөнөөсөө холдоогүй. И.Сталины ойд гадаад орны удирдагчдаас хэн хэн очоогүйг мэдэхийг туслахууддаа тушааж, Хятадын төрийн тэргүүн Мао Цзэ Дунг Москвад хэрхэн хүлээн авч байгааг радиогоор нэвтрүүлэхийг анхааралтай сонсож суужээ. Түүний Өвөрмонголыг БНМАУ-тай нэгтгэх бодлыг И.Сталин зөвшөөрөөгүй бөгөөд бусад жижиг асуудпаас болж Зөвлөлт Орос улсын их удирдагчтай харилцаа хүйтэрсэн нь Х.Чойбалсанг уг ойд очоогүйн гол шалтгаан болсон гэж үздэг. 1950-аад оны эхээр түүний бие муудаж нэг л эрүүл биш харагдах болсон байна. Гэвч харь гүрний нутагт очиж эмчлүүлэх сонирхол түүнд байгаагүй. “Цэдэнбал намайг хойшоо явж эмчлүүл гэж яаруулах юм” гэж гоморхон ярьж суусан нь бий. Гэвч энэ бүхнээс зөрж зоргоороо байх эрх мэдэл нь дуусчээ.

Москва хотын Кремлийн эмнэлгийн гуравдугаар давхрын баруун хойд булангийн нэгэн өрөөнд, нэгдсэн Монгол Улсыг байгуулах гэсэн их хаадын хүсэл мөрөөдлийг хадгалж явсан туурга тусгаар БНМАУ-ын нэгэн удирдагч амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөсөн юм. Өнгөрсөн зууны эхээр Монгол орны хувь заяаг шийдэж, түүхэнд үлдсэн цөөхөн хүнээс эцсийнхээ өдрийг хүртэл алдаж осолдох хувь тавилангаас ангид явж ер чадаагүй маршал Х.Чойбалсан аргын 1952 оны нэгдүгээр сарын 26-нд нас баржээ.

 

Б.Манлай

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.