Сандагдоржийн Магсаржав нь 1878 оны 4 дүгээр сарын 10-нд Сайн ноён хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Өвөр цагаан бургас хэмээх газар ядуу тайж Сандагдоржийн ууган хүү болон мэндэлжээ. Магсаржавын өвөг дээдэс голдуу цэргийн гавъяаны гүн цолтой хүмүүс байсан бөгөөд Магсаржав нь 7 дахь үеийн хүн байжээ. 1905 онд язгуурын хэргэмийг сэргээн олгож Ховд дахь амбан яамны дэргэд хугацаа заан суулгаж, Халхын жасаанд томилжээ.
1912 онд Баруун хязгаарыг төвшитгөх сайдаар Баргын Дамдинсүрэн, Магсаржав нар томилогдон Ховдыг дайран эзэлж, манж хятадуудыг буулган авчээ. Магсаржавын гавъяаг Богд хаант Монгол улсын Засгийн газраас үнэлж үе улиран залгамжлах Хатанбаатар цол олгожээ. 1913 онд хятадын цэрэг Өвөрмонголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарыг цэргийн хамт явуулсан боловч Хаант Оросоос шахалт үзүүлсэн тул цэргээ буцаан татжээ.
1914 онд зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, Цагаан Оросын үлдэгдлийг дарах зэрэг цэрэг дайны үйл ажиллагаанд оролцжээ. 1919 онд Монголын автономитыг устгаж Хүрээнд орж ирсэн хятадууд 1920 оны дундуур Магсаржавыг Хүрээний нууц бүлгэмүүдтэй холбоотой хэмээн баривчилж шоронд хорьжээ. 1921 оны 2 дугаар сард Барон Унгерн Хүрээг эзлэн авахдаа Магсаржавыг суллаж, Богд хааны түр сэргэсэн Засгийн газарт Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлжээ. Түүнд баруун хязгаарыг төвхнүүлэх үүрэг хүлээлгэн явуулсан боловч 1921 оны 7 дугаар сард Монгол Ардын Намын гишүүдтэй санаа нэгдэж, Улиастайд байрласан цагаантны удирдагч Вандановыг устгажээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн баруун аймгуудад Ховд, Улаангом, Толбо нуур, Гурванцэнхэрийн сав газруудаар бүгэж байсан цагаантны цэргийн хүчнүүдийг даржээ.
Магсаржав Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх үйл хэрэгт идэвхтэй оролцож, Богдын тамга дарсан бичгийг Лосол, Догсом нараар Орос руу явсан Сүхбаатар нарын араас хүргүүлсэн байна. 1922 онд цэргийн яамны сайдаар томилогдож, Сүхбаатар өөрийн биеэр батлан даалт гарган МАН-ын гишүүнээр шууд элсүүлжээ. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн газраас Байлдааны гавъяаны Улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн газраас “Ардын” хэмээх цолыг тус тус олгожээ. 1924 онд МАХН-ын Төв Хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан ёсоор айлчилж байжээ.
Хатанбаатар Магсаржавын тухай ард олны дунд элдэв сонин яриа тархсан байдаг. Магсаржав нь Чингис хааны удмын сурвалжит цэргийн жанжин бөгөөд XX зуунд хүний зүрхээр туг тахисан сүүлчийн монгол жанжин гэнэ. Бароны цэргээс олзлогдсон орос цэргийн эмч Магсаржавын дэргэд байхдаа Вандановын зүрхээр туг тахиж будсаныг харсан бололтой, тийнхүү тэмдэглэн үлдээжээ.
Магсаржав Цагаан Оросын генерал Бакичийг буулган авахаар явжээ. Бакич Магсаржаваас хамаагүй давуу цэргийн хүчтэй байсан гэдэг. Магсаржав дүн өвлийн цагаар Улаангомын хүрээ рүү 500 хүрэхгүй цэрэгтэй явах замдаа нэг гэр, зөвхөн идэшний үхэр, монгол архи дайчилжээ. Улаангомын хүрээнд дөхөж ирээд Бакичид элч илгээж “Бакич бол тийм больчихсон дээрэмчин генерал биш, тэр цагаан хааны уламжлалт цэргийн дарга хүн” гэж хэлүүлээд гэр бариулж, үхэр гаргуулан архи сөгнөжээ. Удалгүй Бакич хэдэн нөхдийн хамт ирж, монгол цэргүүдээр хамгаалуулан нөгөөх гэрт Магсаржавтай тухлан хэлэлцээр хийжээ. Хэд хоногийн дараа Бакич өөрийн хамт цэргийн ар гэр, эхнэр хүүхдийг Да Хүрээ, Өндөрхаан, Санбэйсийн хүрээгээр дамжуулан Хайлаар, Манжуур гаргаж өгөх болзолтойгоор бууж өгчээ.
Өөр нэгэн хууч ярианд, 1921 онд Барон Унгерн Хүрээг эзлээд шоронгоос Хатанбаатар Магсаржавыг суллаад “За, таны цэрэг хаана байна” гэж асуухад нь “миний цэрэг гэр гэртээ байгаа” хэмээжээ. Эл үгэнд эгдүүцсэн Барон Унгерн “би цэрэгтээ хоол хүнс, хувцас, буу зэвсэг, цалин өгөөд байхад тогтохгүй байхад яахаараа танай цэрэг жанжин нь шоронд байхад гэртээ гэдсээ илээд сууж байдаг билээ” хэмээгээд “Хатанбаатар та хэд хоногт хичнээн цэрэг цуглуулж чадахав” гэжээ. Жанжин хариуд нь “Би сард нэг мянган цэрэг л хурааж чаддаг жанжин даа” гэжээ. Барон Унгерн Магсаржавт гэр бариулаад сарын дараа цэрэг хүлээж авна гэжээ. Магсаржав тэр гэрт сарын турш хонины мах идэж, сархад зооглоод гэрээс ер гарсангүй гэнэ. Сарын хугацаа дуусах дөхөхөд Барон Унгерн цэрэг цуглахаасаа өнгөрлөө, түүнийг буудаж алах нь зохилтой хэмээн шийдээд байжээ. Болзоот өдөр ирэхэд Магсаржав ямбаныхаа хувцсыг өмсөөд Барон Унгерны штабт ирж, дараа нь Толгойтын энгэр рүү очтол 1000 гаруй цэрэг жагсан хүлээн авсан гэнэ. Гэрээс гараагүй байж энэ олон цэргийг яаж цуглуулав хэмээн гайхаж байцаалт явуултал харуулын цэрэг нь гэр барьж өгдөг эхний өдөр л нэг морьтой хүн ирж уулзсанаас өөр хүн огт ирээгүй дээ гэжээ. Тэр хүн цаашаа 3 хүнд, 3 хүн цаашаа тус бүр 3 хүнд дамжуулдаг монгол цэргийн мотивац байсан бөгөөд Магсаржав цэргээ шагнахдаа буу сэлэм, сум, морь, дээлийн өнгөөр шагнадаг байсан учраас дуудсан цагт тэд бэлэн байдаг байжээ.
Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төвд Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалжээ. Нутгийн ард түмэн Магсаржавыг шулуун шударга зантай, ажилсаг хичээнгүй, олон үггүй төлөв төвшин, эрэмгий зоригтой, морины ба бөхийн цолыг сайхан дууддаг, дуунд авъяастай байсан хэмээн ярилцдаг байжээ. Тэрбээр 1927 оны 9 дүгээр сарын 3-нд нас баржээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин