А.Гансүх: З.Энхболд дарга монголчуудад ТАВАНТОЛГОЙГ авч үлдээж чадсан хүн
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-16

Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, АН-ын даргын ахлах зөвлөх болсон З. ЭНХБОЛДЫН талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх тараах тайлбар нийлэлийг оруулжээ. 

Тэрбээр З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ ХЭРХЭН АВАРСАН БЭ

ЕТГ-ын дарга З. Энхболд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. Энэ үйл явдал улс төрийн төдийгүй, нийгэмд хэлэлцүүлэг болж байна. Учир нь түүний улс төрийн замнал ийм нөлөөлөл бий болгожээ. “Өдрийн сонин” түүний тухай нийтлэл гаргав. Би З.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь 2 жил түүний хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан. Энэ хугацаанд түүний дэргэд байж, Тавантолгойн нүүрсний ордыг хамгаалж, ард түмэнд үлдээх үйлдлийг нь яг хажуунаас нь харж байлаа. 2015 оны 4 дүгээр сарын 5-ны бүтэн сайн өдрийн орой, 22.00 цагт Ерөнхий сайд Ч. Сайханбилэг Үндэсний олон нийтийн телевизээр мэдэгдэл хийв. Утга нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд маргааш гарын үсэг зурах тухай байлаа. Түүний мэдэгдлийг дуусмагц утас дуугарав. УИХ-ын дарга З. Энхболд залгаж байна. Бидний хооронд дараахь яриа болов:
З. Энхболд: Сайханбилэгийн мэдэгдлийг харав уу?
Би: Харлаа
З. Энхболд: Ямар гэрээ зурж байгааг мэдсэн үү, харсан үзсэн юм байна уу?
Би: Мэдэхгүй, УИХ-д ямар ч гэрээ ирээгүй
З. Энхболд: Маргааш яаралтай мэдээд өглөө ороод ирээрэй
Маргааш нь буюу 2015.4.6-ны өдөр. Өглөө нь би эртлэн ордон очлоо. Гадаад хэргийн яам руу хандаж албан тоот явууллаа. Гадаад хэргийн яам ч шуурхай ажиллаж, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Төмөр замын концессын гэрээг явууллаа. Гэрээний хуулбаруудыг хүлээж авахад цаг өглөөний 09.30 минут болж байлаа. Гэрээнүүдийг авангуутаа З. Энхболд дарга руу орж мэдэгдлээ. “Гэрээний хуулбаруудыг сая л авлаа, уншаад танилцуулья” гэв. З. Энхболд дарга гэрээнүүдийг авч үзээд “их олон хуудас том гэрээнүүд байна, яаралтай үзээд гол нөхцлүүдийг нь танилцуул, УИХ-ын нээлт 11.40 шүү, хэлэх үгэндээ оруулна” гэхэд нь би гэрээнүүдийг аваад өрөөндөө орлоо. Өрөөнийхөө хаалгыг түгжиж байгаад гэрээнүүдийг уншлаа. Монгол Улсад ашиггүй, хохиролтой заалтуудыг тэмдэглээд 11.00 цагт буцаад З. Энхболд дарга руу орж танилцуулав. Танилцуулга хийгээд эхлэхэд л УИХ дарга бухимдаж эхлэв. Би ямар хуулийн ямар заалтыг зөрчиж байгааг тайлбарлав. З. Энхболд дарга сүүлдээ бүр уурлав. “Чуулганы нээлтийн үгийг өөрчил, Гансүх чи өөрөө бич” гэв. Цаг маш бага байлаа. Чуулган нээхэд15-20 минут л үлдсэн байв. УИХ-ын даргын туслах Батсайханы хажууд суугаад нөөц компьютер дээр нь УИХ-ын даргын хэлэхээр бэлтгэсэн үгэн дээр ажиллаж, нэмэлт, өөрчлөлт хийж, нэг хувилбар гаргаж, буцаад аваад орлоо. Дарга уншиж үзээд “илүү хатуу болго” гэдэг юм байна. Буцаж гараад иртэл Ахлах зөвлөх Ламбаа гуай ирсэн байлаа. Хамтдаа ярилцаж байгаад үгээ илүү хатуу болгож өөрчлөв. Гэтэл З. Энхболд дарга чуулган танхим руу орохоор гараад явлаа. Явдал дундаа “үг хаана байна” гэхэд нь “дуусч байна” гээд хэвлэх команд өглөө. Хэлэх үг хэвлэгдэж гарах хооронд дарга шатаар буугаад явчихлаа. Араас гүйж очоод нэг давхарт явахад нь гарт нь өгч амжлаа. Үүнээс цааш болсон үйл явдал, түүний хэлсэн үгийг монголчууд бид бүгд телевизээр харсан билээ.. Ингэж л З. Энхболд Тавантолгойн ордыг аварч монголчуудад үлдээсэн. Одоо энэ ордыг эзэмшигч нь жилд 1 тэрбум долларын борлуулалт хийдэг үндэсний, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.82.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.