Коронавирус дэлхий даяар дэгдэж дэлхийн хүн ардыг дээр дооргүй айлгаж байх энэ өнгөрсөн хэдэн хоногт Монголчуудынхаа “хөөрхөн"-ийг жинхэнэ утгаар нь олж харлаа. 2020 оны нэгдүгээр сарын 27-ны орой унтаад нэг дүгээр сарын 28-ны өглөө босоод ирсэн чинь 200-300 төгрөний үнэтэй нэг удаагийн маск тав дахин үнэ орж 1000 төгрөг, олон удаа угааж хэрэглэж болдог 4000 төгрөгний (БНСУ-д үйлдвэрлэсэн) үнэтэй даавуун маска (амны хаалт) дөрөв дахин үнэ ороод 16.000 төгрөг, бөөний үнэ нь 6500 төгрөгний үнэтэй хонины мах 8000 төгрөг болсон байв.
Дэлхийн хүн ард халдварт тахалаас ах дүүс хамт олноороо яаж бэрхшээл багатай гарз хохиролгүй даван туулах билээ? гэж хайр энэрлээ хүн арддаа түгээх цаг доор миний хэдэн Монголчууд “зовлонгийн далай”-гаар хэдийг хэнээс яаж хожих тухай шөнөжин бодоод хоножээ. Ай хөөрхий.! Монголчууд зовлон үзээгүй ард түмэн. Зовлон хаана байдгийг ч мэдэхгүй.! Зовлон хэдийд ирдэг юу болдог ямар гай гамшиг дараа нь нүүрлэдэгийг ч санаж сэрэх ухаангүй бололтой.
Хөөрхөн шүү миний цөөхөн Монголчууд.! Та нарыгаа хайрын дээдээр хайрлахаас өөр арга байна уу? Уур бухимдлаа хүмүүс "хөөрхөн" илэрхийлцгээж байна. Арай л цахилгаан, дулааны үнэ нь тав дахин нэмэгдчихээгүй нь их юм гэцгээлээ.
Хөөрхөн шүү миний Монголчууд.! Уурссан хилэгнэсэн хүмүүс уурандаа нөгөө үнэтэй маскнуудыг чинь нүд ирмэхийн зуур хуу хамлаа.! Ууртай хүмүүс мөнгө хайрладаггүй юм байна.! гэж сая л нэг юм ойлгохчоон боллоо. Уурласан Монголчууд үнэ орсон юу л байна бүгдийг хуу хамах нь ээ янз нь.! Дэлгүүр хоршоо хүнсний захаар “Бонго"- той нөхдүүд бөөнөөрөө ирж гурил, будааг мөн л хуу хамлаа. Хуу хамах мөнгөгүй нэг хэсэг нь харж зогсож байлаа. Мөнгөтэй нөхдүүдэд хуу хамуулчих бий гэж би хувьдаа болгоомжилж байв. “Айсан хүн, хүн алахын үлгэр” ийнхүү эхлэж байгаа юм байна.! гэж хатуу ойлголоо. Вонгонд нь ачигдчихгүй л юмсан гэх бас бодолтой л харж зогсож байлаа. Хуу хамсан нөхдүүдийн дунд миний эртний танилууд цохиж явна шүү. Сониуч зан минь хөдлөөд яваад очлоо эртний танил дээрээ, "Ороод суучих.! гэж байна. Вангонд орж суулаа. Дарс аягалж байна. Аягатай дарсыг аваад ёс болгож дунд хуруугаараа инчдэж, тогтоолгүйгээр духандаа хүргээд буцаагаад өглөө. "Уучих уучих. Амьдрал дуусах нь ээ хөө. Ууж идэж байгаад үхнэ шүү.!
Хүн бүхэн бараг ийм үгтэй байлаа тэр өдөр. Хэдэн чиг өдөр үргэлжлэв. Ашгүй хоёрдугаар сарын 3-ны өдөр тэтгэвэр буухаар болж хөгшчүүл банкны кассанд бөөнөөрөө оочирлож зогсож тэтгэврээ авснаар тэтгэврийн зээлийг тэглэсэн хүү болон сарын тэтгэврээ авч буй хөгшчүүл хагартлаа баярлаж охид хүүхдүүд нь дагаж гүйлдсэнээр хөгшчүүл тэтгэврээ аваад байгаа юм уу залуучууд тэтгэврээ аваад байгаа юм уу? Аль алиныг ялгахад бэрхтэй үйл явдал өрнөж байлаа. Хараад баймаар сонин тохиол бас байна. Охид, хүүхнүүд залуучууд оочирт зогсож буй хүмүүсийн тал хувь нь байх юм. Тэдний хацарт өвөрмөц ягаан туяа туссан байхыг хэн хүнгүй олж харахаар байлаа. Баярт өдөртөө хөгшчүүл золгожээ. Хөөрхөн шүү миний хэдхэн Монголчууд..?
ХОЁР
-Надад коронавирус байна. Би Уханиас тээгээд аваад ирлээ. Яг үнэн шүү.! Нэг согтуу толгой Эрдэнэтийн эмнэлэг дээр очиж солиорсноос болоод бөөн айдас түгшүүрт Монголчуудыг автууллаа. Эрдэнэтчүүдийн үс толгойг арзайлгаад орхилоо. Би ч гэсэн балмагдсанаа нуух юун. Цээртэй үгнээс цэрвэдэг цаг Монголчуудад байсаан. Цээрээ Монголчууд бүрмөсөн мартжээ.! Цэг тавьж чадахгүй сүүлийн 30 жил төрийн ордон дотроо хэрэлдсэний хар гай.! Би хувьдаа тэгж л хэлмээр байна. Биесээ амандаа орсон үгээр дайрч доромжилдог ичиж зовохоо мэдэхээ байсан чинь энэ хэцүү цаг доор тодоос тод илэрч гарч ирж байна. Нөгөө согтуугийн үгнээс болж Монгол даяараа хөдлөх шиг болов. Коронавирус нь ороод иржээ. Нэг нөхөр аваад иржээ. Бөөн л юм боллоо. Маргааш нь нөгөө нөхөр, "Би согтуудаа дэмий юм ярьчихжээ. Баларсан юм боллоо.!" гэсэн байна. Ингэж тохуурхаж болдог юм уу? Хариуцлага сахилга бат гэж энэ Монгол оронд энэ хэцүү айдас түгшүүртэй үед илүү баймаар санагдах юм.
ГИХГ-ын нэг ажилтан (нэрийг нь нууцлаж байгаа юм байна) "Коронавирустай 500 Хятад оруулж ирж муусайн Монголчуудыг сүйрүүлнэ.!" хэмээн ам гарчээ.
“Ам алдвал барьж болдоггүй. Агт алдвал барьж болдог”-ийн үлгэр болжээ. "Хөөрхөн" шүү миний цөөхөн Монголчууд.!
Үлгэр яаж төгсөв гээд сонирхоод үзсэн чинь ГИХГ-ын дарга тэр нөхрийг ажлаас нь халсан юм байна. “Дааганаас унаж үхдэггүй. Даравгараасаа унаж үхдэг” мэргэн үг санаанд ороод ирлээ. Ажлаасаа халагдаад болж байгаа юм уу тэр чинь. Тэр хүнээ шалга, цагдаа, шүүх прокурор нь тэр нөхөрт хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Ийм яриа сошиалаар яваад эхэлчихсэн. “Коронавирус” хэмээх энэ үг өөрөө аль эрт хүмүүсийн сэтгэл санааны “Түгшүүр” болчихсон. Чиний мөрөн дээр чинь коронавирус, далан дээр чинь коронавирус, гэж тоглож шоглох цаг биш юмсанжээ. Коронавирус гэдэг нэр томъёо өөрөө "Айдас" гэдэг үг болчихсон. Магадгүй хүн төрөлхтөн хэдэн арван жилийн дараа коронавирус гэдэг үгийг хэлэхээс айдаг болж магадгүй. “Тарваган тахал” гэдэг үгийг намайг бага байхад манай нутгийнхан хэлэхээс айдаг байсан юм. Тахал гарсан тэр газарт хүн ам зорчдоггүй байлаа. Өвөлжөө, хаваржааны бууц нь хогийн ургамал, халгай дүүрэн ургачихсан тийм газар тийм газар орон харагдаж байдагсан холоос харжээ явахад.! Цээртэй үг гээд монголчууд цэрвэдэг байжээ. Цээрээ мартсан монголчууд цээжинд юу тээглэнэ цэр шиг гаргаж хаяж байна.! Тэгмээргүйсэн.!!!??? Хэлэх хэлэхгүй үг гэж хэдэн зуугаараа байдаг юм шүү гэдгийг залуус дүү нарт даймаар байна.
Ямар зорилго байдгийг би сайн хэлж мэдэхгүй юм. Энэ үгээр ард нийтийг цочоож худал хуудуу мэдээлэл цацаж тохуурхаж суудаг “Бүлэг хүмүүс” байна. Гадны халдлага түрэмгийллийн гар хөл ч байхыг үгүйсгэхгүй биз. Тэртээ 1940-өөд оны үед “Бөмбөгөр ногоон театр” түймэрт автаж шатсан юм байна.
Тэр түймрийг харж зогссон Шаравдоо (Хожим БНМАУ-ын гавьяат жүжигчин болсон) гуай "Гөү мөн гоё шатаж байна даа" гэж ам алдсаныхаа төлөө олон жил шоронд суусан байдаг. “Ам алдвал барьж болдоггүй цаг үед хүн бүхэн хэлэх үгээ дотроо бодож тунгааж ярьж хэлцдэг байжээ”?! "Коронавирустай 500 Хятад оруулж ирээд Монголыг сүйрүүлнэ" хэмээн ярьж буй нөхөр тэр цагийн хуулиар бол өчиггүй буудуулна. Энэ бол гарцаагүй. Өнөөдөр зүгээр л бураад явж байдаг цаг юмсанжээ.
Хөөрхөн шүү миний муусайн монголчууд.! Амандаа орсоноо зав чөлөөгүй бурж л явдаг. Ажилгүй юм чинь бурахаас яах юм билээ. Өөрийгөө өмөөрцгөөж явдаг биз. “Хамарны доор хагархай байна гэж хамаагүй хуцаж болохгүй” гэдгийг хайрт дүү нар мэдвэл зохино. Хайрт эх оронтой юм бол хамаа намаагүй бурж явдагаа боль.
ГУРАВ
Дэлхийн улс орнууд Монгол Улсыг коронавирус тархах өндөр эрсдэлтэй орон хэмээн хүн арддаа зарлан мэдээлээд байхад Монголчууд амаа ангайлгаад зүгээр явж байна. Ядаж амандаа маскатай (Өвөрлөгч нарын хэлдэгээр амны бөглөөтэй) явмаар байна. Монгол хүнд коронавирус халддаггүй гэдэг доншуур үг нилээд газар авчээ. Бидний дунд, бидний “Дайсан” байна шүү. Монголчууд өөр хоорондоо дайсагналцаж байна. Үүнийгээ ерөөсөө харахгуй байна. Нэг л их мэдэмхийрсэн цэцэн мэргэн хүмүүс. Сайн санаад, сайхан сэтгэлээр бурууг нь засах гэхлээр чатаар орж ирж доромжилно. Хөөрхөн шүү миний муусайн Монголчууд.! Польш, БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчууд тус бүр 10.000 ширхэг амны маск элэг нэгт Монгол түмэндээ хандив цуглуулж илгээснийг замаас нь аваад зувчуулсан сураг байна. Үнэлж зарж байгаа юм байна.
Чоно борооноор гэдэг юм ийм үйл явдлыг. Бидний цөөхөн Монголчууд энэ дэлхий нийтийн айдас болсон коронавирусын халдварын ард яаж гарах бэ? гэж нийтээрээ бодож сэтгэж сонор сэрэмжтэй байх цаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь зарлиг гаргаж Засгийн газарт хийж хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өглөө. Өнөө жилийн цагаан сарыг өнжихөөр боллоо. "Ерөнхийлөгчийн зарлиг ямар хамаатай юм. Ерөнхий сайдын шийдвэр хэнд хэрэгтэй юм. Ийм үгийг нэг их ярьмааргүй байна. Хүмүүс яриад эхэллээ. Цагаан сар яах бэ? цаана чинь "дайн" эхэлчихээд байна гээд "түгшүүр" зарлаад байгаа юм биш үү.? Анагаахын шинжлэх ухаанаар дэлхийд "супер-гүрэн" гэж яригддаг Хятад орон тулдаа энэ коронавирусыг барьж чадаж байна. Энэтхэг, Филиппин, Малайз, Мьянмар зэрэг олон тэрбум, сая живаа хүн амтай оронд гарсан бол яах байсан бол? гэж бодохоос бүр ч илүү айдас төрж байна.
Улс төр эдийн засгийн өндөр сахилга баттай Хятад орон тулдаа газар авахуулахгүй бариад байгаа юм биш үү? Хятад гүрэн энэ коронавирусээ бушуухан дараад аваасай гэж би л хувьдаа залбирч сууна. Хятад гүрэн ялна мэдээж. Хятад гүрэн ялахгүй бол дэлхий ялагдана.
Тиймээс Хятад орон ялж таарна. БНХАУ-ын дарга Си Жин Пин "Бид энэ аюултай коронавирусыг дарж чадна. Уханий ард түмэн та нар жинхэнэ "Баатрууд" шүү гэж" Уханьчуудыг зоригжууллаа. Си Жин Пин тэргүүтэй БНХАУ-ын нам, төрийн тэргүүнүүд нойр хугаслан өдөр шөнөгүй ажиллаж байна.! гэж Си Жин Пин дарга өөрийнхөө ярианд тэмдэглэн хэлсэн нь бий. Монгол хүн бүхэн саар муу үгнээс саар муу үүсдэг гэдгийг сайн санаж сайхан үгний сэжүүрээр биесээ дэмжиж явах хэрэгтэй. “Үгээр эдгээж ч болно үхүүлж ч болно" хэмээжээ эртний сударт. Эртний нэгэн сударт “Биеийн бузрыг арилгаж болно. Сэтгэлийн бузарыг арилгаж үл болно” гэсэн байдаг. Цээрээ л мартаж болохгүй шүү монголчууд минь. Цэнгэл жаргал, Цагаан сар яах бэ? хэзээч тэмдэглэж болно Цэрвүү холоос сонсож суугаа ч цэнэгтэй буу шиг "коронавирус" санагдахгүй байна гэж үү? Бөмбөг дэпбэрвэл аюултай гэж Бүлтгэр хүүхдүүд шивнэн байна...
гэдэг дууны үг санаанд ороод ирлээ. Талд түймэр гарахад талын нэг бор гэрийг тойроод өнгөрнө гэж байхгүй. Түймэр хаяанд ирчихлээ "түй" гээд унтраахгүй. Түүнтэй тэмцэх аргыг түмэн олон минь дагасугай. Гарч орсон бол гараа сайн угаа “Галав юүлэхээс аварна” .“Амныхаа маскийг ард нийтээрээ хийж хэвш” аврал энэ байх болно хэмээн сургаж байна цаана чинь ДЭМБ.
Цээрээ л мартаж болохгүй шүү Монголчууд минь. Цэцэн сургаапь байдаг юм шүү.
Зохиолч, яруу найрагч Н.Батсуурь
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин