“Ардчиллаа улам бэхжүүлж, улс орноо улам илүү хөгжүүлэхийн төлөө АН-ын гишүүн, дэмжигч бүр хичээх хэрэгтэй” хэмээн тус намын дарга С.Эрдэнийн зүгээс сануулав. Намын дарга нь ийнхүү эх орны өнцөг булан бүрт байгаа гишүүд дэмжигчдэдээ хандсаныг АН доторх толхилцоонтой холбож ойлгож болох юм. Сонгууль дөхөхийн хэрээр тус намын гишүүдийн дундах үл ойлголцол газар авах хандлага ажиглагдах болсон. Хамгийн харамсалтай нь АН-ыг эрх мэдэлтэй байх үед ардчиллыг магтан дуулж, төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд, хоорондоо хэмлэлдэж эхэлсэн явдал. Сүүлийн хэдхэн хоногт өрнөсөн үйл явцыг дүгнэвэл сонирхолтой дүр зураг ажиглагдана. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн пүрэв гарагт ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгдсэн. Учир нь, тэрбээр ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө зарласан юм. Гэхдээ улс төрийн хүрээнд энэ бол шинэ мэдээлэл биш. Түүний хувьд аль эртнээс л сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан бөгөөд энэ ажилдаа л ханцуй шамлан орсноос өөр зүйлгүй. Ер нь улстөрчдийн аливаа мэдэгдэл, хэвлэлийн хурал үргэлж давхар санаатай байж ирсэн. З.Энхболд ч мөн энэ жишгийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарласан хэрэг. Харин “жинхэнэ” зорилго нь Ч.Сайханбилэгийг харлуулах оролдлого буюу гаднын улсаас иргэншил хүссэн талаарх мэдээллийг зарласан явдал байсан юм. Тэрбээр “Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай улс дахь ЭСЯ-нд ч хандсан байна билээ. Тэр хүн эх орондоо ирээд үнэн зөвөө олчих хэрэгтэй.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа намын бодлогогүйгээр хувиараа ажилласан. “Эрдэнэт’’-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх байсан давуу эрхийг эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэр шийдвэр нь АН-тай ямар ч холбоогүй” гэсэн юм. Түүний энэхүү мэдээллийг Ч.Сайханбилэгийг шууд утгаар нь харлуулж, өөрийгөө уснаас хуурай авч гарах гэсэн оролдлого гэж дүгнэхээс аргагүй.
Учир нь, энэ талаарх мэдээллийг түүний хэлснээр хүлээн авах хүн гарахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө буюу “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоотой шийдвэрийг гаргах үед З.Энхболд УИХ-ын дарга буюу Монгол Улсын төрийн дээрээсээ хоёр дахь өндөр албан тушаалыг хашиж байв. ҮАБЗ-д багтаж, хамтын шийдвэр гарган ажиллаж байсан атлаа ийнхүү нэгэн рүүгээ бухсан нь хөндлөнгөөс харахад хэрээс хэтэрсэн улс төр байв. Түүний энэхүү мэдээллийг дуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ихэд ундууцсан нь илт байдалтайгаар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хариу тайлбар хийсэн юм. Тэрбээр “Өчигдөр нэг масктай нөхөр ордны тайганаас намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлтгэсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, гурван зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг даа. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй. Зика вирусээр халдварлаж төрөө, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” хэмээн жиргэсэн. Хэдийгээр энэ нь төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүдийн хэрүүл тэмцлээс хэтрэхгүй мэт харагдавч үүний цаана улс эх орны том эрх ашиг хөсөр хаягдаж буйг анзаарахгүй өнгөрч боломгүй. Учир нь, АН хэд хэдэн удаа засгийн эрх барьсан, ирээдүйд ч засгийн эрхийн төлөө тэмцэж буй улс төрийн хүчин. Гэтэл энэ намыг төлөөлж, өнгөн талд явдаг эрхмүүд иймэрхүү байдалтай байгаа нь намын боловсон хүчин төдийгүй чадамжийг бүрэн илтгэчихэж байгаа юм. Тэгээд ч дээрх эрхмүүдийн хэмлэлдэж буй асуудал өнөөдөр ч нэг талд гараагүй байгаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг “цэвэр хуйвалдаан байсан” гэж дүгнэх хүн олон байдаг. Үнэхээр ч үйл явдлын өрнөл, цаг хугацааны дараалал зэргийг үзвэл хууль дүрмийн дагуу гэж дүгнэх нөхцөл харагддаггүй. Эцсийн дүндээ “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтаас Ч.Сайханбилэг, З.Энхболд нарыг салгаж ойлгох ямар ч боломжгүй. Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээллийн дараагаас сураг алдраад байсан Ч.Сайханбилэг ямартай ч “Зика” даргынхаа ачаар ийнхүү цахим ертөнцөд ч болов дуугарав. Харин хэзээ эх орондоо ирж, хуулийнханд шаардлагатай мэдээ, мэдээллийг нь гаргаж өгч, өөртэй нь холбоотой асуудлыг нэг талд гаргахыг таахад бэрх.
З.Энхболдын хувьд намын нөхөр Э.Бат-Үүлийнх нь тодорхойлсончлон төдийгөөс өдийг хүртэл “төрийн тайган” байсан хүн. Үүл баатар энэ үгийг тайлбарлахдаа “Төрийн тайган гэдэг бол хэн нэгнийг доромжилсон утгагүй үг биш. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн З.Энхболд дарга 2017 оноос хойш Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулгын “гал тогоо”-г бүрэн хариуцаад зогсохгүй “хааны жинхэнэ удирдагч” байсан юм.
Түр хугацаанд “намын тайган”-ы байр сууринд шилжсэн ч цаашдаа төрийнх болох хүслээр сонгуульдаа бэлтгэж буй. АН-ын ихэс дээдсүүдийн өвөр зуурын тэмцэлдээнийг үргэлжпүүлсэн дараагийн хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Хэдийгээр тэрбээр өөрийгөө “Монголын” хэмээн тодотгодогч улстөрийн гарал угсаа, чиг хандлагыг нь харвал яалт ч үгүй АН-ын хүн. Энэ намаас интерполд харьяалалтай болсон түүний хувьд мөн л хуулийн байгууллагад хэдэнтээ дуудагдсаны эцэст хил давсан. Хууль хяналтынхан түүнийг дуудаад ирэхгүй, байцаалт өгөхгүй байгаа талаар мэдээлсний дараахан тэрбээр мөн л жиргээгээр дамжуулан олны өмнө гарсан. Ингэхдээ “Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгууллагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юм сан. Намайг хайх хэрэггүй, би удахгүй очно. Байршил тогтооход заавал интерполоор яах нь вэ, дижитал ертөнц шүү дээ” хэмээсэн. Ийнхүү нэгэн цагт төрийн өндөр алба хашиж, улс орны бодлого зангидаж явсан эрхмүүд өдгөө интерполд хаягтай болжээ. Энэ бүхнийг дүгнэн үзвэл АН-ынхан дотооддоо тохилцоонтой, ихэс дээдэс нь интерполдуулсан байдалтайгаар ирэх сонгуулийг угтах бололтой.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин