Анхны наадам
Б.Цэнддоо
Нийтлэл
/
2020-02-23

Анхны юм болгоныг ил тод дурсахад тусгүй ч,наадмын дурсамж бол олон түмэнтэй хуваалцахад сайхан хууч юм. Зарим нэгнийх нь танил дурсамжийг сэргэн хөглөгдөж, бушуухан унаа тэргээ бэлдэж аваад нутгийн зүг гараад шидчихмээр болох байх. Нөгөө хэсэгт нь зүгээр л хачин марзан санагдаж ч болох. Тэр ч байтугаа, зайлуул бичих юмаа олж ядаад, ингэхдээ тулж дээхөөрхий гэж эгдүүцэж ч мэднэ. Нарийн яривал, эгдүүцэл гэдэг бол ихээхэн том сэтгэгдэл юм шүү, за энэ ч яахав.

Оршил.

Удахгүй наадам болох гэж байгаатай холбогдуулан “Анх үзсэн наадам”-ынхаа тухай дурсамж бичихийг санал болголоо, сониныхон маань. Анхны юм болгоныг ил тод дурсахад тусгүй ч,наадмын дурсамж бол олон түмэнтэй хуваалцахад сайхан хууч юм. Зарим нэгнийх нь танил дурсамжийг сэргэн хөглөгдөж, бушуухан унаа тэргээ бэлдэж аваад нутгийн зүг гараад шидчихмээр болох байх. Нөгөө хэсэгт нь зүгээр л хачин марзан санагдаж ч болох. Тэр ч байтугаа, зайлуул бичих юмаа олж ядаад, ингэхдээ тулж дээхөөрхий гэж эгдүүцэж ч мэднэ. Нарийн яривал, эгдүүцэл гэдэг бол ихээхэн том сэтгэгдэл юм шүү, за энэ ч яахав.

Аа тийм, ил тод дурсах боломжгүй анхны дурсамж гэхээр та нар юу гэж бодсон? Тэр чинь биш ээ, анх удаа хүйтэн төмөрт хэлээ наасан, зууханд гараа түлснээ л хэлж байна.

Ингээд сэтгэлд тодхон санагдах анхны наадмын дурсамжаа хаанаас эхлэхийг мэдэхгүй баахан эргэлзлээ. Тодорхой боловч хаанаас эхтэй нь тодорхойгүй дурсамж бас байна аа. Нэг бол хэтэрхий холоос эхэлчих гээд, эсвэл дутуу үлдчих гээд байгаа ч юм шиг бодогдоод. Ямар ч байсан МЭӨ үеэс эхлэхгүй. Уг нь би төрсөн учраас л миний сэтгэгдэл гэж байгаа юм гэдэг утгаар эхээс унасан мөчөөс наашлуулан ярьж болох ч товчлохоор шийдлээ.

Нэг. Гайхамшигт зун.

Манайх Өвөрхөндлөнд зусч байлаа. Завхан аймгийн Шилүүстэй, Отгоны зааг нутаг л даа.Орон нутагт ямар хил гааль байх биш, сайхан холилдоол амьдрана шүү дээ. Миний дурсамж, сэтгэгдлүүд тэр зунаас л эхэлдэг.

Нэг удаа гэрийнхээ хажуугийн ар дээр тоглож байгаад Их Мянган уулын ар шил дээр хуралдсан их үүлний сиймхийгээр харагдах хөх тэнгэрийг хараад учиргүй сэтгэл хөдөлснөө мартдаггүй юм. Тэнгэрт хуран үүдсэн үүлсээс асар том уулс, хадан хясаа, цэлгэр хөндий олж харав. Газраас олж хардаг байгаль үүлэн дунд цогцолсон байхыг үзэв. Өөдөө харсан хүний анхны сэтгэгдэл.

Гэртээ, хана униндаа, их сайндаа хажуугийн ууландаа тулаад зогсдог байсан мэдрэмж гэнэт хаяагаа тэлсэн, бүр хязгааргүйгээр шүү. Яг л их тэсрэлт гэдэг шиг, би ч өөрөө учиргүй томрон тэлээд явчих шиг санагдаж билээ. Уул ус, үүл тэнгэрийн нэгэн цогцлолыг хараад сэтгэл минь хачин уяран, ямархан нэгэн хөгжим эгшиглэх мэт. Тэр хөгжимтэнгэрээс бус, миний сэтгэлийн гүнээс эгшиглэхийг мэдрэх хачин. Уулын өвөр рүү өнгийж ядан ургасан ой модод нэгэн гайхамшгийг дотроо нууснаа хэлж ядах мэт.

Энэ цаг үеэс хойш би байгальд дурлаж, гоо үзэсгэлэнд уяран хайлагч нэгэн болов. Учир битүүлгээр даллан, үл тайлагдах оньсгоор хорхойсуулан өдөөгч байгаль дэлхийн дуудлага “Бос хүү минь. Алсын алс руу гайхамшгийг бэдрэгтүн” хэмээн шивнэн шивнэх болсон бүлгээ. Тэр мөчид л би хоёр дахиа төрсөн, эсвэл амилсан юм шиг санагднам бөлгөө.

Бас тэр зун би анх унадаг дугуй үзсэн юм. Зусландаа буухын өмнө манайхан “Дашпунцагийнх унадаг дугуйтай юм билээ. Чи айлын хүүхдийн тоглоом булаалдаад байгуузай” хэмээн сануулсан байгаа юм. Унадаг дугуй харах нь бүү хэл ийм нэр анх удаагаа дуулав. Төсөөлөн бодвоос, яаж ч тавьсан уначихдаг нэгэн зүйл дугуй хэлбэртэй тоглоом бололтой.

Айл буугаад үзвэл, мордож аваад, жийгээд давхидаг хөөрхөн унаа ажээ. Миний үе тэнгийн Нямсүрэн гэдэг жаал нөхөрсөг, хөөрхөн ааштай хөвүүн байсан нь миний багын найз нарын нэг болох учиртай байсан ажгуу. Надаас болж хэрүүл гараагүй, бас би дорхон нь тэр дугуйг унаж сураад, хаа сайгүй жийдэг болсныг үзвээс найрсаг сайхан нөхөрлөлийн эх тэнд байжээ.

-Нөгөө наадам анх үзсэн асуудал юу болсон бэ, гэж үү? Одоо орлоо, бараг ярьж эхлэх гээд байна.

Манай хот айлын бараг үүдээр машин зам өнгөрөх. Хөндлөнгийн даваагаар даваадарагшаа Ар Цэцэрлэг, ерөнхий утгаараа Ширээгийн голын эх рүү ороод цаашлан Улиастай ч, Отгоны амралт ордог замаар Отгон сумын мод ачсан машин их явдаг байв.

Нямсүрэн бид хоёр түүгээр явдаг хэдэн машиныг нь нүдлээд тогтоочихсон, заримыг нь өөрийнхөөрөө нэрлэчихсэн. Манай зусч буй Жимээгийн амны жалгаар машинууд тонголзоод, олийсхийн гарч одох тул “Хонхос түмбэс” гэх. Тэнд хонхолзож байгаад машинаа унтраасан нэг жолоочид “тараг асгадаг” гэсэн цол хайрлав. Бидний гүйгээд очтол хувинтай тараг нь юу ч үгүй асгарчихсан, “хайран юм” гээд кабинаа угаагаад байсан юм. Кабин хайран байсан уу, тараг хайран байсан уу, бүү мэд.

Тэр машинууд заримдаа манай гадаа зогсож цай уугаад явдаг байв. Зочноо цайлах нь монгол ёс, Отгоныхон бараг л нэг дорын улс учраас нэлээд нь танил, ядаж ч зүс харсан улс байдаг бололтой. Сарлагын сүүтэй, зөв болгосон сайханцай бол алжаал тайлан, бие сэргээх гайхалтай үйлчилгээтэйг одооны хүмүүст тайлбарлахын тулд “хөдөө талд энд тэндгүй тааралдах, үнэгүй старбакс кофены газар” гэвэл их л ойлгомжтой буухбайх.

Гэтэл нэг өдөр манайд цайлагсдын дунд нэг бор ногоон бүрх малгайтай, махлаг хүрэн бор хүн байв. Тэр хүний малгайг бодохоор л гуулин данх санаанд ороод байдаг боловч малгай, данх, гууль гурвын дунд ямар ч төсөөтэй зүйл байгаагүй юм. Эсвэл цилиндр хэлбэрээс нь болоод тэгсэн юм болов уу. Түүнийг харуут л манайхан хоорондоо нэг юм сэм шивнэлдээд явчихсны дотор “Мөн үү, мөн мөн” гэсэн үгс сонсдоод өнгөрөв.

Тэр бол манай хамаатны Цэрэн ах байсан юм. Тэрээр Отгон сумын “Түүхий эдийн эрхлэгч” гэдэг албатай хүн аж. Малын гаралтай бүтээгдэхүүн хариуцсан алба юм даа. Миний анхны наадам энэ хүн манайд ирснээс үүдэлтэй гэж болно.

Эмээ маань нэгэнтээ “Манай зарим хамаатнууд Зүүнхангайд нэлээн байдаг” гэж ярьж байсан юм. Энэ нь Увс аймгийн Зүүнхангай сумыг хэлээгүй, харин манайх Шилүүстэйгээс зүүн хойшоо чигтэй Отгонтэнгэрийн өвөр, Буянт голын эх нутгийг ярьсан юмсанж. Энэ нутгийг Отгон сумын Хангайн бригад ч гэдэг байв. Үнэхээр тэнд Омоо өвгөн хэмээх лам дүрмийн буурал, бид “Гигаа” хэмээн авгайлах боловч жинхэнэ нэрийг нь огт мэдээгүй өнгөрсөн сайхан ааштай эмээ, түүний хөвүүд Доржпалам, Халтайхүү ах бас Очир панз гээд сүйхээтэй эр гээд манай төрлүүд түүгээр нутагладаг болохы гнэлээн хожуу мэдэж авсан юм. Энэ бүхэнтэй би Цэрэн ахаар дамжиж сүүлхэнд холбогдсон билээ.

Хоёр. Айлд хоносон наадамчин

Хойтон нь манайх Хөндлөнгийн давааны ард,Ар нарийнд зуслаа. Намайг тусад орж, хонь сайн хариулж байгаа явдлыг сайшаан тэмдэглэж, Отгон сумд Цэрэн ахынд айлчин хийлгэх, наадам үзүүлэх юм болов. Ингээд давааны замаар байнга цувдаг машины замыг бараадан унаа хайв. Мод ачсан машин уул даваанд уухилан аахилан удаан явах тул моторын чимээ их л холоос дуулдана. Дөхөөд ирэхийн алдад богцоо бариад гарахад болно.

Хамаатны садандаа миний барьж очих бэлэг гэвэл түүхий сүүний бяслаг, ганц нэг тогооны өрөм. Манай нутгийн түүхий сүүний бяслаг, сарлагын өрөм бол брэнд юм шүү, гайхуулж байгаа ч юм биш.

Анх удаа гэрээсээ холдож, ганцаараа толгой даан, ах дүүгээ хэсэхээр хол одож байгаа маань энэ. Мод ачихын оронд биш цөөн зорчигч, хэдэн хонь тээсэн Борис гэдэг орос нэртэй жолооч таарав. Гурилын шуудайны ёроолд хийсэн тээшээ л их хямгадан тэвэрч явлаа.

Борис жолооч наадмын өмнө хонь, айраг цагаа цуглуулж явсан юмсанж. Замаараа Хужиртын голоор айл хэссээр нар жаргав, улмаар шөнө боллоо. Гэтэл “Бензин дуусчээ” гэсэн үг сонсдож, хээр хонох боллоо. Тэр үеийн жолооч нар хянах самбараа хардаггүй байв уу, эсвэл түлшний хэмжүүр нь эвдэрсэн байсан уу, бүү мэд. Ямар ч байсан давхиж яваад “За бензин дууслаа” гээд хээр зогсдог жолооч зөндөө л байсан юм.

Ийнхүү хээр саатаж, ойролцоо байсан айлд хонох юм болоод явчихлаа. Анх удаа аян замын барцад садаа учирч байгаа нь энэ. Бас эр хүн болоод танихгүй айлд, гэр бүлээсээ хол хонож үзэж буй нь ч энэ. Нүдэнд дасаагүй, танил бус унь тооно дээр харагдаад эвгүй байсан ч нойрондоо дарагдаад нам унтжээ. Нэг мэдэхэд өглөө болчихсон хүмүүс намайг сэрээж байлаа.

Машин дээрээ ирээд хамгийн түрүүн нандин тээшээ хайвал байх нь байж байв. Даанч тэвшин дээр хоносон хонины хөлд гишгэгдээд, бурхан минь юу үгүй талхлагдан үйрчээ. Өрөм бол өнгөрсөн хорвоо болжээ. Харин бяслаг нь “Хөөрхий, энэ хүүхэд уул нь бяслаг авч явсан нь үнэн юм шүү” гэхээр юм бол үлджээ, үлдэж. Анх удаа тээшээ сүйдлүүлж байгаа минь энэ. Харин анх удаагаа айлчилж байгаа хамаатнуудынхаа царайг яаж харна аа гэхээс ичиж байлаа.

Гурав. Хөтөчтэй зочин

Борис жолооч намайг Цэрэн ахынд, сүйтгэгдсэн тээштэй нь хамт биечлэн хүлээлгэж өгөв. Хонинд гишгүүлсэн бяслагаа яаж өгснөө санадаггүй юм. Ямар ч байсан өгсөн юмдаг.

Цэрэн ахынхан өнөр өтгөн айл ажээ. Хэнтэй нь уулзсан нүүр дүүрэн инээмсэглэл, найрсаг сэтгэл бялхсан нэгэн айлын босгыг анх алхснаасаа хойш мөн л олон жил элээсэн дээ. Хамгийн том хүү нь Чулуунхүү ах, тэгээд Загарсүрэн эгч бусад нь миний ойр насны болоод дүүмэд хүүхдүүд. Гэрээрээ нэг ижил ааштай, сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүмүүсийн царайг анх тэгж харж билээ. Намайг Даананжав гэж надаас ганц хоёр ах хөвүүн дааж аваад учиргүй халамжлан, сумын төвийг үзүүлж байв. Анх удаагаа сумын төв үзэж байгаа нь тэр.

Энийг сургууль, тэрийг эмнэлэг, харин энэ бол дэлгүүр гээд дагуулан орно. Анх удаагаа аяллын хөтөчтөй болж үзсэн маань тэр.Том шар хаалгатай, бараа таваараар “хахсан” дэлгүүр нь онцгой сэтгэгдэл төрүүлэв. Илүү гэртээ хэдэн шуудай гурил хурааж, орныхоо хөндийд ойр зуурын чихэр жимс чихсэн, бригадын( одоонийхоор бол багийн) худалдааны агентаас хэтрээгүй миний үзсэн анхны супермаркет тэр байв.

Чихэр жимс, еэвэнгийн үнэр лангуунд нь нэвт шингэснээс гадна, олон тавиураар дүүрэн хувин сав, хувцас гутал, тоглоом өржээ. Бурхан минь, энэ хорвоо ч мөн баян ажээ гэх маягийн юм бодогдов.

Даананжав ах тоглож байгаа хүүхдүүд очтол нэг жаал олон нүхтэй төмөр барьчихсан гайхуулж харагдана. Одоо бодоход “газ-69” машины хянах самбарын араам байсан юм билээ.

Даананжав ах:

-Энэ хоёр нь нүд байна, энэ нь хамар байна гээд цоорхой нүхнүүдийг заав. Нөгөө жаал тоглоомыг нь магтсанд нүд нь сэргээд ирэв.

-Энэ тэгвэл ам нь байна гээд доод талын том нүхийг заав.

Урамшсан жаал

-Нээрээ, тийм байна гэтэл Даананжав ах

-Тэгээд. Чи л байгаа биз дээ гэчихээд зугтаалаа. Би ч дагаад ухасхийв. Нөгөө жаал уурсан, хойноос жаахан хөөж байгаад болив. Анх удаагаа бусдын дүйвээнд ч болов дүрсгүйтмэр аядажбайгаа минь ч энэ.

Дараа дараагийн жил намайг ирэхэд Даананжав ах ингэж үйлчилсэнгүй. Учрыг хожим дуулахнээ,“гэр орноосоо холдож үзээгүй, айлын жаахан хүүхэд гэрээ санаад уйлж магадгүй. Иймээс уйдах зав гаргалгүй юм үзүүлж, зугаацуул” гэсэн даалгавар авсан байгаа юм даа. Тэгээд тусгай даалгавар биелүүлж явсан хэрэг. Бас л анх удаагаа тусгай даалгавартай, дагуултай явж үзсэн нь тэр байж.

Дөрөв. Наадам.

Маргааш нь жинхэнэ наадам болов. Буянт голын хөвөөнд асар майхан алаглаад нүд эрээлжилнэ.Өнөө “Улаанбаатарын машины олныг яана аа, лав 100 хүрнэ ээ” гэдэг онигоо шиг тийм олон хүн цуглаад, газар тулдаа л дааж байхыг анх харав. Бөх, морийг бол таг мартжээ. Бөх барилдаж л байсан санагдана. Ер нь морь уралдсныг мэдээгүй өнгөрсөн шиг байгаа юм.

Хөтөчтэйгээ наадмын хуушуур гээчийг идэж үзэв. Манай гэрийн хуушуурыг бодвол хамаагүй жижиг атлаа гойдын гоё амттай ажээ. Миний багад хөдөөний айлууд зундаа мах иддэггүй, тараг цагаан идээгээр болгоод явчихдаг, хааяа нэг борцоор хоол хийдэг байв. Хааяа нэг осгох зэргээр золгүй байдлаар “нас барсан” малын мах идэх. Амт муутай гэж найгүй дээ. Харин ганц нэг хонь эргүүтвэл “Турахаас нь өмнө амыг бариад авна” гээд нядлавал шинэ махтай золгоно. Ямар сайндаа,махассандаа болоод “ганц нэг юм эргүүтэхгүй юм байхдаа” гэж бодохдоо тулах вэ, базарваань.

Ингэж зусахдаа махаар өлдөхийг махсах гэдэг. Өнөөгийнхэн махсахыг мэдэхгүй л дээ. Ер нь махсаж байгаад амссан улаан хүнс ердийнхээсээ 10 дахинаа байг гэхэд 9 дахин амттай шүү дээ.Наадмын хуушуур зуны махссан үед таарсан учраас амт нь бүр ч хэтийдсэн байх талтай.

Наадам дундуур хүүхдийн тэрэг анх харлаа. Залуухан гэр бүл нялх хүүхдээ гоё тэргэндсуулгаад түрчихсэн наадам үзэж явав. Гэтэл тэр зуур хэдхэн бороо хаялсан биш бүүрч сонин юм харав. Аав, ээж нь нэг юм гаргаж ирээд, цахилгааныг нь татаад хаясан чинь яасан гээч, нөгөө хүүхдийн тэрэг чинь борооноос хамгаалсан гялгар цонхтой байсан байж таарав.

Наадмын учрал тохиол ингээд зогсохгүй. Үе тэнгийн нэг жаалтай танилцаад хаясан байгаа юм. Яаж ч танилцсан юм бүү мэд. Одонпунцаг гэдэг тэр жаал сүүлд нь концерт энэ тэр дээр шүлэг уншдаг байсан юм. Олны газар явж, айл саахалтаас ч хол газрын хүн амьтантай танилцаж байгаа нь тэр.

Оройхон хэрд бүр сонин юм үзлээ. Хорхойн чинээн жижхээн хөх машин давхиж явсан нь хүүхдийн тоглоом биш жинхэнэ эд ажгуу. Байх байхдаа, хувийн машин гэнэ. Хорвоо дээр хувьдаа тийм аугаа баялагтай хүн байдгийг анх удаа мэдэж авав. Буруу тогтоогоогүй бол өмчгүй нийгэмд хувийн машинтай жаалсан тэр хүний нэрийг Доржсүрэн гэсэн шиг санагдана, андуурсан ч байж мэднэ. Тухайн нийгэмд нүдний гэм шиг ховор байсан хувийн машин тэнд таардаг нь бас юү ч билээ.

Наадмаас үлдсэн анхны сэтгэгдэл бол “Хүн олуулаа байх тусмаа гоё байдаг юм байна. Олон хүний дунд амьдрах сайхан юм байна” гэсэн дүгнэлт. Энэ бол миний “Үүлэн дундаас нээсэн газар дэлхий”-ийн дараагаар орох их нээлт байлаа.

Хожмоо Шилүүстэй сумынхаа сургуульд орж, өөрийн гэсэн сумын “төв”,ангийн андуудтай болсноосоо хойш Отгоны наадмыг “тоох”-оо болив. Гэхдээ л зундаа хэд орно. Учир нь манай зуслангаас төрөлхи сумын төв 60-70 км зайтай, харин Отгонд 10-20 км яваад л орно.

Сүүлд оюутан болсон хойноо намрын намарт Отгон орж хотын унаа олно. Отгон сумаар дайрч, Завхан голын гүүрээр гараад Баянхонгорын Гурванбулагаар дамжин Улаанбаатар хот ордог зам үүгээр дайрдаг. Тэр замыг л сахина даа. Зам сахиж унаа харна гэдэг бол өнгөрсөн үеийн л дурсамж болон үлджээ.

Ер нь унаа хүлээх ч бас зугаатай. Заримдаа үеийнхэнтэйгээ дарвиад, төвөөс зайдуухан гарч, мотоциклийнхээ дохионы гэрлийг тайлан авч, түүгээрээ “цай уух” ч явдал байна. Манай ангийн С.Галданцэрэн, Доржнамжим, доод ангийн Чүлтэмсүрэн, Хадхүү эднүүс энэ мөрийг уншиж байгаа, хамт уусан, “цай”-гаа санан дурсах биз ээ.

Оюутны аялал, унаа хүлээх процесс бол багынхаасаа шат ахисан байдалтай. Тээш нь гурилын шуудайнаас дэвшиж модон хайрцагт шилсэн байх жишээний. Түүнийгээ Чулуунхүү ахынд авчирж хаячихаад, унаа хүлээгээд хэвтчихнэ. Орой тийшээ юм ирэх шинжгүй бол хөх мотоциклийг нь асааж унаал харьчихна. Дөрөв тав ирж буцсны дараа бол эрх биш хот зүглэнэ.

Замын машинаас гадна, тус сумын уугуул хэдэн жолоочид дайгдана. Тэр үеийн тээврийн жолооч нар их чөлөөтэй. Зам харилцаа, дэд бүтэц тааруу байсан учраас хянаад, хянаад хүчрэхгүй тул тэднийг “явахаар нь явлаа гэж мэддэг, ирэхээр нь ирлээ гэж ойлгодог” байсан гэх үг ч бий. Нутгийн хэдэн жолооч сайхан цэнхэр “Зил-130” машинаа айл гадаа сойчихоод “хот явна” гэсээр удна шүү дээ.

-Өнөөдөр явах байх гээд л машиныг бараадан өнжих боловч “Гол өгсөөд явчихлаа, маргаашаас наашгүй болтой” гээд тарах энүүхэнд. Хэн ч тэднийг яваач гэж шаардахгүй. Учир нь “Зай байхгүй ээ” гэвэл чи өөр унаа хайж, ондоо жолоочийг тойглох хэрэг гарна. Өөр сонголт байдгийг мэдэхгүй учраас, “Сансрын хүрдэнд төрөл олсон хэнбугай боловч ингэж л унаа олох тавилантай” гэдэгт итгэн тайван амгалан хүлээнэ.

Ингэж байгаад нэг л гэгээн өглөө машины тэвшин дээр гарна даа. Хангай нутгийн үзэсгэлэнт байгалийн бишрэн, голдуу төвөөс зайдуу замаар ингэж аялах үнэхээр зугаатай. Их төлөв хээр хонож, оддыг ширтэн бодол мөрөөдөлд автаж байгаад нам унтахын сайхныг хэлэх үү.

Угаасаа, ачаа тээврийн жолооч хүн тээвэрлэх, улмаар ачаан дээрээ суулгах, түүнчлэн хүн ачаад чиргүүл чирэх бүгд хориотой. Гол төлөв боошигтэй цөцгийн тос ачаад ,хориод хүн дээр нь суулгаж, нэмэрт нь чиргүүл хөтлөсөн жолооч нар төв замаас хол, хяналт шалтгалтгүй хулгайн замаар аялах. Энэ нь аяллыг бүүр ч зугаатай болгоно.

Лүнгийн гүүрэн дээрээс өөрийн эрхгүй төв замд нийлж, автотехникийнг азрын айхавтар шалгалт таардаг.Бидний дээгүүр бэрзээнт нөмрүүлэн хучиж, амьсгалах нүх гаргаад татлагаар даруулна. Гол төлөв үүрээр, цагдааг нь нойрмог байхад түүгээр өнгөрнө. Машиныг тойрон шалгаж, хүн ярилцаад, зарим нь ачаа өөд авиран товчхон үзлэг хийж байгаа нь мэдэгдэнэ. Бид ч амьсгаа даран, хил даван контрбанд хийж байгаа этгээд шиг түгшин хүлээнэ. Яг л тагнуултай кинонд манай талын тагнуул бухал дотор нуугдаад, Гитлерийн цэргүүд өвс руу жадаар чичин шалгахад, гол баатар ёолох ч үгүй тэвчээд гардаг л эпизод л гэсэн үг.

Биднийг ч яахав, торгож бариад л өнгөрөх биз. Харин жолоочийг бол хулгайн тээвэр хийсэн, дүрэм зөрчсөн хэрэгт татаж, аягүй бол эрхийг нь хасч мэднэ. Тэгвэл хөөрхий ажилгүй болж, амьдралаараа хохирно. Иймээс бид “Тэр холоос энэ хүртэл машиндаа суулгасан ачит хүнд гай болохгүй юмсан” гэх сэтгэлээр л шүд зуун, жадны үзүүр чичсэн ч дуу алдахгүйгээр хатуужин, хярсаар...

Ингэж явсаар, үүр цүүрээр Эмээлтэд ирээд биднийг буулгана даа. “Хорин хоёрын товчоо”-ны шалгалтыг бид давна гэж байхгүй болоод тэр. Тэгээд машинаар бус, төмөр замаар яваа зорчигчийн дүрээр Улаанбаатарт бууж байгаа хэрэг. Тэгээд жолоочийнхоо гадаа очиж, ачаа бараагаа хүлээн авангаа, талархал болгож 100 төгрөг үлдээнэ. Тэр үед Улаанбаатар-Завханы онгоцны тийз 250 төгрөг байсан юм.

...Он жил улирсаар, Цэрэн ах, Чулуунхүү ах, Чулуунхүү ахын ээж бүгд бурхан болжээ. Отгоноос том сум, Отгоныхноос олон хүн, Отгоныхоос том наадам олныг үзсэн ч Буянт голын хөвөө, сэргэлэн дэнж дээрх анхны наадам, анхны сэтгэгдэл, бяцхан намайг томоо хамаатнаа хэмээн хүндэтгэн хүлээж авсан тэр айлыг яахин мартах билээ.

Отгон сум бол миний эр хүн болоод бие дааж аялсан холын зам, ганцаараа айлчилсан анхны хамаатан, анхны сум суурин, анхны супер маркет, анхны хүүхдийн болоод том хүний хувийн тэрэг, анхны наадам, хүний нийгмийн тухай анхны сэтгэгдэл байлаа. Миний амьдралын их замын анхны нэгэн гараа ч байлаа.

Тав.Төрөл сум.

Төрөлхи сум маань Шилүүстэй. Хэрвээ та санаж байгаа бол “Өдрийн сонин”-д “Эх орон сумаас эхэлнэ” гэж нүүр байдаг. Тэр цувралыг анх эхлүүлж, “Миний Шилүүстэй” гэсэн нийтлэлийг хориод жилийн тэртээ бичиж байв.

Харин хаяа нийлсэн Отгон сумыг “миний төрөл сум” гэж ойлгож болно. Хуучин Завханы Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут нийлээд Сайнноён Хан аймгийн Хушууч бээсийн хошуу (тэр байтугаа Алдархааны нутаг, Улиастай өөрөө ороод) гэж байжээ. Ардын засгийн үеийн засаг захиргааны шинэчлэлээр хэд хэдэн сум болсон байдаг. Ийм болохоор хамаатан садангууд маань төрөлхи сумандаа байдгаасаа дутахгүй олноороо хажуу сумандаа байдаг хэрэг.

Отгоны хүүхдүүдийн заримыг би багаас нь таньдаг, үе тэнгийнхэнтэйгээ 10 жилийн сургуулийн ахлах ангид хамт сурч, дотуур байранд цугтаа амьдарч байлаа. Хаяа нийлдэг нутгийн малчид ч намайг андахгүй. Нэгэнтээ, өглөө эрт, Отгоны төв орох гээд Хужиртын гол уруудан галигуулж явтал улаан дээлтэй хүн зам тосон гүйж байв. Намайг анзаарахгүй өнгөрчихнө гэж бодсон бололтой даллажхарагдана. Бие биенээ таних зайнд ирсэн хойноо тэр хүний алхаа сааран нэг л сонин болоод, зогсчихлоо. Нэгэнт л даллаад байсан болохоор нь яваад очив. Зүс харсан тэр хүн гараа урамгүй савчснаа,

-Чамайг гэж мэдсэнгүй, дэмий баахан аахилаад гүйчлээ. Уул нь мал сураглах гэж байсан юм. Чи ямар замынхаа хажуудахыг харах биш гэж байна.

Үнэн л дээ. Хээр хөдөө явахдаа байгалийн сайхан, хангай дэлхийн үзэмжинд бишрэн умбаад, бодол мөрөөдөлдөө автчихсан, бараг л самади-д орчихсон, заримдаа морь минь нь л замаа мэдээд явж байх. Хүмүүс “Замд чинь ийм тийм зүсмийн адуу, мал тааралдав уу” гэж асуухад хариулт байдаггүй. Нээрээ ч нэг адуу замын хажууд явж ч байсан шиг, үгүй ч шиг бодогдоод байх. Малд нүдгүй гэдгээрээ, төрөлхи сумандаа байтугаа бүс нутагтаа алдартай нэгэн байсан шиг байгаа юм, би гэдэг амьтан.

1996 онд би Отгонд нэлээн удаан “ажилласан” юм. Миний бие УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшиж билээ. Өрсөлдөгч маань тэр үеийн УИХ-ын дарга, хожмын ерөнхийлөгч Н.Багабанди гуай. Би 45 орчим хувийн саналтай үлдэж, харин Багабанди гуай 50 гаруй хувийн саналтай ялж билээ. Харин Отгон суманд би УИХ-ын даргыг цэвэр ялчихсан байж уу?. Тиймээ, Отгоны Зүүн хангайд садангууд маань байдаг юм, байж ч байгаа буйзаа.

 

2019.06.24

Монголын шилдэг нийтлэлчдийн клуб 

Эх сурвалж: http://www.baabar.mn/author/tsenddoo

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.