Хуулийн байгууллагаас зугтаж, харь оронд нуугдаж байгаа эрхмүүд хэзээ ирж шалгуулах вэ
Нийтлэл
/
2020-02-27

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа авилга албан тушаалтай холбоотой хэргүүдээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбогдох хэрэг, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очирт холбогдох хэрэг, Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт холбогдох хэрэг, НӨХГ-ын орлогч дарга Д.Ариунбаатарт холбогдох хэрэг, “Хейлан Жиан” ХХК-ийн захирал Лю Хунг Ниэнд холбогдох хэрэг зэрэг олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Ч.Сайханбилэг АНУ-д хуулийн фирм хөлслөж, Монгол Улсын хууль хяналтын байгууллагыг буруутгав

Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа 2016 он зургаадугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, УИХ-д танилцуулалгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бус давуу байдал олгож худалдах шийдвэр гаргасны улмаас улсад 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

Мөн Оюу толгой, Дубайн гэрээтэй холбогдох асуудлаар яллагдагчаар татан шалгаж байна. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Ч.Сайханбилэгт хэргийн оролцогч нартай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч мөрдөгч, прокурор нарт мэдэгдэлгүйгээр 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр “УБ-Сөүл” чиглэлийн онгоцоор хилээр гарсан.

Нийслэлийн прокурорын газраас 2019 оны аравдугаар сарын 25, 2019 арваннэгдүгээр сарын 15, 2019 арванхоёрдугаар сарын 09-ний өдөр тус тус мэдэгдэх хуудсыг хуульд зааснаар гэр бүлийн хүмүүст нь өгсөн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд ирээгүй. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ЦЕГ-аас Интерполын үндэсний төв товчоонд “Хөх булант” зар нийтлүүлэхээр хандсаны дагуу Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр АНУ руу нэвтэрснийг тогтоож хариу өгсөн.

Тиймээс гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах эрх зүйн үндэслэл нь цагдан хорих шүүхийн шийдвэртэй байхыг шаарддаг.

Тиймээс НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Интерполын үндэсний төвд хүргүүлсэн. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг нь АНУ-д хуулийн фирм хөлслөн түүгээр дамжуулж Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байна гэх ор үндэсгүй мэдээлэл өгч гомдол гаргасан байна. Үүнээс шалтгаалж “Улаан булант” зар мэдээ нийтлэгдэхгүй байна. Тиймээс тус байгууллагад албан захидал илгээх болно. Авлигын эсрэг хуульд зааснаар аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж мэдэгдсэн юм.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ИНТЕРПОЛЫН “ХӨХ БУЛАНТ” ЗАР МЭДЭЭ БАЙРШУУЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЖЭЭ

Харин Ц.Элбэгдоржийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компани болох “Ти Ди Би Капитал” ХХК болон тэдгээрийн хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д давуу байдал олгосон үйлдэлд НПГ-ын хяналтын прокурорын тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.

Мөн оффшортой холбоотой болон улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг доройтолд оруулсан гэх үйлдэлтэй хэргүүдэд давхар шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн боловч 2019 оны аравдугаар сарын 7-ны өдөр хилээр гарсан бүртгэлтэй тул 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төвд товчооны ажлын албанд гэмт хэрэг мөрдөхтэй холбоотойгоор тодорхой хүний талаар мэдээлэл авах, биеийн байцаалт тогтоолгох, байгаа газрыг тогтоолгох “Хөх булант” зар мэдээ байршуулах хүсэлт хүргүүлжээ.

Н.Алтанцэцэг 

Эх сурвалж: medee.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.168.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.