Эрүүл мэндийн бизнесээс коронавирус хүртэлх УЛСТӨРЖИЛТ
Нийтлэл
/
2020-03-14

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа гэх нөхөр өмнөд хөршид коронавирус дэлгэрсэн даруйд голомт нутаг болох Ухань хотод ажиллах саналыг Улсын онцгой комисст тавьж байв. Гэвч тэд хүлээн зөвшөөрөөгүй учраас баахан л улстөржлөө. Өвчний голомт нутагт ажиллуулсангүй, бараг л эрх баригчид намайг хэргээр явуулсангүй гэх маягийн зүйл ч ярив уу, яав. Бүрэн улсаас томилсон Онцгой комисс нэгийг бодож, хоёрыг тунгаасан байж таарна. Түүнээс өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн дурын нэг поп нөхрийг голомт нутагт илгээгээд байвал юу болох билээ.

Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэрт хөл тавьсан франц иргэнээс аюулт өвчин илэрч, улмаар Дорноговь аймагт тусгаарлаад байсан билээ. Энэ үеэр мөн Ж.Амарсанаа Дорноговь аймагт очиж ажиллана хэмээн энд тэнд санал тавьж баахан дөвчигнөв. Гагцхүү энэ бүхнээ өргөн суваг бүхий мэдээлэл, цахим, сонин гээд явуулаагүй газар үгүй. Жишээ нь, Дорноговь аймагт очиж ажиллахад Улсын онцгой комисс энэ тэр гээд хашхичаад байх ямар ч шаардлага алга. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан, өдгөө Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа хүний хувьд энэ тэндээс зөвшөөрөл эрж сурж, түүнийгээ бүхий л мэдээллийн сувгаар цацаад байх ямар ч шаардлага байхгүй санагдана.

Халдвар авсан франц иргэнийг өдгөө Халдварт өвчин судлалын үндэсний төвд авчран хэвтүүлээд байгаа ч биеийн байдал сайнгүй байгаа аж. Уг нь ийм цагт Ж.Амарсанаа намайг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллуулаад аль, тэр францыг би эдгээнэ гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж баймаар юм. Гэтэл таг шүү. Тэгэхээр энэ бүхний ар талд зүгээр л нэг улстөржилт, “Үндэсний баатар” болох гэсэн санаархал цухалзаж байгааг харж болно. Дэлхий нийтийг заналхийлж байгаа аюулт өвчнийг улстөржүүлэхгүй байж болоогүй юм байх даа гэх хүмүүс олон бий. Ж.Амарсанаа бүү хэл МАН, АН-ын поп одууд ч амаа хамхиж байхад хэрээс хэтэрсэн зүйл гэвэл энэ болж байна. Ерөөсөө Ж.Амарсанаа гэх нөхөр аливаа зүйлийг улстөржүүлж, түүнээсээ мөнгө босгох аргад нарийн суралцсан гэлтэй. Энэ мэт баримт жишээ олон байдаг учраас энд хөндөж байгаа хэрэг.

Аливаа ард түмний мөнхийн шалтгаан нь эрүүл мэнд байдаг. Ийм л мөнхийн шалтгаан дээр дөрөөлөн бизнес хийдэг цөөн нөхдийн нэг нь Ж.Амарсанаа гэх хардлагыг хаа хаанаа ярьж байдаг. Тэр ч бүү хэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт ч дэлгэж байсан удаатай. Нэг их олон гаднын нэртэй сургууль төгссөн гэх шошго наасан энэ нөхөр гаднын төсөл оруулан ирж, таньж мэдэхгүй эм тариаг монголчуудад туршсан гэх маргаан шүүх хяналтын байгууллагаар яваад чимээ намдаасныг ч монголчууд мэднэ.

Чухам ямар нөлөөгөөр Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж байсан гэдгийг мэдэх юм алга. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол Анагаахын захирал асан Г.Батбаатар, МАН-ын нөлөө бүхий гишүүний гэр бүлийн хүнтэй хамтран ажилладаг төдийгүй хамтран төсөл хэрэгжүүлсэн гэх эх сурвалжийн мэдээллээс харвал МАНАН бүлэглэлийн дэмжлэгээр Дэд сайдын суудалд заларсан байх өндөр магадлалтай гэдгийг ч мэдээллийн хэрэгслүүд дурдаж байв.

Нэгэнтээ Ж.Амарсанаа өөрийнхөө бизнесээс болж салбарынхаа сайдаар ажиллаж асан Н.Удвалтай хүртэл муудалцаж байсныг санаж байгаа байх. Үүнээс хойш Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон сайдын бодлогыг сөрж, улс төрийн тоглолт хийсэн тохиолдол олон бий. Өөрийнхөө бизнесийн төлөө хүн ардынхаа эрүүл мэндэд заналхийлээд явж байгаа энэ нөхөрт яагаад арга хэмжээ авахгүй байна гэх асуултын хариуг ард түмэн нэхэж ч байсан.

Уг нь бол бодлого тодорхойлох ямар ч албан тушаал түүнд үгүй. Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн зөвлөх болохоос тэр салбарын сайд биш, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга ч биш. Гэтэл тэр бодлого сөрөн явдаг нь өөрийнх нь бизнестэй шууд холбоотой аж. Тухайлбал, түүний үүсгэн байгуулсан “Хаппи веритас” лаборатори нь Эрүүл мэндийн сайдын А/96 тоот тушаалын олон зүйл заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулдаг. Салбар яамнаас, сайдын зүгээс явуулж байгаа бодлого, шийдвэрийг зөрчиж байна гэдэг ард түмнийхээ эрүүл мэндэд заналхийлж байна гэсэн үг. Яагаад гэвэл Монгол Улсын энэ яаманд бүхэл бүтэн бодлого тодорхойлогч эрдэмтэн мэргэдийн баг ажиллаж, тухайн шийдвэрүүдийг гарган хүн ардынхаа эрүүл мэндэд анхаардаг гэдгийг мэдэх байх.

Түүний “Хаппи веритас” нь дээр дурдсан Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Хөтөлбөрийн В, С вирусын илрүүлэг, лабораторийн оношилгоо хийх заавар”-т тодорхойлсон лабораторийн шинжилгээ хийх дэслэлийг зөрчиж үйл ажиллагаа явуулсныг албаны хүмүүс дуулгасан. Ингэхдээ хэд хэдэн зүйл заалтыг зөрчөөд зогсохгүй Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг даатгуулагчид хөнгөлөх хэмжээгээр 120.000 төгрөг тооцож, элэгний вирусын идэвхжилгүй гарсан 1882, мөн эмчилгээнд хамрагдаагүй 4442, нийт 6324 хүний тусламж үйлчилгээний зардал хэмээн нийт 758.880.000 төгрөгийг тус сангаас авсан нь Эрүүл мэндийн даатгалын санг хохироосон байж болзошгүй хэмээн шалгаж байв. Энэ асуудал чухам юу болсныг мэдэх юм алга. Бараг нэг тэрбум шахам төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан процесс өөрөө бас эргэлзээтэй. Үүнийг бид ч дурдаад, хэн нэгийг харлуулах гээд байгаа юм биш. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрөө дэлгэж тавьсан юм.

Уншигч та санаж байгаа байх. Нэгэнтээ Ж.Амарсанаа сүрьеэ өвчний халдвар, тархалтад анхаарал хандуулахгүй байна гэх шалтгаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулж байв. Тэгвэл Д.Сарангэрэл сайд үйл явдлын мөрөөр мэдэгдэл хийж, шаардлагын хариуг өгсөн. Ингэхдээ Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн мөнгө завшсан байж болзошгүй дээрх үйлдлийг дэлгээд “...Ж.Амарсанаа таны сүрьеэ өвчний талаар ярьж буйг огтхон ч буруутгаагүй. Харин бага цалингаар энэ ажлыг хийж байгаа эмч нарын ажлыг үгүйсгэж байгааг эрс эсэргүүцэж байна, эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улс төр хийхээ зогсоо” хэмээн шаардсан юм.

Гэтэл Ж.Амарсанаагийн энэ жагсаалын цаана улс төрийн гэхээсээ илүүтэй амин хувийн томоохон эрх ашиг нуугдаж байсан нь Д.Сарангэрэл сайдын мэдэгдлээр тодорхой болсон. Түүнийг гаднын их сургуулийн төсөл оруулж ирсэн гэх. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 10 гаруй сургуулийн 10.000 шахам хүүхдэд Д витамин нэрийн дор туршилт хийсэн тухай эцэг эхчүүдийн гомдол санал бий. Ийнхүү Ж.Амарсанаагийн эмийг уусан хүүхдүүдийн биед нь сульдаа үүсэж турсан учраас эцэг эхчүүд гомдол гаргажээ. Харин шүүх прокуророос хянан үзээд эргээд эцэг эхчүүд буруудахдаа тулчихсан суугаагийн цаана чухам ямар хүчин зүйл байсныг мэдэх юм алга. Ямартай ч Хүний эрхийн үндэсний комисс анхаарал хандуулж, уг төслийг цааш явуулж болохгүй хэмээн зогсоосон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид Хүний эрхийн үндэсний комисст хандан “Манай төсөл дараагийнхаа санхүүжилтыг авах гэсэн юм, цааш нь явуулж өгөөч” гэх маягийн хүсэлт илгээсэн тухай ч баримт байдаг.

Үүнээс харахад нэр алдар, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нөхөр гэдэг нь тодорхой харагдана. Тэгэхээр коронавирусээр далимдуулан нэр нүүрээ өсгөх тактик явуулж байгаагийн хоёрхон жишээ бол дээр дурдсан явдал юм. Бид ядахад дэлхийд заналхийлж байгаа өвчнийг өөрийнхөө нэр нүүрийн төлөө ашигламааргүй байгаа юм.

 

 

Эх сурвалж: С.Ууганбаяр | Zindaa.mn
 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.