Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын "холбооны гурав"-ыг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Тогтуун тайван араншин, хүлээцтэй байдлаараа хоорондоо тун чиг адилхан холбоочин офицеруудын өрөөгөөр нь ажил эхлэхтэй зэрэгцээд орлоо. Нэлээд олон техник дэлгэчихсэн сууж байна. Энэ нь даргын зөвлөлийн өрөө болон Оперативын шуурхай удирдлагын төвд суурилуулах хурлын төхөөрөмж гэнэ. Тэгээд ч Хуурай замын цэргийн командлал орон нутагт шилжин байрласнаас хойш холбоочдын үүрэг хариуцлага тун их нэмэгдсэн нь тодорхой байв. Техник хэрэгсэл суурилуулах, холбох, дамжуулах, засварлах ажил хаана байна, тэнд л холбооны гурав маань гүйж явна. Энэ тухай холбооны дарга, хурандаа Ч.Оточсүрэн “Холбоочин, тэр дундаа цэргийн холбоочин гэдэг хамгийн сайхан мэргэжил. Зэвсэгт хүчний бүх төрөл мэргэжилтэй холбогддог, зангилаа нь болж байдаг учраас мэргэжлээрээ үргэлж бахархаж, хийж гүйцэтгэсэн ажил, үүргээсээ урам зориг авдаг. Манай мэргэжилтнүүд ч ялгаагүй” хэмээн мэргэжлээрээ бахархан яриагаа эхлүүлэв.
Хурандаа Ч.Оточсүрэнгийн хэлснээр Хуурай замын цэргийн командлалын энэхүү том барилгыг холбоожуулах ажил хоёр үе шаттайгаар явагдаж байгаа ажээ. Холбоочид өдөр тутмынхаа үйл ажиллагаанаас гадна харьяа нэгтгэл, ангиудынхаа холбооны системийн бэлэн байдал, тэдгээрт гарсан гэмтлийг шуурхай засварлуулах, зөвлөгөө өгөх, гарын авлага, материал, техник хэрэгслээр хангах, мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах, шаардлагатай тохиолдолд дээд байгууллага буюу ЗХЖШ-ын Удирдлага холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтэст хандах зэрэг ажлыг шат дараатай хийж гүйцэтгэдэг байна. Ч.Оточсүрэн хурандаагаас баримталдаг зарчмыг нь сонирхоход “Бидний залгамж халаа бол залуу үе юм. Би ч гэсэн залуудаа чадалтай эрдэмтэн багш, холбоочдынхоо зааж сургасан эрдмээр энэхүү мэргэжилд дурласан хүн. Тэр утгаараа залуу үеийнхэндээ өөрийн мэддэг бүхнээ заагаад өгчих юм сан гэж зорьж явдаг.
Хээрийн сургуулиуд болоод нэгтгэл, ангиудаар шалгалтаар явахдаа ч холбооныхоо офицер, ахлагч нарт зөвлөгөө өгч, мэргэжилдээ эзэн нь болж манлайлж явах урмын үгийг харамгүй хэлдэг” гэлээ. Ажил, мэргэжлээрээ бахархаж явдаг хурандаа маань Зэвсэгт хүчинд 23 жил алба хааж байгаа аж. БХИС-ийг 2001 онд Холбооны команд тактикийн офицер болон радио холбооны инженер мэргэжлээр төгсөж Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид ээлжийн дарга, техникчээр ажлын гараагаа эхлүүлсэн байна. Үүний дараа 2005-2007 онд Зэвсэгт хүчний 015 дугаар ангид Холбоо дохиоллын албаны дарга, 2007-2011 Зэвсэгт хүчний 256 дугаар ангид Холбооны даргаар ажиллаад 2011-2013 онд Батлан хамгаалахын, удирдлагын академид суралцаж төгссөн байна.
Тэрээр 2013-2018 онд ЗХЖШ-ын Удирдлага холбооны хэлтэст мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, албаны дарга болтлоо дэвшсэн бол өмнө нь ажлын гараагаа эхэлж байсан Зэвсэгт хүчний 189 дүгээр ангидаа 2018 онд Засварын төвийн даргаар томилогдон ажиллаж байгаад тэр жилдээ Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд холбооны даргаар томилогдсон нь энэ ажээ. Тэр эхнэр, дөрвөн охины хамт амьдардаг. Түүний гэргий Б.Очирсүрэн Цэргийн төв эмнэлгийн лабораторид их эмчээр ажилладаг байна.
“Таны тайван дөлгөөн байдгийн цаад шалтгаан охидтой чинь холбоотой юу” хэмээхэд инээснээ “Магадгүй. Ер нь бол аливаа асуудлыг тайвнаар чанартай хийж гүйцэтгэхийг урьтал болгодог” гэв. Тэрээр Хуурай замын цэргийн командлал, түүний нэгтгэл, ангиудад холбооны чиглэлээр хийж хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөж буйгаа ярилцлагынхаа төгсгөлд дуулгаад манай командлалынхан гар нийлэмжтэй сайхан хамт олон доо хэмээн журмын нөхдөө магтлаа.
Хурандаагийн цэргүүдийг хошууч Д.Мөнхбаатар, хошууч Г.Мөнхтүвшин гэдэг. Хошууч Д.Мөнхбаатарын хувьд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, холбогдох албан тушаалтнуудад дамжуулах үүрэг гүйцэтгэдэг юм. Түүний гүйцэтгэдэг үүрэг, эрхэлдэг албан тушаалыг үүнээс цааш дэлгэрэнгүй бичих шаардлагагүй. Тэрээр ахлагчийн эгнээнээс офицерын эгнээнд шилжсэн нэгэн. БХИС-ийн Ахлагчийн сургуульд 1996-1997 онд суралцаж төгсөөд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд ахлагчаар 11 жил ажиллажээ. 2002-2006 онд БХИС-ийн Удирдлага, технологийн сургуулийг эрх зүйчээр мэргэжлээр суралцсанаас хойш гурван жилийн дараа офицерын эгнээнд шилжсэн байна. Мэдээж түүний туршлага арвин. Зэвсэгт хүчний 124 дүгээр анги, ЗХЖШ, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 065 дугаар ангид шат дараатай ажил албыг хариуцаж байгаад 2017 оноос Хуурай замын цэргийн командлалд томилогдсон байна. Түүний эрхэмлэдэг зан чанар нь “Ажил албандаа чин сэтгэлээсээ хандаж, итгэлийг зүтгэлээр хариулах" гэнэ. Түүний хань мөн адил мөрдэс зүүсэн цэргийн бүсгүй бөгөөд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид алба хаадаг, ахлагч Х.Мөнгөнчимэг аж. Тэд хоёр охин, нэг хүүтэй. Том охин нь ҮБХИС-д суралцдаг бол удаах хоёр нь дунд сургуулийн сурагчид. Түүнтэй ийнхүү хөөрөлдөөд суух зуур гаднаас “Бичиг явуулсан, ангиуд руу илгээнэ үү” гээд хэд хэдэн офицер, ахлагч нар ээлж дараалан орж ирэх нь хэр завгүй ажилладгийг нь нотлон харуулж байв.Тийм нэг аядуу зөөлөн мөртлөө ажилсаг хүн байдаг даа. Тэр яг л тийм хүн ажээ.
Дараагийн онцлох эрхэм бол мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Г.Мөнхтүвшин. Хаана олон улсын сургууль, хамтарсан сургууль, сургалт дадлага болно, тэнд л Мөөгий хошууч гүйж л явдаг нэгэн. “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль, “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан, “Сэлэнгэ” тактикийн хээрийн сургуулиас эхлээд олон ч ажил, арга хэмжээний холбоо, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан зогсож байдаг залуу. Түүнийг командлалынхан “Завгүй Мөөгий” гэнэ. Учир нь тоног төхөөрөмж залгах, салгах, эвдрэл, гэмтлийг засварлах, сүлжээ холбох, командлалын нэгтгэл, ангиудын мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг холбоо, мэдээллийн нарийн чимхлүүр ажил өдөр тутамд их гардаг учраас тэрээр завгүй өнждөг нь хэнд ч нүднээ илхэн. Тэрээр 2007 онд БХИС-ийг Ерөнхий цэрэг командын мэргэжлээр төгсөөд Зэвсэгт хүчний 013, 189 дүгээр ангид алба хааж, 2019 оны 10 дугаар сард тус командлалд томилогджээ.
Ийнхүү командлал, түүний нэгтгэл, ангиудын холбооны ард хэзээд бат зогсох офицеруудын тухай төсөрхөн өгүүлэхэд ийм буюу.
Ахлах дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин